Open iToim app
Д.Өнөболд: Цаасан хэрэглээг багасгах, бүтээмжийг дээшлүүлэх программ бүтээсэн
Бүтээгч | 7 мин уншина

Д.Өнөболд: Цаасан хэрэглээг багасгах, бүтээмжийг дээшлүүлэх программ бүтээсэн

Нийтэлсэн 2018 оны 6 сарын 29
Ай Ти Зон компанийн программ хангамжийн бизнесийн шинжээч Д.Өнөболдыг “Монгол хүний гараар бүтээв” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр Ай Ти Зон компанид тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд программ хангамжийн 10 гаруй төсөл дээр ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин юм. Энэхүү нийтлэл, ярилцлагадаа түүний багийнхны зохион бүтээсэн “OT Drive” системийг онцлох юм. Ай Ти Зон компани “OT Drive” төслийг амжилттай хэрэгжүүлж, практикт нэвтрүүлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлжээ.  Бид “OT Drive” систем хэрхэн бүтсэн,  зах зээлд хэрхэн ашиглаж байгаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Төр болон хувийн компаниудын технологийн программ хүчирхэгжиж, ухаалаг үйлчилгээ рүү шилжиж байна
-Технологийн эрин үед бидний өнөөгийн хэрэглэж байгаа программ, техник хэрэгсэл минут, секундээр өөрчлөгдөж байна. Харин Монгол Улс, монгол хүн технологийн шинэчлэл, хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу гэдгээс яриагаа эхэлье?
-Дэлхий даяар л цахим шилжилт гэдэг зүйлийг ярьж байна. Монгол Улс үүнийг тойрч гарахгүй, дайраад, туулаад л гарна. Төр болон бизнесийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа хөнгөвчилсөн, хэрэгцээндээ тохирсон программ хангамж бий болгож, сүүлийн үеийн шинэ техник технологи ашиглахыг зорьдог болсон байна. Үүнийг дагаж иргэд рүү чиглэсэн үйлчилгээ цахим хэлбэр эрчимтэй шилжиж байна. Хэн мэдээллийн технологийг хамгийн оновчтойгоор нэвтрүүлж ашиглаж чадна, тэр нь илүү богино хугацаанд амжилтад хүрэх, бусдаас ялгарах давуу тал болно. Өнөөдөр мэдээллийн технологи, програм хангамж ярьдаггүй байгууллага гэж байхгүй байх. Технологийн дэвшилд анхаарал хандуулж, эрчимтэйгээр  цахим руу шилжилт хийж байна. Бүгд л дотоод үйл ажиллагаа, ажлын бүтээмжээ дээшлүүлэх программ хангамжийн эрэлд гарч, үүнд хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа.
Цахим шилжилтийн өрсөлдөөний үр дүнд иргэд хамгийн сүүлийн үеийн технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж үүсч байгаа сайшаалтай. Хамгийн чухал нь компани, байгууллагууд үйл ажиллагаандаа тохирох програм хангамжийн мэдээллийн технологийн шийдлийг оновчтойгоор нэвтрүүлж чадвал программ хангамж нь төдий чинээгээр үр өгөөжөө өгч чаддаг.
Монгол залуусын хувьд цахим шилжилттэй хөл нийлүүлэн алхах чадвар, чадавх, хүний нөөц байна гэж хардаг.
-Танай хамт олны бүтээсэн “OT Drive”” системийнхээ талаар яръя. Илүү ухаалаг, байгууллагын үйл ажиллагааг хялбарчилсан программ хангамж юм байна. “OT Drive” системийг хэрхэн бүтээсэн түүхээсээ хуваалцана уу?
-Энэхүү системийг бүтсэн түүхийг ярихаас өмнө программ зохион бүтээлгэхээр захиалга өгсөн Оюутолгой компанийн талаар дурдах нь зүйтэй болов уу. Оюутолгой бол дэлхийн нэр хүндтэй, цахимжсан компани. Техник технологийн үзүүлэлт, программ хангамжийн хэрэглээгээр Монголдоо дээгүүрт орно. Энэ ч үүднээс өөрсдийн дотоод үйл ажиллагааны процессыг хөнгөвчилж, шинэ программ хангамжтай болох санал тавьснаар “OT Drive” систем бүтээх сэдэл бий болсон. Санал санаачилга, шинэ төслийн хэрэгжүүлэлтээ хянадаг болох зорилтынхоо хүрээнд 2017 оны хоёрдугаар сараас манай компанитай хамтран ажиллаж байна.
“OT Drive” бол шинэ санал санаачилгын программ. Санаачилгыг төслийн хэмжээнд авч үзэж, төсөл болохоор бол цааш нь дэмжих-хэрэгжүүлэх-хаах шат хүртэл явцыг хөтөлж,  хяналтуудыг хийх ухаалаг систем юм. Уг программд санхүүгийн явцын бүртгэл, тайлангийн хэсгүүдийг тусгаж өгсөн. Өмнө нь ажилчид шинэ санаачилгаа бичгээр, эсвэл Excel программ дээр хөтөлдөг байсныг илүү боловсронгуй болгож, программаар бүх мэдээллээ хүлээж авдаг болгосон. Энэхүү систем нь компани зардлаа бууруулж, илүү өндөр бүтээмжтэйгээр ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн ажилчдад компанидаа өөрийн хувь нэмрээ шинэ санал санаачилгаараа дамжуулан оруулж, бодит хөдөлмөрөө үнэлүүлээд явах бүрэн боломжийг олгож байгаа.
-Оюутолгой компанийн бүх ажилчид энэхүү программыг хэрэглэж байгаа юу?
-Компанийн нийт ажилчин хэрэглэх боломжтой. Одоогоор эхний ээлжид тодорхой хүрээлэлд нэвтрүүлээд ажиллаж байна. Нийтдээ 300 гаруй хэрэглэгч ямар нэгэн байдлаар “OT Drive” системийг ашигладаг судалгаа гаргасан.
-Нэг талаар гар ажиллагаа, цаасны хэрэглээг багасгасан систем гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Excel дээр тайлан хийж, цаасан дээр хэвлэж гаргадаг бүртгэлийг цахим, мониторинг хэлбэр рүү шилжүүлж байгаа систем гэж ойлгож байна. Ажилчид онлайнаар шинэ санал санаачилгаа бүртгүүлж, түүнийг нь дэмжих удирдлагууд, менежментийн багууд нь системд нэвтэрсэн учраас тухайн санаачилга амжилттай төсөл болно гэж үзвэл дараа дараагийн шат руу ахидаг. Нийт 6-7 шат дамжлагыг  давж, төсөл нь хаагддаг систем юм. Системийн хамгийн гол зорилго нь компанийн зардлыг бууруулах, үр бүтээмжийг дээшлүүлэх санал санаачилгыг гаргахад чиглэсэн.
-Энэхүү системийг төрийн байгууллагуудын санхүүгийн тайлан, баланс, төрийн тендер шалгаруулалтад  ашиглаж болохгүй юу. Энэ талын зах зээлийг судалж үзсэн үү?
-Хэрэглэгч рүү чиглэсэн амжилттай төслүүдийн нэг болсон. Оюутолгой компанийн хувьд ажилчдынх нь хэрэглэх дуртай программуудын нэг болсон гэдгээ илэрхийлсэн. Мөн  тус компанийн хагас жилийнх нь шилдэг төслөөр шалгарсан байгаа. Тус компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “OT Drive” систем зөвхөн Оюутолгой дээр хэрэгжиж байгаа. Цаашдаа төрийн болон хувийн ямар ч компани хэрэгжүүлж, хөгжүүлээд  явах боломжтой систем. Жишээ нь, манай компани ижил төстэй программыг дотооддоо ашигладаг. Үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалан өгөгдлүүд нь ялгаатай байдлаар ашиглаж болно. Хаана ч, ямар ч байдлаар ашиглах бүрэн боломжтой.
undefined
-Бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд үндсэн зорилго болох үр ашгийг дээшлүүлж, зардал бууруулахад ямар үр дүн гарсан бэ?
-Мэдээж, зардал буурсан, ажлын бүтээмж сайжирсан. Нарийн тоон мэдээлэл байгууллагын нууц учраас энд ярих боломжгүй. Цаасны хэрэглээг бууруулж, цаасан дээр бүртгэгддэг, мэйлээр явуулдаг бүх хүсэлтээ систем рүү хөрвүүлж байгаа. Дотооддоо хэрэглэдэг санхүү болон бусад тайлан хөтлөлтийг илүү боловсронгуй болгож бүх загварчилгааг системд тусгасан. Энэ бүгдийг тооцвол зардал нэлээд хэмнэнэ.
-Ер нь монгол инженерүүд иймэрхүү төсөл дээр ажиллахад хэр хугацаа шаарддаг вэ. Нөгөө талд ямар хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг вэ?
