Улаанбаатар Дарханы чиглэлийн 204 км авто замын барилгын ажил ирэх сарын 25-наас эхэлнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчлэх тус замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Гэхдээ эхний удаад хоёр эгнээ замыг ашиглалтад оруулах бөгөөд дараагийн хоёр эгнээг Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барих юм. Тус замын талаар Зам тээвэр, хөгжлийн яамны АЗБХГ-ын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэтэй ярилцлаа.
-Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг эхний ээлжид хоёр эгнээ замыг ашиглалтад оруулна гэж байна. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 25-нд хоёр эгнээ зам ашиглалтад орно гэсэн үг үү?
-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар Дархан чиглэлийн замыг шинэчлэх юм. 83.4 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэ төслийн тендерийг зарласан байгаа. Олон улсын Азийн хөгжлийн банкны журмаар тендер явагдана.
-Тендерээ хэзээ зарласан бэ. Дөрөвдүгээр сарын 25-наас барилгын ажил эхэлнэ гэж байсан. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхэлж чадах уу?
-Өнгөрсөн долоо хоногт тендерээ зарласан. Гүйцэтгэгч байгууллага шалгарвал ажлаа шуурхай эхэлнэ. Ингээд аравдугаар сарын 25-нд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа. Гэхдээ ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ хугацаандаа замаа нээнэ. Өмнөх жилүүдэд маш их гомдол гарч байсан. Өөрөөр хэлбэл, тендерт ялагдсан компаниуд нь гомдол гаргаад байдаг. Ийм асуудал гарахгүй бол төлөвлөгөөнийхөө дагуу явна. Гэхдээ гомдол гарахгүй гэсэн баталгаа байхгүй.
-Дөрвөн эгнээ замаа нэг дор ашиглалтад өгөх байх гэсэн хүлээлт байсан. Яагаад эхлээд хоёр эгнээг нь ашиглалтад оруулж байгаа талаар тайлбар өгөөч. Дөрвөн эгнээ зам хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
-2020 онд бүрэн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Хүмүүс “одоо байгаа замаа ашиглаж байгаад хажуу талаар нь шинэ зам бариад дараа нь үүнийгээ шинэчилж болдоггүй юм уу” гээд байгаа. Гэхдээ бид энэ зээлийг авахын тулд Азийн хөгжлийн банктай маш их уулзалт, хэлцэл хийсэн. Уг нь Сэлэнгэ аймаг хүртэл 330-аад км замыг хэсэгчлэн шинэчлэнэ гээд зургаа гаргаад, эхлээд явж байсан. Ингээд Дарханы замаа шинэчлэхгүй бол болохгүй гээд дахиад л буцаж Азийн хөгжлийн банктай уулзаж, зураг төслөө өөрчилж явсаар байгаад гурван жилийн ажил болсон. Манай талаас хуучин замынхаа хажууд шинэ зам барих санал тавьсан. Гэтэл Азийн хөгжлийн банкнаас гэрээний хэлцэл хийхдээ “Засвар арчлалтын техникийн туслалцаа гэдэг төсөл танайх дээр хэрэгжүүлж байгаа. Энэ зам чинь муу учраас манайх шинэ замын хөрөнгө оруулалтын мөнгийг зээлнэ гэсэн. Хэрвээ танайх хуучин замаа үлдээгээд хажуугаар нь шинэ зам барина гэвэл бид зээлээ буцаана. Хөрөнгө оруулахгүй” гэсэн. Тиймээс бид энэ замыг хааж шинэ зам барих шийдвэр гаргасан гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Дахиад бидэнд хөнгөлөлтэй зээл олдох боломжгүй учраас олдсон боломжийг алдаж болохгүй. Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр үлдсэн хоёр эгнээ замыг барина.
-Яг хэд км зам барих вэ. Өөр өөр тоо яваад байгаа?
-204 км урттай зам барина. 205, 210 км гэж зам яриад байгаа учир нь зураг төсөлд өөрчлөлт ороод байгаа юм. Зарим эргэлт, тойрууг богиносгоно. Зарим өгсүүрийг ухаж авна гээд энэ байдлаасаа болоод 204, 205 гээд янз бүрийн тоо гараад байгаа юм.
-Налайхын зам нэг км нь дөрвөн тэрбум гэсэн. Харин энэ замын тухайд км замын өртөг хэд байна гэж тооцож байгаа вэ?
-Нэг км-ийн үнийг гаргахад дунджилж гаргах боломжгүй. Налайхын зам дугуйн зам, явган хүний зам гээд нэг км-ийн өртөг нь өндөр байгаа. Тахилтын даваа хоёр км гэж бодоход бид засаад 12 метр доошоо намсана. Өндөр даваанаас буух далан гаргана. Хоолой, ус зайлуулах байгууламжийг хийхээр хэдэн төгрөг гарахыг бид мэдэхгүй. Харин 61-ийн гарам ч гэдэг юм уу шулуун замуудад 70, 80 см далантай байвал энд 500,600 сая байхыг үгүйсгэх.
-Тендерээ өнгөрсөн долоон хоногт зарласан гэж байсан. Сонгон шалгаруулалтаа хийгээд төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхэлж чадах уу?
-Дөрөвдүгээр сарын 25-н гэхэд бид ажлаа эхэлнэ. Эхлээд карьераа гаргах ажлаа хийнэ. Мөн газар чөлөөлөлтийн ажил байна. Ингээд гүйцэтгэгч байгууллагаа шалгаруулбал үндсэн ажилдаа орно. Сонгон шалгаруулалт нээлттэй учраас Монголын компани ч орж болно, гаднын компани ч орж болно. Сонгон шалгаруулалт тавдугаар сар гэхэд дуусна.
-Түр зам бэлэн болж байгаа юу. Иргэд дөрөвдүгээр сарын 25-наас түр замаар яваад эхлэх үү?
-Эрдэнэт, Булганыхан Лүнгээр явснаар хөдөлгөөний эрчим 30 орчим хувиар буурна. Мөн 80 гаруй км-ийн татуу, 110 км шороогоор явна. Энэ замыг сайжруулна. Ганц хоёр гол бий. Түүн дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийнэ.