Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Барилгын компаниуд: Сангийн сайдын хариуцлагагүйгээс болж энэ хавар барилгын ажил эхлэхгүй нь...

Барилгын компаниуд: Сангийн сайдын хариуцлагагүйгээс болж энэ хавар барилгын ажил эхлэхгүй нь...
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 21
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, нутгийн удирдлагын ордны барилгын ажил гүйцэтгэж байгаа 21 аймаг есөн дүүргийн барилгын компаниудын нэгдлээс хэвлэлийн хурал хийлээ. Тэд дараах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт хүргүүлж байгаа юм.
Тус шаардлагад “Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 8000 гаруй аж ахуй нэгжийн цаашдын бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсээд байна. Монгол Улсын Их хурал 2021 оны арваннэгдүгээр сард 88-р тогтоол гаргаж уг тогтоолын 4-5-р зүйлд барилгын материалын үнийн индексийг тооцоолон магадлал хийж, танилцуулахаар болсон. Гэвч Сангийн яамнаас одоог хүртэл Барилга, хот байгуулалтын яамнаас гаргаж өгсөн үнийн индексийн тооцоолол болон магадлалын түр журмыг батлаагүй байна. Цар тахлын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дахь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал хил гаалийн саатал, олон удаагийн хатуу хөл хорио, үнийн өсөлтөөс үүдэж төрийн захиалгаар улсын төсвөөр барилга барьж байгаа барилгын компаниуд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдад орлоо. Бид банк, банк бус хувь хүмүүс болон татвар нийгмийн байгууллагад өр зээлтэй болж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй боллоо. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан дараах шаардлагыг хүргүүлж байна.
-УИХ-ын 88-р тогтоолын хэрэгжилтийг хангуулж барилгын материалын үнийн индексийг тооцоолон магадлал хийх ажлыг хангуулах, хяналт тавих,
-Барилга хот байгуулалтын яамнаас гаргаж өгсөн үнийн индексийн тооцоолол болон магадлалын түр журмыг Сангийн сайдаар яаралтай батлуулах
- Барилга хот байгуулалтын яамны сайдын 217-р тогтоолын хүрээнд 2021 нэгдүгээр сарны 1-ээс өмнө гэрээ байгуулж төсөв нь он дамжин хэрэгжиж байгаа ажлуудын тариф цалинг ялгаварлахгүйгээр нэмэх
-Барилгын компанийн нэгдлээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таньтай биечлэн уулзаж, үүсээд байгаа асуудлын талаар ярилцахыг хүсч байна. Бид барилгын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээр 600 гаруй тэрбум төгрөгийн бодит алдагдлыг хүлээгээд байна. Бидний шаардлагын хариуг 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор шийдвэрлэж өгнө үү. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд бид хугацаагүй суулт зарлах, дараагийн шатны буюу өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээг авах болно.
Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниудын төлөөлөл:  Өмнөх оны алдагдал бидэнд байна. Одоо тэгтэл 2022 оны алдагдал дахиад гараад ирсэн. Засгийн газраас үүнийг яаралтай шийдэхгүй бол маш олон компани дампуурч, ажилчид маань ажилгүй болох гэж байна. Сангийн сайд тухай бүрд шийдэж болох асуудлыг үнийн өсөлт "түр зуурын" гэдэг зүйлээр хааж, барилгын компаниудыг дампуурах эрсдэлд хүргэж байна. Сангийн сайд аа, та яг одоо Барилга хот байгуулалтын яамны гаргаж өгсөн үнийн индексийг батал. Энэ хавар ажил эхлэхгүй ээ. Үнийн өсөлтийг шийдэж байж, ажлаа эхлүүлэхгүй бол дахиад алдагдалд орох нь. 
Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниудын төлөөлөл н.Цэндхүү: Барилгын салбарынхан 2009 оны тарифт цалинг мөрдөж явдаг. Одоо харин 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс шинэ тарифаар бодно гэж байтал бодохгүй, зөвхөн материалын зөрүүг олгоно гэж ярьж байна. Биднийг ингэж зэрэмдэглэж юм нэмж байвал үнэхээр хэлэх үг алга. Нэмсэн нэр төдий юм шүү. Засгийн газраас үнэхээр ингэж хувийн хэвшлээс нүүр бууруулбал үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн