Open iToim app
Бүтээгч | 5 мин уншина

О.Тэргэл: Английн уламжлалт оёдлын аргаар тансаг зэрэглэлийн хослолыг дотооддоо үйлдвэрлэж байна

О.Тэргэл: Английн уламжлалт оёдлын аргаар тансаг зэрэглэлийн хослолыг дотооддоо үйлдвэрлэж байна
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 18
Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чанартай, тансаг зэрэглэлийн хослолыг Монголчууд бид дотооддоо үйлдвэрлэж эхэллээ. АЯА брэнд нь дэлхийд хийц, чанар, чансаагаараа өндрөөр үнэлэгддэг уламжлалт Англи, Италийн оёдлын арга технологийг ашиглан гар хийцийн бүтэн канвастай болон хагас канвастай хослол хийдэг юм. Тэд 2020 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд цар тахлын хүнд цаг үед зах зээлд өөрсдийн гэсэн тодорхой орон зайг бүрдүүлж чадсан чадварлаг хамт олон юм. Ингээд АЯА Энтерпрайсес ХХК-ийн Төслийн менежер О.Тэргэлтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Зах зээлд маш олон төрлийн хувцас үйлдвэрлэлийн төрлүүд байна. АЯА брэнд яагаад зөвхөн хослол үйлдвэрлэхийг зорьсон бэ?
-Манай компани 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үед ноолууран бүтээгдэхүүн гадны зах зээлд гаргадаг байсан. Харин хувцас үйлдвэрлэлийн туршилтууд өнгөрсөн жилийн тавдугаар сарыг хүртэл хийгдсэн. Англи аргачлалын хослол /костюм / хийхийн тулд маш олон туршилтуудыг хийж явсаар 2020 оны аравдугаар сараас үйлдвэр бэлэн болсон. Костюм хийх болсон шалтгаан бол бид ноолууран бүтээгдэхүүн гаргадаг байхад гадны ноолуурын компаниудаас бидэнд “Үнэ цэнэ бүтээсэн бүтээгдэхүүн гаргадаг уу” гэж асуусан. Тухайн үед бидэнд ноолууран хувцас хийж гаргах боломж байгаагүй. Харин хувцас загварын салбарт хамгийн их хүнд хийгддэг Английн уламжлалт аргаар хийсэн костюм хийх нь дэлхийн зах зээлд монгол ноолуураар өрсөлдөх хамгийн том боломж гэж харсан. Ерөнхийдөө бид олон улсад гарахын тулд энэхүү брэндийг үүсгэн байгуулсан. Яг одоогийн байдлаар дотоодын зах зээлд борлуулалтаа эхэлсэн. Урт хугацаандаа дотоодын тэйлор брэндүүд, костюм зарж байгаа дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх импортыг орлох, цаашлаад дэлхийн бусад улс орнуудад дэлгүүрээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлүүд маш их бий болж байна. Үүнийгээ дагаад өрсөлдөөн болон бүтээгдэхүүний чанар дээшилж байна. Танай брэндийн хувьд адилхан костюм үйлдвэрлэж байгаа компаниудаас юугаар онцлог вэ?
-Бид хийж буй зүйлийнхээ анхдагчид гэж хэлэхгүй ч аливаа зүйлийг хялбарчилдаггүй. Манай брэндийн гол онцлог бол бид Bespoke хослол хийхдээ наалт, цавуу ашигладаггүй харин адууны дэл, сүүл агуулсан хатуу материалыг ашиглаж хийдэг. Үүнийг ашиглаж хийхэд үйлдвэрлэлийн аргаар шууд машинаар оёх боломжгүй заавал гараар оёж хийдэг учир маш олон өдөр шаардагддаг. Энэхүү аргыг ашиглаж байгаа шалтгаан бол тухайн костюмын эдэлгээ даах чанарыг уртасгаж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл костюмыг нэг, хоёр жил өмсөөд хуучруулаад хаях бус харин 10, 20 жил өмсөх боломжийг өгөх юм.
undefined
-Костюмын материалыг хаанаас авдаг вэ?
-Материалын хувьд Англи, Италийн тансаг зэрэглэлийн материалуудыг ашиглаж хийж байна. Бидний ашиглаж буй Итали, Англи материалууд нь байгаль орчин болон амьтдад хор хөнөөл учруулахгүй, газрыг бэлчээрийн даацаас хамгаалах, “төгс” байгаль орчинд ээлтэй материалууд юм. Өөрөөр хэлбэл, бидний материал нийлүүлэгчид нь агаарын чанар болон бохир усны менежменттэй, органик агуулгатай, ISO 14001 хүрээлэн буй орчны менежменттэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний стандартыг мөрддөгөөрөө онцлог.
Түүнчлэн товч болон дотор материалаа Японоос авдаг. Бидний ашиглаж байгаа дотор материалын хувьд Япончууд нано технологи ашиглаж маш олон жилийн турш гаргаж авсан чанартай материал юм. Хүн костюм өмсөх үед хөлөрдөг асуудлыг сэргийлэхийн тулд үнэтэй дотор материалыг ашигладаг. Товчны хувьд байгалийн аргаар гаргаж авсан ямар ч амьтанд хор нөлөө учруулахгүй. Ерөнхийдөө олон улсад гарахын тулд бид материалын чанарт маш их анхаарч байгаа. Бид бүтээгдэхүүндээ 15-20 жилийн баталгааг өгч чадна. 