-“OT Drive”-ийг ямар нэгэн программын суурийг ашиглаж ч юм уу, бэлэн систем дээр тулгуурлаж хийгээгүй. Бүгдийг  0-ээс нь эхэлж программыг нь бичиж, хийж гүйцэтгэсэн. Маш олон хүний оюуны хөлс хөдөлмөрөөр бий болсон.  ОТ-гийн бодож боловсруулсан төлөвлөгөө, хэрэгцээ шаардлагыг програмчлал руу буулгаж, тооцоолол шийдлүүдийг нь боловсруулж бүтээсэн бидний хамтын бүтээл юм. Бизнес шинжилгээний явцад ажлын даалгавар маань маш тодорхой гарсан байх ёстой. Үүн дээр манай компани маш их анхаарч шинжээчдийн баг ажилладаг. Миний хувьд тодорхойгүй л ажил бол хүнд хуваарилахгүй байх, тодорхойгүй юм байвал заавал тодорхой болгосны дараа гүйцэтгэх дээр хатуу анхаарч ажилладаг. Тодорхойгүй байна гэдэг маань цаанаа маш том эрсдлийг дагуулж байдаг.
“OT Drive” төсөл амжилттай болоход нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгд, ОТ-гийн хэрэглэгчид маань програмын хэрэгцээ шаардлагаа маш сайн мэдэж, асуудлууд дээрх шаардлагуудаа маш сайн тавьж, мөн бидэнд хэрэгцээ шаардлагаа сайн ойлгуулж байсан нь биднийг программаа ойлгож гүйцэтгэхэд илүү хялбар болгож байсан. Хоёрт, хоёр талын харилцаа, бие биенээ ойлгох чадвар сайн байсан. Нэгнийхээ ажлыг дэмжиж, ойлгож, асуудал гарахад нэгэн рүүгээ буруу өгөхийг урьтал болголгүй, хамтдаа асуудлын учрыг олохын төлөө ажилласан нь төсөл амжилттай болоход нөлөөлсөн гэж боддог.
Мөн багийн ажиллагааг дурдахгүй байж болохгүй. Нэг зорилгын төлөө, амралтын өдрөөр ч шөнө орой ч төслөө дуусгахын төлөө нэгдэн ажиллаж, ард нь гарсан байгаа.
Төслөө үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдлийг дэвшүүлсэн. Эхний үе шат амжилттай болбол дараагийнх дээр хамтарч ажиллах нөхцөлтэйгөөр эхлүүлсэн. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хоёр үе шат явсан. Хамгийн сүүлийн хувилбараа тавдугаар сарын эхээр Оюутолгой компани дээр нэвтрүүлж дууссан.
Хэн шилдэг программ хангамж, технологиудыг нэвтрүүлж чадна тэр л бусдаасаа түрүүлж алхах цаг үе ирсэн
undefined
-Танай компани болон хувь хүнийхээ хувьд цахим шилжилт, технологийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд хэрхэн өөрсдийгөө цэнэглэдэг вэ?
-Миний хувьд ажлын цагаараа илүү бүтээмжтэй ажиллахыг зорьдог. Бүтээмжтэй ажиллахын тулд нарийн төлөвлөгөө гаргаж, бүх зүйлийг дарааллын дагуу эмх цэгцтэй хийхийг эрмэлздэг. Бусад цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Компанийн зүгээс аль болох залуу боловсон хүчнээ дэмжих, сургах чиглэлд байнга анхаарч ажилладаг.
Залуусыг харахаар чадвартай байгаа. Харин аливаа зүйлийг чин сэтгэлээсээ чанартай хийх тал дээрээ анхаарах хэрэгтэй санагддаг. Дэлхийн төвшинд нийцсэн программ хангамжийг бүтээхийн тулд хамгийн нэгд чанар яригдана. Таны бүтээсэн программыг дэлхийн өнцөг булан бүрт очоод хэрэглэхэд чанартай л байх ёстой.  
Мэдээллийн технологийн салбар Монголд эрчимтэй хөгжиж байгаа салбар. Монгол залуучууд маань энэ салбарт хийж чадна гэдгээ Монголдоо төдийгүй, дэлхийн томоохон компаниудад ч ажиллаж, хийж бүтээж харуулж байгаа.
Нэг үеэ бодвол програм хангамжийг хийгээд сурчихсан, тодорхой хэмжээнд залуучууд маань туршлагатай болчихсон байгаа. Одоо илүү дэлхийн жишигт нийцсэн програм хангамж бүтээх, чанарын асуудал дээр анхаарах хэрэгтэй.  Программ хангамжийн компаниуд энэ чиглэлд ач холбогдол өгч гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргах тал дээр ажиллаад эхэлсэн. Манай компанийн хувьд ч Азийн орнуудад тодорхой судалгаануудыг хийж, үүн дээр тодорхой ажлуудыг хийж, өөрсдийн бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах тал дээр ажлуудыг хийгээд явж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн