Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Х.Баярхүү: Шилжилт хөдөлгөөн хийхгүй бол автомашины хуучин дугаартайгаа явж болно

Х.Баярхүү: Шилжилт хөдөлгөөн хийхгүй бол автомашины хуучин дугаартайгаа явж болно
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 12
Авто машины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 стандартыг өнгөрсөн онд баталсан. Уг стандартын дагуу авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 2018 оны долдугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүүгээс тодрууллаа.
-Авто машины улсын дугаарыг энэ оны долдугаар сард шинэчлэхээр болсон байна. Тэгэхээр одоогийн байдлаар бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Олон улсын стандартын дагуу тээврийн хэрэгслийн тэмдэг тэмдэглэгээг өөрчилж байна. Гол өөрчлөгдөж буй зүйл нь гэвэл латин үсгийн тэмдэгтэд тааруулан дөрвөн тоо, гурван үсэг байх юм. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг бүртгэх журам, холбогдох техникийн шийдэл программ хангамжийн бэлтгэл ажил хийгдэж байна.
-Авто машины улсын дугаарын гол өөрчлөлтийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?
-Улсын дугаарын тэмдэг дэх MNG ялгах тэмдэгтийг MGL гэсэн ялгах тэмдэгтээр сольсон. Учир нь Монгол Улс 1968 онд “Замын хөдөлгөөний тухай Конвенц”-ыг хүлээн зөвшөөрч 1997 онд нэгдэн орсон. Ингэхдээ “Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл олон улсын тээвэрлэлтэд оролцохдоо MGL гэсэн ялгах тэмдэгтэй байна” гэж УИХ-аас хууль батлагдсан байсан юм.
Харин серийн дугаарт ашиглаж байсан Монгол цагаан толгойн 25 үсгийг 13 болгон өөрчилсөн. Учир нь авто тээврийн олон улсын хамтын ажиллагааны хүрээ нэмэгдэж, Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр олон улсын, бүс нутгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болсон. Гэхдээ олон улсын тээвэрлэлтэд оролцоход Монгол цагаан толгойн үсэг нь тухай улсад танигдахгүй, эсвэл нэг үсгийг хоёр тэмдэгт нийлүүлэн тэмдэглэх зэрэг асуудал үүсдгээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулдаг. Тиймээс бусад үсэгтэй андуурагдахгүй шууд уншигдах, тэмдэглэгдэх боломжтой “А, В, Д, Е, К, М, Н, Р, С, Т, У, Ү, Х”  гэсэн 13 үсгийг сонгон авсан. Ингэснээр улсын дугаар давхардалгүйгээр 13 308 669 хувилбарыг олгохоос гадна, дөрвөн ижил дугаар цифр давтагдах магадлал 11979 байх юм.
-Тэгэхээр авто машины улсын дугаар давхардах асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?
-Улсын дугаарын дугаарын тэмдэгтэд үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, үйлдвэрлэсэн огноо тэмдэглэгдсэн байна. Барааны тэмдгийг QR кодод багтааж өгснөөр хуурамчаар үйлдэхээс хамгаалагдахаас гадна тухайн улсын дугаарын тэмдгийг аль үйлдвэрт хэвлэгдсэн гэдэгт хяналт тавих боломжтой болно. Улсын дугаарын тэмдэгтийг тухайн тэмдэг үйлдвэрлэгч тус тээврийн хэрэгсэлд бэхлэн лацдаж өгнө. Ингэснээр хуурамч дугаар хэрэглэх, хулгайд алдагдах, хяналт тавих зэрэгт дэмжлэг болно. Мөн авто машины улсын дугаарт орон нутгийн харьяалал байхгүй болж байгаа юм.
-Авто машины улсын дугаар шинэчлэгдэхээр хуучин улсын дугаараа жолооч заавал шилжүүлэх хэрэг үү?
-Тухайн авто машиныг зарж борлуулахтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй бол хуучин дугаартайгаа явж болно. Харин шилжилт хөдөлгөөн ба өмчлөлийн асуудал яригдвал одоо мөрдөгдөж буй журмаар авто машины улсын дугаар хураагдан шинэ дугаар авах ёстой юм.
-Жолооч авто машиныхаа улсын дугаарыг шилжүүлэхэд хаана хандаж, ямар баримт бичиг бүрдүүлэх ёстой вэ?
-Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж буй салбаруудад шилжүүлгээ хийлгэх боломжтой. Одоо мөрдөгдөж буй журмын дагуу авто машины эзэмшигчийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шаардана.
-Авто машины улсын дугаар шилжүүлэхэд төлбөрийн хувьд ямар байх вэ?
-Авто машины улсын дугаарын шилжүүлэг хийхэд жолоочоос нэмэлт төлбөр шаардахгүй. Урьдын адил тэмдэгт, үйлчилгээний хураамж төлнө.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн