АНУ 2018 оны нэгдүгээр сард гаднаас түр хугацааны ажиллах хүч авах журамдаа өөрчлөлт оруулсан. Монгол Улсын иргэд АНУ-д Н-2 буюу улирлын чанартай, хөдөө аж ахуйн ажилчны виз мэдүүлэх боломжтой орны нэг болсон. АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас энэ төрлийн визний мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхлэх аж.
Элчин сайдын яамнаас гаргасан iToim.mn сайт өмнө нь Н-2 визийг бүрдүүлэхэд шаардагдах зөвлөмжийг мэдээлсэн билээ. Харин энэ удаа Н-2 ангиллын визний тухай мэдэх шаардлагатай зүйлсийг танилцуулъя.
1. Хамгийн түрүүнд Н-2 виз нь ногоон карт авах, цагаачлалын виз биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Н-2А, Н-2В нь зөвхөн түр буюу нэг хүртэлх жилийн хугацаанд АНУ-д үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт ажиллах эрх олгодог виз юм.
2. Н-2 төрлийн визэнд гэрлэсэн болон ганц бие 21-ээс дээш насны хүмүүс хамрагдаж болно. Мөн гэр бүлээрээ виз мэдүүлэхийг хүсвэл хамтарсан H-4 визийг давхар бүрдүүлэх боломжтой.
3. Та эхлээд ажил олгогчтойгоо холбогдох ёстой бөгөөд АНУ дахь ажил олгогч хөдөлмөрийн яаманд, тухайн ажилчин хэрэгтэй гэсэн албан бичгийн хүргүүлсний дараа таны виз бүрдүүлэх эрх үүснэ.
4. Эхлээд I-129 гэсэн маягтыг бөглөж, АНУ-н Элчинд өгөх ба тэнцсэн тохиолдолд DS-160 өргөдлийг цахимаар бөглөж, визний хураамж болох 190 ам.долларыг банкинд байршуулж баталгаажсаны дараа ярилцлагын цагаа товлох боломжтой. Визний хураамжаа төлсөн тэр өдрөөс хойш нэг жилийн дотор ярилцлагын өдөр товлох эрх нээгддэг байна.
5. DS-160 өргөдлийг бөглөх үедээ анхаарах зүйлс:
-Зөвхөн өөрийн нэрийг эх хэлээрээ бичих бөгөөд бусад бүх асуултыг Англи хэлээр, латин үсэг ашиглан хариулах ёстой.
-Анкет бөглөж эхэлснээс хойш ямар нэг үйлдэл хийхгүй 20 минут болмогц, мэдээлэл автоматаар устах тул, мэдээллээ оруулсан дариудаа хадгалж, анкетыг Save as цонхонд ачаалуулж, өөрийн компьютерт мөн хадгалах хэрэгтэй.
-Анкетад орох зураг тодорхой шаардлага хангах ёстой.
Хэрэв таны зураг шаардлага хангаагүйн улмаас материалд оруулж чадаагүй тохиолдолд ярилцлагад орохдоо заавал нэг хувь зураг авч очих хэрэгтэй.
I-129 маягтын холбоос: https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf
DS-160 маягтын холбоос: https://ceac.state.gov/genniv/
Эх сурвалж: ustraveldocs.com, uk.usembassy.gov