Манай улсад эх хүүхдийн эрүүл мэндийн нэг л төв ажилладаг. Тэгвэл ЭХЭМҮТ болон бусад эмнэлгийн ачааллыг бууруулах Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн төв өнөөдөр ашиглалтад орлоо. 2010 оноос хойш зогсонги байдалтай байсан энэхүү 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 оны тавдугаар сараас “Томо бюлдинг” ХХК хариуцаж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс хувьсгалын баяр наадмын өмнө ард түмэндээ бэлэг барьж, эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо. Энэ барилгын суурь 2010 онд тавигдаж, хөрөнгө мөнгө, санхүүгийн олон асуудлын улмаас барилга баригдаж чадаагүй. Харин хоёр жилийн өмнөөс Засгийн газар шийдвэр гаргаж, бусад байгууллагууд сэтгэл гарган ажилласны үндсэн дээр эх, хүүхдийн тусламж үзүүлэх барилгыг ашиглалтад оруулж байна. Ийнхүү Монголынхоо эх үрсэд, эмэгтэйчүүдэд зориулсан хүчин чадал сайтай эмнэлгийг барьж байгуулж, ашиглалтад орууллаа. Энэхүү эмнэлэгт төрх, хүүхэд, эмэгтэйчүүдийн өрөлжсөн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой юм. Үүнийг дагаад эмч, эмнэлгийн ажилчдын орон тоо нэмэгдэж, тоног төхөөрөмж ч сайжирна. Ямартай ч эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал тодорхой түвшинд шийдэгдлээ гэж бодож байна. Энэ нь эмнэлгийн салбарт бий болсон томоохон бүтээн байгуулалтын нэг юм” гэв.
Жилд 120 мянга гаруй эх, хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай
Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг нь 34 мянга ам метр талбай бүхий найман давхар, долоон блокоос бүрдсэн, 880 өрөөтэй, 700 гаруй эмч ажиллагсад, шаардлага гарсан тохиолдолд 1000-1500 ор дэлгэх хүчин чадалтай юм. Энэхүү эмнэлэгт төрөх, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламжийн чиглэлээр эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг хүргэх юм. Жилд 10 мянга гаруй эх төрж, 5000-6000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 120 мянга гаруй хүүхэд, эх, эмэгтэйчүүд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Эмнэлгийн дотоод орчны агаар сэлгэлтийг албадмал буюу олон шатны агаарын шүүлтүүр, агаар халаагч, агаар хөргөгч зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Нэг давхар нь яаралтай тусламжийн хэсэг, 2-6 давхар нь хэвтэн эмчлүүлэх тасагтай бөгөөд нэг тасагт 36-40 хүүхэд хэвтэн эмчлэх боломжтой. 300 орны 180 ор нь хүчилтөрөгчийн шугам хүрсэн учраас эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмчилгээг өрөөнд нь үзүүлж болох юм. Харин долдугаар давхарт есөн хагалгааны вакуум өрөөтэй. Түүнчлэн онлайнаар мэс засал удирдах боломж бүхий цахим тоног, төхөөрөмжөөр бүр тоноглогдсон аж. Эхийг төрүүлж, нялхсыг эмчилж, эмэгтэйчүүдэд тохиолддог нөхөн үржихүй, цэвэршилтийн асуудлыг цогцоор нь шийдэх эмнэлгийн эмч, ажиллах боловсон хүчний асуудлыг ЭХЭМҮТ-тэй хамтран шийдэж, мэргэжил дээшлүүлж, сэлгүүлэн ажиллах маягаар шийдэхээр болжээ.
Эмнэлгийг 39 тэрбум төгрөгөөр барьсан
УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Нийслэлд дахин гурван эмнэлэг ашиглалтад орно. Харин ахмадуудын эмнэлэг баригдаж байгаа ч одоо зогсонги байдалд орсон байна. Эхлүүлээд орхидог байдлыг арилгах үүднээс сүүлийн гурван сарын турш Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар шуурхайлан ажиллаж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Үүнийг хийхийн тулд улс, нийслэлийн төсвөөс 39 тэрбум төгрөг зарцуулсан” хэмээв.
17 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулна
Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хоёр жилийн өмнө эрүүл мэндийн сайдаар томилогдож байхад 20 царцсан эмнэлэг, 2-3 гадаадын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан. Харин одоо эрүүл мэндийн салбарт баригдалгүй орхисон эмнэлэг нэг ч байхгүй. Үүний нэг нь хоёр дахь эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв юм. Энэхүү эмнэлгээ хурдан ашиглалтад оруулах үүднээс Засгийн газар, Сангийн яамтай хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн 10 багц, 3580 ширхэг, нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил нийлүүлэхээр болсон. Түүнчлэн “Түлэнхийн төв”-ийг энэ онд багтаан ашиглалтад авна. Мөн “Зүрхний төв”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрхтэн шилжүүлэн суулгах төв” байгуулах, “ХСҮТ”-ийг өргөжүүлэх гэсэн томоохон ажлыг ирэх жилээс хийнэ” гэлээ.
Төрөх эмнэлэг найм, хүүхдийн эмнэлэг нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатараас эмнэлэг хэзээнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүлээж авч, ажиллаж эхлэх тухай тодруулахад “Хүүхэд, эмэгтэйчүүдийн хэсгийн тоног, төхөөрөмж захиалсан байгаа бөгөөд ойролцоогоор есөн сард ирнэ. Тэрхүү тоног, төхөөрөмж ирэх үед ариутгал, халдваргүйтэл хийнэ.Тиймээс 9-10 дугаар сард хүүхдийн тасгийн тоног төхөөрөмж ирнэ. Мөн хүүхдийн эмнэлгийн эмч, ажилчдын цалин хөлс 2021 оны төсөвт нэгдүгээр сарын 1-ээс суух учир ажилчдаа одооноос бэлтгээд явж байна. Тэгэхээр хүүхдийн эмнэлэг нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэсэн үг. Үүнээс өмнө наймдугаар сард Хүрээ амаржих газрыг нүүлгэн, төрөх эмэгтэйчүүдийг хүлээж авах төлөвлөгөөтэй байна” гэв.