Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарласан билээ. Энэ талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний яамны мэдээлснээр "Өчигдөр 15.28 цагийн орчим Гурвалжингийн гүүрний ойролцоо 29 дүгээр тулгуурт барилгын тугалган цаастай 13м урттай материал тохогдсоноор Б, С баазын хооронд богино залгаа үүссэн. Улмаар төвийн бүсийн зарим хэрэглэгчийн цахилгаан хязгаарлагдсан. Уг асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн тогтоосон шугам сүлжээ хамгаалах дүрэм зөрчигдсөн, хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй ААН, айл өрхүүдээс болж ийм байдал үүссэн. Хамгаалалтын зурвастай холбоотойгоор байрлаж буй айл өрх, ААН-үүдэд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч даамжирсаар байна. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна.
-35, 110, 220 кВ-ын агаарын шугамын хамгаалалтын зурваст 2019 онд 271 ААН байсан бол 2020 онд 241 болгож бууруулсан. Айл өрхийн тоо 2019 онд 860 байсан бол 2020 онд 962 болсон. Газар чөлөөлөх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийдэг боловч чөлөөлсөн даруйд айл өрх, ААН-үүд буудаг зөрчил даамжирсаар байгаа юм.
6, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын нөхцөл байдал бүр хүнд байна. Хамгаалалтын зурваст 5745 айл өрх, ААН, гараж, кантнер байна. үүнээс 4681 нь айл өрх, 813 ААН, 251 гараж контайнер байгаа" гэлээ.
“ДҮТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням: Монгол Улсын эрчим хүчний салбар 2021-2022 оны өвлийн бэлтгэлийг хийж байна. Энэ үед эх үүсвэр талд ойрхон 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дээр хоёр баазын богино залгаа болсноос эх үүсвэрүүд дээр үндсэн тоноглол зогсож, чадлын дутагдалд орсон. Энэ нь хэрэглээ үйлдвэрлэлийн баланс алдагдсан, дотоодын үйлдвэрлэлээр бүрэн гүйцэд хэрэглээгээ хангаж чадахгүй, нөөц байхгүйгээс энэ хүндрэл үүссэн. Цаашид бид шинээр эх үүсвэр барьж, цахилгаан, дулааны эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр бүрэн дүүрэн хангахаас гадна нөөцтэй болох юм. Ингэсэн цагт эрчим хүчний салбар бие даасан байдлыг бүрэн хангаж ажиллаж чадна.
БНСУ-д 17 мянган мВт хүчин чадал эргэлддэг. Үүний 15 мянга нь халуун бэлтгэлд явж байдаг. Гэтэл манайд ийм байхгүй. Бид бүрэн хүч чадлаараа ажиллаад ч хэрэглээгээ хангаж чадахгүй байсан учраас ОХУ-аас 160 мВт авч байсан. Ингээд эх үүсвэрүүдийн үндсэн тоноглол зогсохоор 270 мВт зогссон. Тиймээс чадлын дутагдалд орлоо.
Диспетчерийн үндэсний төвийн Реле хамгаалалт, автоматикын албаны дарга Ч.Амарсанаа: Эрчим хүчний системд гарч байгаа гэмтэл, саатлын үед найдвартай ажиллагааг хангах, цааш даамжруулахгүй байх үндсэн үүргийг Реле хамгаалах, автоматикын байгууламжууд гүйцэтгэдэг. Сүүлийн зургаан сард 431 удаагийн ийм хэмжээний тасралтад найдвартай ажиллагааг хангаж ажиллалаа. Өчигдрийн саатал нь ТЭЦ III, ТЭЦ IV-ийн 110 кВ-ын ойрхон бааз хоорондын богино залгаа үүссэнээр хүчдэлийн гүнзгий савлалт үүссэн. Реле хамгаалалт 0,1 секундийн дотор богино залгааг устгасан боловч дөрөвдүгээр цахилгаан станцын үндсэн тоноглол энэхүү ачааллыг тэсвэрлэлгүй 270 мВт ачаалал хаяж, нэгдсэн сүлжээнд энэ хэмжээний дутагдал үүссэн.
Уг нь энэ дутагдал өөрийн үйлдвэрлэлийн нөөцөөс хангагдах ёстой боловч бидэнд бэлтгэл байхгүй учраас ОХУ-тай холбоотой байгаа 257, 258 дугаар шугамаар төвийн бүс рүү гүйсэн. ОХУ-аас 400 мегаватт орчим ачаалал орж ирснээс хоёр системийн хооронд савлалт үүссэн. Энэхүү савлалтаас болж, системийн генераторууд эвдрэх нөхцөл үүссэн. Ийм тохиолдолд систем тусгаарлах арга хэмжээг авах ёстой. Энэхүү тусгаарлалтаар Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Борнуур, Шарынгол, ТЭЦ IV гэсэн зангилаа станцууд савлалтаас хамгаалалт хийснээр тусгаарласан. Хэрвээ энэ ажлаагүй тохиолдолд дөрөв дэх циклээр ОХУ-ын станц дээр тасарч Монгол Улсын эрчим хүчний систем бүхэлдээ нурах аюул тулгарсан. Иймээс манай систем зөв ажилласан учраас энэ аюулаас хамгаалсан.