-АЯА брэнд хоёр төрлийн хослолыг үйлдвэрлэж байгаа гэсэн. Энэ хоёр юугаараа өөр вэ?
-АЯА-гийн хувьд хоёр төрлийн брэнд хослолыг гаргахаар зорьж байгаа. Тухайлбал, АЯА нэрийн брэнд, Виктр брэнд гэсэн хоёр төрлийн хослолыг үйлдвэрлэнэ. Яагаад хоёр брэнд гаргаж байгаа вэ гэвэл костюм бол хүн бүрийн хэрэглээ. Тэр утгаараа бид сайн чанарын костюмыг ямар ч хүн худалдан авах боломжийг олгож өгөх ёстой. Зөвхөн мөнгөтэй хүн чанартай юм өмсөх ёстой гэдэг ойлголтыг төрүүлэхийг хүсээгүй учраас хоёр төрлийн брэнд гаргасан. АЯА нэрийн брэндийн хувьд тухайн хүнд зөвхөн өөрт нь зориулж гар аргаар хийнэ. Харин Виктр брэндийн хувьд чанартай материал ашиглаж бэлэн болон хагас канвастай костюм гаргаж байгаа.
-Зах зээлд костюмын эрэлт хэр байна вэ. Чанар дагаад үнэ гэдэг ч өндөр үнийн дүн сонсоод худалдан авах сонирхол буурах хандлага ажиглагддаг шүү дээ?
-Костюм бол хүний өдөр тутамдаа өмсөх хувцасны нэг төрөл. Ялангуяа сүүлийн үед костюм өмсөх сонирхолтой хүн маш их болсон. Тэгэхээр өмсөж байгаа костюм нь сайн чанарын тухайн хүнийг илтгэхүйц байх хэрэгтэй. Сайн аргачлалаар хийсэн, өндөр чанарын хувцсыг худалдан авах нь тухайн хүнд хөрөнгө оруулалт болдог. Өөрөөр хэлбэл, хямд чанар муутай хувцсыг аваад хүн нэг жил л өмсдөг дараа нь дахиад хувцас худалдан авах шаардлагатай гардаг харин үнэтэй, чанартай хувцасыг хүн олон жил өмсөх боломжтой юм. Түүнчлэн ойр ойрхон чанар муутай хувцас аваад хаях нь таны санхүүгийн хувьд ч, байгаль орчинд ч асуудал үүсгэнэ.
-Цар тахлын нөлөөнөөс болж маш олон байгууллага үүдээ хааж байна. Танай компанийн хувьд цар тахал хэр нөлөөлсөн бэ?
-Бүтээгдэхүүний материалуудаа Англи, Герман, Япон зэрэг улсуудаас татан авдаг учраас бүтээгдэхүүний татан авалт маш их цаг хугацаа шаардагдаж байна. Манай брэнд дөнгөж гарч ирж байгаа шинэ брэнд учраас ажилчдаа сургах, үйлдвэрлэлээ тогтворжуулах зэрэг асуудлууд их гарсан. Тэгэхдээ цар тахлын үед ямар ч байсан ажилчдаа цалинтай, ажлын байртай нь үлдээж чадсан.
-АЯА брэндийн хувьд ганцхан костюм хийхээс гадна цаашдаа зангиа, халаасны алчуур, гутал зэрэг дагалдах хэрэгслүүдийг хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Хэзээнээс бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэж эхлэх вэ?
-Манай брэнд урд хугацаандаа костюмын дагалдах хэрэгсэл болон гутал үйлдвэрлэхийг зорьж байгаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн туршилтуудыг хийгээд явж байна. Яг одоогийн байдлаар бид костюм дээрээ төвлөрч ажиллаж байгаа.
undefined
-АЯА брэнд нийт хэдэн ажилчинтайгаар үйлдвэрлэл явуулж байгаа вэ?
-Манай нийт 12 хүнтэйгээр ажиллаж байгаа. Удахгүй гарах масс үйлдвэрлэл буюу бэлэн хувцас хийгдэх учраас нэмж найман оёдолчин авах төлөвлөгөөтэй байна. Манай ажилчдын тухайд маш өндөр ур чадвартай, костюмын зарим нэг зүйлсийг Монголд цорын ганц хийж чадах хүмүүс хэд хэд байгаа. Тэдгээр хүмүүсийн ур чадварыг дараагийн үед өвлүүлэхийн тулд залуучуудыг тусгайлан сонгож зааж, сурган ажиллаж байна. Тэгэхээр энэ нь зөвхөн бизнес гэхээс илүү энэ салбарыг аврах, цааш хөгжүүлж яваа ажил юм.
-АЯА брэндийн зорилго бол олон улсад гарах гэлээ. Яг юугаар онцгойрч олон улсад гарна гэж тооцоолж зорьж байгаа вэ?
-Бид ноолуурын компаниудтай хамтран ажиллаж хамгийн нимгэн ноолуур болон бусад бүтээгдэхүүнийг авч костюм хийхээр ажиллаж байгаа. Монголын цагаан алт бол ноолуур. Үүнийг ашиглаж костюм хийж олон улсад гарах нь хамгийн гол зорилго. Ингэхийн тулд эхний ээлжид бид дотоодын үйлдвэрлэлийг өөрсдөө хийдэг болох хэрэгтэй. Иргэд маань гадаадаас биш дотоодоос костюм худалдаж авдаг болох хэрэгтэй. Бид дараагийн зах зээлээ Сөүл гэж харж байгаа.
 
undefined
-Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье. 
Аяа брэндийн хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Эрхэт худалдааны төвийн (бөхийн өргөөний баруун урд) 1 давхарт, Аяа үйлдвэрийн байр. Google map хаяг: https://goo.gl/maps/DZfmRcRRB3ghDaqU6
Фэйсбүүк хаяг энд дарж орно уу. 
Инстаграм: @ayamongolia
Утас: +976-86876540
 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн