Засгийн газрын ээлжит хуралдаанаар барилгын үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан санал, шийдвэрийн талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга хийлээ.
Тэрээр “УИХ-аас тогтоол гаргаж барилгын материалын үнийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох магадлал хийх үүрэг даалгаврыг өгсөн. Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүх төсөл арга хэмжээний тоог гаргасан. Нийт 1153 төсөл, арга хэмжээний тоо гарсан бөгөөд үүнээс холбогдох сайд нар мэдээллээ ирүүлснээр 851 төсөл арга хэмжээг нэгтгэн дүнг нь гаргаж Засгийн газарт танилцууллаа. Нийт 851 арга хэмжээнээс 524-т нь бид магадлал хийсэн.
Дээрх 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирсэн. Үүнийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж, үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Магадлал хийсэн зарим компанийн төслийн үнийн өсөлтийг танилцуулбал,
-Сант Өндөр ХХК – Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн төсөлд тэрбум 999 сая төгрөгийн өртөгтэй төсөл гүйцэтгэхээр авсан. Харин энэ дүн үнийн өсөлтийн улмаас 460 сая төгрөгөөр өссөн байна.
-Цагаан бөлбөө ХХК - Ховд аймаг Цэцэг суманд тэрбум 156 сая төгрөгийн төсөл авсан бөгөөд 554 сая төгрөгийн үнийн өсөлттэй
-Зост трейд ХХК - Булган аймгийн Бугат сумын Соёлйн төв барих төсөлд тэрбум 462 сая төгрөг байсан бол 186 саяар өссөн.
-Навтгар хайрхан ХХК - Баянгангор аймгийн Баацагаан суманд 320 хүүхдийн багтаамжтай сургууль барьж байгаа. Энэ нь дөрвөн тэрбум 214 сая төгрөгийн төсөл бөгөөд одоо нэг тэрбум 69 төгрөгөөр үнэ нь өссөн байна.
Дээрх төслийн ажлууд харилцан адилгүй хугацаанд буюу 2017, 2018, 2020 зэрэг онд эхэлсэн. Гүйцэтгэл нь янз бүр байгаа. Төсөв бүр дээр өөр өөр үнийн дүн гарч байна. Магадлал хийж байх үед зарим компаниуд үнийн дүнгээ өсгөж орж ирэх ч асуудал гарч байгаа.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох уу?
-Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Бүгд л бүдэрч байна. Эдийн засгаа бид том өнцгөөр нь харах хэрэгтэй.
-Тэгвэл цементийн үнэд хяналт тавих боломж байгаа юу?
-Бид цементийн үнийг сүүлийн хоёр жил өсгөөгүй. Цементийн үнэ өсөхөд Хөдөлмөрийн хуульд орсон өөрчлөлт, тоног төхөөрөмжийн элэгдэл, хоргодол нөлөөлсөн. Томоохон үйлдвэрүүд тулгамдаж буй асуудлаа ярьж байна. Тодруулбал, МАК буталбарын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж чадахгүй байгаа. Тээвэрлэлтийн асуудал гарч байна.
-Цемент үйлдвэрлэгч нартай ярилцсан болов уу. Мөн Хөтөлийн цементийн үйлдвэрт үйл ажиллагаагаа хэзээнээс эхлэн явуулах вэ?
-Бид цемент үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна. Хөтөлийн цементийн үйлдвэрт одоогоор засвар хийж байгаа бөгөөд энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулна" гэлээ.