1990-ээд оны дэлхийн бүх хөвгүүдийн шүтээн байсан гэхэд хилсдэхгүй сагсан бөмбөгийн спортын амьд домог, бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Майкл Жорданы амьдрал, амжилтын түүхээс энэ удаагийн “Дэлхийг өөрчлөгч эрхмүүд” буландаа онцолъё.
Тэрээр зөвхөн амжилттай тамирчин биш, АНУ-ын сагсан бөмбөгийн спортод арьс өнгөөр ялгаварлах үзэл, хандлагыг үгүй хийж, өнгөт арьстан тамирчдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн хүн билээ.
Хамгийн үнэ цэнэтэй тоглогч
Майкл Жордан 1963.02.17-нд Нью-Йорк мужийн Бруклин хотноо төрсөн бөгөөд аав, ээж болон хоёр ах, нэг эгч,нэг эмэгтэй дүүгийн хамтаар амьдардаг байв. Түүний эцэг нь цахилгаан станцад ажилладаг байсан бол ээж нь банканд ажилладаг байжээ. Түүнийг балчир байхад гэр бүлийнхнийх нь Умард Каролин мужийн Уиллингтон хот руу нүүж, тэндээ амьдрахаар шийдсэн байна. Энэ мөчөөс эхлэн Майкл Жорданы “Домог” гэж хэлэгдэх үндэс нь тавигджээ. Бага байхаасаа л хичээл сургуулиасаа илүү спорт сонирхдог хүүхэд байсан бөгөөд сагс, Рагби, бейсбол тоглодог байжээ.
Түүний хамгийн анхны спортын хамтрагч нь ах нь байсан бөгөөд ахаасаа хамаагүй том биетэй ч гэсэн тоглох болгондоо хожигддог байжээ. Ахыгаа ялахын тулд өдөр бүр бэлтгэл хийдэг байсан нь түүнийг сагсан бөмбөгийн домог болгоход гол үндэс болсон гэдэг. Ахлан сургуульд ордог жилдээ түүний өндөр 180 см гарсан байсан бөгөөд сургуулийнхаа шигшээ багт орохоор шалгуулсан ч тэнцээгүй байна. Гэсэн ч хүү сэтгэлээр уналгүй улам шаргуу хичээллэж, бэлтгэлээ хийсээр дараа жил нь 190 см өндөртэй болсон ба сургуулийнхаа шигшээд тэнцэж, бүр довтлогч болтлоо сайжирчээ.
Ахлан сургуулийн од тоглогч, спортын амжилтынхаа ачаар North Carolina мужийн их сургуульд тэтгэлэгтэй элсч, коллежийнхоо шигшээ багт тоглож 1984 оны улсын коллежийн аварга шалгаруулах тэмцээний хожлын бөмбөгийг оруулснаар түүний амжилтын гараа эхэлсэн байна. Мөн тус ондоо тэрээр АНУ-ын олимпийн эрэгтэй сагсан бөмбөгийн багт орж чадсан бөгөөд коллежийн оюутан байхдаа олимпийн аварга болж байв. Олимпоос медаль авсных нь дараа түүнтэй олон баг хамтран ажиллахыг хүссэн ч залуу хүү “Чикаго Буллз” багт орсноос NBA-н амжилтын түүх эхэлжээ. 1992 онд мөн улсынхаа шигшээ багт тоглон хоёр дахь олимпийн алтан медалиа авсан юм. NBA-ын 1985-1986 оны улиралд тэрээр сүүлийн арван жил эвдэгдээгүй байсан Вилт Чамберлайны нэг улиралд 3000 оноо авсан рекордыг эвдэж байв.Тэрээр 1984-2001 он хүртэл 17 жилийн турш NBA-д 15 улирал тоглохдоо нэг тоглолтод дунджаар 30.5 оноо авч байсан бөгөөд энэ амжилт одоо болтол эвдэгдээгүй. Мөн NBA лигийн “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч” буюу “MVP” шагналыг таван удаа авсан юм. Карьерынхаа хугацаанд хоёр ч удаа зодог тайлсан ч тэрээр эргэж ирсэн. Эхнийх нь гурван жил дараалан “Чикаго Буллз” багийнхаа хамтаар NBA-д аваргалаад байсан амжилтынхаа ид оргил үед буюу 1994 онд түүний аав учир битүүлгээр алагдсанаас болж, сэтгэл санааны хямралд орж спортоо орхихоор шийдсэн байдаг. Энэ хугацаандаа мэргэжлийн бейсболд хүч үзэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд төд удалгүй буюу 1995 оны улирлын тоглолтын өмнө сагсан бөмбөгийн спортдоо эргэн ирсэн юм. “Чикаго Буллз” тэр ондоо аваргалж чадаагүй ч 1996 онд тэргүүлж, зургаан жилийн дотор дөрвөн удаа тэргүүлсэн анхны баг болов. Үүнээс хойш тэрээр “Чикаго Буллз” багийг дахин хоёр удаа NBA-г тэргүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Амжилтынхаа энэхүү оргилд үедээ тэрээр Nike, Coca-Cola, Chevrolet, Gatorade, McDonald' зэрэг олон брэнд, бүтээгдэхүүний нүүр царай болсон бөгөөд 1996 онд Space Jam кинонд Bugs Bunny-ын хамтаар тоглон дэлгэцнээ гарч байв. Түүний нэрээр бүтээгдсэн “Air Jordan” “Нисдэг Жордан” загварын пүүз одоо ч борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна.
Жордан 1999 онд хамгийн сүүлийн удаа аваргын цомыг хүртсэнийхээ дараа эхнэр Жуниата болон хүүхдүүдээ цаг зав зориулахаар шийдэн дахин зодог тайлсан юм. Жилийн дараагаас тэр өөрийн хувьцааг нь эзэмшдэг Washington Wizards багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм. 2001 оноос эхлэн дахин спортдоо хөл тавьж Washington Wizards багтаа тоглосон боловч өвдөгний бэртлийн улмаас төдийлөн амжилт ололгүй байсаар 2003 онд албан ёсоор зодог тайлсан билээ.
Одоо тэрээр “Шарлот Хорнетс” багийг эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгө нэг тэрбум 600 сая ам доллараар үнэлэгддэг юм.
Тэрээр амьдралынх зорилго хэзээ ч мөнгө байгаагүй хэмээн өгүүлдэг бөгөөд амьдрахад хүрэлцэж л байвал болно гэж үздэг аж. Түүнчлэн, Жордан нэн ядуу амьдралтай хүүхдүүдийн суралцах орчин, эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулж, их хэмжээний хандив өргөдөг бөгөөд 2017 онд “Novant Health Michael Jordan Family Clinics”-д долоон сая ам.долларын хандив өгсөн байна.
Майкл Жорданы амьдралдаа баримталдаг алтан дүрмээс
-Тасралтгүй хөдөлмөрлө: Спортын хүний хувьд хүрсэн амжилт бүрийн ард хэдэн жилийн цуцалтгүй хөдөлмөр, цус, нулимс, хөлс байдаг. Төрөлхийн авьяас билэгтэй эсэх нь хамаагүй, чи үнэхээр хүсэж байвал цуцалтгүй хөдөлмөрлө. Амжилтад хүрэх эсэх чинь чиний хэчнээн цаг ажилласнаас л шалтгаална. Хэрвээ чи залхуу бол, зүгээр л хэвтээд мөрөөдөх дуртай бол амжилтад хүрнэ гэж байхгүй.
-Шунан Дурла: Мөрөөдөлдөө, хийж байгаа зүйлсдээ шунан дурлаагүй, бүх зүрх сэтгэлээсээ хүсээгүй цагт бүх зүйл цаг нөхцөөсөн, аргацаасан зүйл л болох болно.
-Онцгой бай: Хэн нэгэн шиг болох гэж бүү зүтгэ. Зөвхөн өөрт тохирсон өөрийг чинь илэрхийлэх тийм л зүйл хийж бүтээ. Манай нутгийнхан намайг Хойд Каролинд дөрвөн жил хичээл хийгээд, гэртээ харьж, бензин түгээгч хийнэ гэж бодож байсан. Гэхдээ одоо намайг хаана байгааг тэд сайн харж байна.
-Ялагдлаа хүлээн зөвшөөрч, тавьж явуул: Би бараг 9000 бөмбөг алдаж, 300 гаруй тоглолтод ялагдаж, 26 тоглолтын эцсийн мөчид алдаа гаргаж ялагдал хүлээсэн. Би бүтэлгүйтсэн, ялагдсан, тийм болохоороо л би амжилтад хүрч чадсан.
Эх сурвалж: nba.com, notablebiographies.com