Монголчууд бид утаатай тэмцсээр олон жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд гарц, шийдлийг хайсан ч өнөөдөр үр дүнгээ өгсөн бодитой зүйл алга. Гэхдээ өнөөдрийн асуудал дан ганц агаарын бохирдлоор хэмжигдэхгүй. Бидэнд агаарын бохирдлоос гадна цэвэр ус, хөрсний бохирдол, хог хаягдал, түлш шатахуун, хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гээд асуудлаа шийдэх зайлшгүй нөхцөл байдал бий болоод байгаа билээ. Эдгээр асуудлыг нэг дор шийдэх цогц шийдэл бүхий технологийн тоног төхөөрөмжийг Монголчууд бүтээж чаджээ. Тодруулбал, “Мегавүүд” компани Монголын төдийгүй дэлхийн анхаарах асуудал болоод байгаа хөрсний бохирдол үүсгэдэг ахуйн хог, бохирын лаг зэргээс АББАТ төхөөрөмжийн тусламжтайгаар цэвэр газ, шингэн кокс, замын хавтан гарган авч байна. Тун удахгүй нийслэлчүүдийн олон жил ярьж байгаа агаарын бохирдлын асуудлыг шийдэх эко буюу яндангүй, нарны халаалттай байшинг цогцоор нь үйлдвэрлэж эхэлнэ. “Мегавүүд” үйлдвэр нь хаалганы үйлдвэрлэлээ илүү өргөжүүлж, гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж яваа юм байна. Тус компани 1800 орчим монгол хүнийг ажлын байртай болгох модон эдлэлийн цогц үйлдвэр барих ажлаа хэдийнэ эхлүүлжээ. Үйлдвэртээ эко байшингийн бүхий л эд ангийг үйлдвэрлэж, монголчууддаа илүү хямд, илүү тохилог амины орон сууцтай болох боломжийг олгох юм байна. Ийнхүү эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болж яваа бидний мэдэх “Мегавүүд” хаалганы үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг IToim.mn агентлаг “Монгол хүний гараар бүтээв” булангийнхаа ээлжит дугаарт онцолж байна.
Мегавүүд компани нь 2005 оноос барилгын дотор хаалга үйлдвэрлэж байгаа юм байна. Уг үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 85 орчим мянган айлын үүд хаалгыг үйлдвэрлэн гаргажээ. “Мегавүүд” үйлдвэр нь ойн түймрийн голомт болсон унанги, хорхойд идэгдсэн мод зэргийг ашиглан МДФ, ОСП хавтан эх орондоо үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.
Манай сурвалжлах баг Налайх дүүрэг явах зам дагуу “Ургах наран” хорооллын цаах нь байрлах “Мегавүүд” үйлдвэрт ирлээ. Гадаа жихүүн, өвлийн зөөлөн салхи сэвэлзэнэ. Үйлдвэрийг гадна талаас нь харахад цэцгийн байгууламж мэт эгнэж байрласан бөмбөгөр дээвэртэй цагаан барилгууд нь үйлдвэр гэхэд нэг л өөр өнгө төрхтэй харагдав.
“Бид байшингийн бүхий л эд ангийг дотооддоо үйлдвэрлэдэг хямд хэрнээ маш тохилог амины орон сууцаар хангах боломжтой цогц үйлдвэр барьж байна. Үйлдвэрээ 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар дулаанаа холбож байна” хэмээсээр “Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат биднийг угтан авлаа.Тухайн үйлдвэрийн оффисын байрны хаалганаас эхлээд шат, хана нь содон хийц бүхий улаан хүрэн модоор урласан нь сонирхол татаж байв.

Бид оффисын байрнаас гарч шинээр баригдаж байгаа үйлдвэрийн барилгатай танилцлаа. Шинээр баригдаж буй цогц үйлдвэрийн барилгад түүхий эд мод хүлээж аван боловсруулах үйлдвэр, МДФ хавтангийн үйлдвэр, ОСП хавтангийн үйлдвэр, Цавууны үйлдвэр, Байшингийн үйлдвэр, Хаалганы үйлдвэр, Тавилганы үйлдвэр, Шалны үйлдвэр, Будаг лак өнгөлгөөний үйлдвэр зэрэг бүгдийг нэр дор үйлдвэрлэх маш том үйлдвэрийн барилгаар явав. Энэ үеэр үйлдвэрийн хамт олон үйлдвэрүүдийн дулааны холболтыг хийж байлаа. Дотор хэсэг нь цав цагаан цэлгэр байх нь дийлэнх үйлдвэрийн шийдлээс тэс өөр санагдсан юм.
Мөн одоо ажиллаж байгаа "хуучин" хаалганы үйлдвэрээр орж, япон улсад экспортлохоор зэхэж байгаа хаалгануудын загвартай танилцав. Монголчууд хийсэн хаалгаа японд экспортолж эхэлж байна гэж бодоход нэг л итгэл төрөхгүй гайхахаар байлаа. Гэвч энэ хамт олон Токио хотод болдог япон улсын хамгийн том үзэсгэлэнд "бор зүрхээрээ" маш амжилттай оролцож, авч очсон бүтээгдэхүүнээ үзэсгэлэнгийн үеэр бүгдийг нь борлуулж чаджээ. Улмаар Япон улсын модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны анхаарлыг ч ихэд татсан байна. Тус холбоо жил болгон зөвхөн үндэсний компаниудын дунд зохион байгуулагддаг үзэсгэлэнд анх удаа МОНГОЛ компани оролцуулах шийдвэр гаргаж урилга өгсөн нь энэ байж. Ингээд монгол компани холбооны үзэсгэлэнд амжилттай оролцож “Шилдэг шинэ санаа” шагнал эх орондоо авчирчээ. Японы нэгэн компани тус компанийн япон дахь төлөөлөгч болох хүсэлт тавьж улмаар Мегавүүдийн хувьцааг худалдан авсан аж.
Утаагүй, яндангүй, хамгийн хямд эко байшинг 3-4 хоногт угсарна
Үүний дараагаар бид үйлдвэрээс гарч, эко байшинтай танилцлаа. Тус байшин нь нийслэлчүүдийн шүдний өвчин болоод байгаа утааг арилгах ид шидтэй аж. Нийслэл дэх гэр хорооллын айл өрхүүд хашаа хороогоо өөрсдийн хүссэнээр тохижуулж, тав тухтай амьдрахыг илүүд үздэг. Гэвч тэдэнд яндангаасаа ангид байх боломж төдийлөн байдаггүй билээ. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд өөрсдийн хашаанд дуртай цэцэг, ногоогоо тарьж, хүссэнээрээ тохижуулаад яндангүй байшинд амьдрахыг боломжийг Мегавүүдийн байшин олгох юм байна. Тухайн байшин нь нар болон цахилгаанаар халдгаас гадна бохирын болон сантехникийн бүрэн шийдэлтэй. Дулаанд зарцуулах цахилгааны төлбөр сард 10-20 мянга болох тооцоо гарч байгаа юм байна. Байшингийн гадна талд цонхны хоёр талд нарны дулааны үүсгүүр байрлана. Нар доош бууж, оройн жавартай байхад эко байшин дотор дулаахан байв. Өвөл, зуны улиралд халуун дулаанаа өөрөө зохицуулах боломжтой аж. Тухайн байшингийн том өрөө нь гал тогоотойгоо цуг байх шийдэлтэй. Үүний дээр унтлагын өрөө, угаалгын өрөөтэй. Зурагтын тавиур, ширээ, гал тогоо, ор, шкаф гээд бүгдийг байшингийн үнэд багтах аж. Нийт 36 төрлийн том жижиг байшин үйлдвэрлэнэ. Утаа гаргахгүй 45 мкв тохилог амины орон сууцыг урьдчилсан байдлаар 30 сая төгрөгөөр худалдахаар төлөвлөж байгаа юм байна. Байшинг мэргэжлийн хүмүүс угсрахад 3-4 хоног, худалдан авагч өөрөө угсрах тохиолдолд 7-10 хоног шаардлагатайг Ц.Ариунбат захирал хэлж байсан юм. Энэхүү яндангүй, эко байшинг бүтээхэд шаардагдах бүх эд ангийг “Мегавүүд” үйлдвэр шинээр баригдаж буй модон эдлэлийн цогц үйлдвэртээ монгол залуусын гараар бүтээх юм байна.

Цэвэрлэх байгууламжийн лагийг эцсийн бүтээгдэхүүн болгох төхөөрөмж бүтээжээ
Хамгийн сүүлд нь бүх төрлийн шатамхай түүхий эдийг боловсруулах АББАТ төхөөрөмжтэй танилцлаа. Уг төхөөрөмж нь нүүрс, мод, цаас, уут, сав, хуванцар, резин, яс, хоолны үлдэгдэл, өтгөн ялгадас, бүх төрлийн даавуун болон арьс ширэн эд зүйлс гэх мэт зэргийг боловсруулж, шатдаг хий, шингэн кокс, эцсийн үлдэгдэл үнс шороо зэргээр нь авто замын хавтан гаргаж авах боломжтой. 500 айлын дулааныг бүрэн хангаж, ахуйн хог, гэр хорооллын бохирын асуудал болон гудамжны шороон замыг бүрэн шийднэ. Мөн нийслэлчүүдийн өөр нэг толгойн өвчин болсон Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохирын лагийг бүгдийг боловсруулж, газ гарган авах боломжтой төхөөрөмж юм байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид өтгөн ялгадас бохир, хог хаягдлаа ашиглаад эцсийн бүтээгдэхүүн болгож, ажилтай орлоготой, цэвэр цэмцгэр, ая тухтай амьдрах боломжтой гэсэн үг. Энэхүү ид шидтэй төхөөрөмж нь тус хамт олны найман жилийн хөдөлмөр аж. Тэд олон жилийн турш судалсан төхөөрөмжөө энэ жил бодит болгож, шинэ үйлдвэрийн дулаанаа хангах ажлаа эхлүүлсэн байна. Тус үйлдвэрийг дулаацуулах талбай нь 800 айлын дайтай том юм.


Ийнхүү бид эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн боломжоор хийж, бүтээж яваа монгол залуусын хөлс хүч, сэтгэл шингэсэн үйлдвэртэй танилцсан юм. Монголчууд бид өөрсдийн хийсэн бүтээл, бүтээгдэхүүнээ өөрсдөө дэмжээд явбал гаднын улсаас янз бүрийн зээл тусламж харахгүйгээр өөрсдөө агаарын бохирдлын асуудлаа шийдэж, эрүүл саруул орчинд монгол иргэн бүр ажил орлоготой сэтгэл тэнүүн амьдрах боломж ойрхон байна.