Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

'Байгалийн түүхийн музей байсан' гэх түүх л үлдэх нь

'Байгалийн түүхийн музей байсан' гэх түүх л үлдэх нь
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 4
Байгалийн түүхийн музейг арчилж, тордоогүй зургаан жил зөнд нь хаясны үр дүнд гадна шавар фасад нь хууларч, энэ тэндээсээ халцарч ховхорчээ.
Барилгыг “балгас” болгох замаар үнэгүйдүүлэн, “газрыг нь авах, гялгар, шилэн байшин барих” санаатай харилцан тохиролцсон бизнесийн халгаар “Байгалийн түүхийн музейтэй байсан шүү” гэх гэрэл зураг, хууччуулын яриа залуу үеийнхэнд үлдэх нь.  2013 онд  “Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дууссан” гэх файз зүүлгэн, тухайн оныхоо зургадугаар сард үйл ажиллагааг зогсоосон. Түүнээс хойш тус барилгын үүдийг цоожилж, гадна ханан дээр нь “ойртож болохгүй” гэсэн улаан дардасаар тамгалж, ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй тул он цагийн тоосонд дарагдаж, одоо бидний нүдэнд харагдах “хүйт даасан саарал балгас” болж хувирчээ.
Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих  шийдвэр гаргаж, 100 тэрбум төгрөгөөр барих тухай музейн дарга Н.Зоригтбаатар өнгөрсөн Даваа гарагт мэдээлсэн. Харин Байгалийн түүхийн музейн суурин дээр "Чингис хааны музей"-г байгуулахаар  болсон гэнэ.
Музейг нурааж, музей байгуулна гэх учир юу вэ. Орчин үеийн, загвар хийц сайтай, толь шилэн эсвэл хөнгөн төмөрөн барилгуудад дурладаггүй хүн гэж хэн байхав. Гэхдээ хуучны үнэ цэнэтэй бүтээн байгуулалтаа устгаад, дахиад шинийг барина гэдэг “ахыг нь алж, дүүг нь амьлуулна” гэхээс ялгаа байна уу. Бас манайх шиг эдийн засагтай улсад жаахан засаад, янзлаад авчих бүтээн байгуулалтаа сүйтгээд, шинээр барина гэхээр их л хол сонсогдох юм.
Уг нь Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын 50 орчим жилийн түүхийг өөрийн элэгдэж хуучирсан хана, хагарсан шилэн цонхондоо хадгалж байгаа юм билээ. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн барилгыг 1952-1954 онд Монголын хамгийн анхны архитектор Б.Чимэд гэдэг хүн  зураг төслийг нь гаргаж байжээ.  Хөдөө аж ахуйн дунд сургуулийн зориулалтаар 1956 онд барьж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл,  музейн зориулалттай бус хэдий ч анги танхимыг музейн зориулалтаар ашигласаар ирсэн. Улмаар 2013 онд МХЕГ-аас нурах аюултай барилгуудын жагсаалтад оруулж, ШУТИС-ийн харьяа Барилгын материалыг шинжлэн судлах лабораториос ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарахад, албаны хүмүүс нь “Үнэхээр барих төсөв мөнгөгүй бол  засвар  хийгээд ашиглаж болно” гэж хэлжээ. Бас нэг сонирхолтой зүйл нв байгалийн түүхийн музейн барилга Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилгатай ижил настай. Гэтэл  тухайн сургуулийн барилга хэвийн үйл ажиллагаа одоог хүртэл хэвийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн тус музей нь 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэлд багтсан.
Гэтэл саяхан  тус дурсгалт барилгыг буулгах тендер зарлагдаад, дөрвөн компани шалгараад байна. Байгалийн түүхийн музейг нураахыг эсэргүүцэж, акц гарган, намрын сэрүүнээр гарын үсэг цуглуулж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
undefined
"Улаанбаатар иргэдийн форум"-ын ТУЗ-ийн гишүүн Ц.Уянга: Монголд нэг нам эсвэл сайд дарга нар гарч ирээд ямар нэгэн зүйлийг нураан, арилжаа наймаа, улс төрийн  зорилготой шийдвэр гаргадаг. Энэ асуудлыг нэг тийш нь шийдмээр байна. Тиймээс энэ асуудалд иргэдийг оролцоон нэмэгдүүлэхийн тулд акц гаргаж байна. Байгалийн түүхийн музейг нураах асуудал бол зөвхөн нэг барилгын асуудал биш, хотын төвийн үндсэн дүр төрх, хотын 50 гаруй жилийн түүх, санах ойг устгаж байгаа хэрэг юм.  Бусад улс оронд түүхийн үнэт дурсгал болсон байшин барилгуудаа аль болох хуучны өнгө төрхөөр авч үлдэхийг хичээдэг. Гэтэл манайд ямар байна вэ. Байгалийн түүхийн музейг нураалгахгүйн тулд шүүхэд нэхэмжлэл гарган, буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг өвийн сангийн тухай хуулиар зохицуулна. Тус музей нь албан ёсоор өвийн санд бүртгэгдсэн. Хуулийн засаглалыг чанга сахих ёстой улсууд нь өөрсдөө хуулиа зөрчөөд, гаргасан хууль тогтоомжийнхоо эсрэг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яам тамгын газрын захиалгаар музейн удирдлага буюу аж ахуйн асуудал эрхэлсэн хүмүүс нь “барилгын чанарын асуудал” яриад байгаа юм. Энэ бол бүгд зохион байгуулалттай явж байгаа зүйл. “Цаанаасаа шинэ барилгатай болмоор байна. Бид үзмэрүүдээ багтаамжтай том талбайд гаргаж, орчин үеийн музейтэй болмоор байна” гэсэн зүйлийг зааварлан яриулж байна. Музейн насжилтын асуудлыг мэргэжлийн улсууд, тухайлбал архитекторын эвлэл,  барилгын салбар, урлагийн салбарынхан, судлаачид, түүхчид гээд бүгд эсэргүүцлээ.  Тэгэхээр барилгын чанарын асуудал музейг нураах үндсэн шалтгаан нь биш. Мэдэгдэл, ёслолын төдий зүйл юм. Музейг хамгийн амархан дөрвөн төрлийн аргаар сэргээх боломжтойг архитекторын эвлэл илэрхийлсэн. Мөн олон улсын байгууллагууд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлж болохоор байна гэсэн хариуг хэлсэн. Гал усанд өртөж, террорист халдлагад сүйдсэн биш нураах шаардлагагүй. 50, 60 жилийн түүхээ устгаад, шинийг нь барих ёстой гээд суудаг ямар хот байдаг вэ. Хуучны зүйл он цаг өнгөрөх тусам тордоод л байвал улам үнэ цэнэтэй болдог.  
undefined
Монгол туургатны төв холбоо ТУЗ-ийн гишүүн  Э.Одбаяр:  Бид есдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжлийн шинжээчид, иргэний нийгмийн байгууллагатай хамтран асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр үндсэн дөрвөн барилгыг нураахаар болсон. Хамгийн эхэнд нураах барилга нь Байгалийн түүхийн музей юм. Гэтэл нураах шаардлага байгаа юу гэдгийг баримтад түшиглэн, мэргэжлийн экспертүүд болон иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцээд, “Нураах ямар ч шаардлагагүй үүнийг сэргээгээд, янзлаад ашиглах боломжтой” гэх зүйлийг ярьсан. Байгалийн түүхийн музейг нураах тендер зарлагдаад, дөрвөн компаниас нураах саналаа өгсөн байна. Үлдсэн гурван барилга нь Төв номын сан, Драмын театр, Дуурийн театр юм. Энэ бол зүгээр нэг барилга, байшин нураах биш, Улаанбаатар хотын өнгө төрх, өв соёлыг устгана гэсэн үг юм. Бид энэ асуудлаа эргэн харан, иргэдээсээ асуух хэрэгтэй гэсэн үүднээс гарын үсэг цуглуулж байна.  Нураах гэж байгаа дүгнэлтэд дээрээ гадны экспертүүд авчирах нь зөв гэсэн зүйлийг ярьж байгаа юм. Музейн насжилт нь 60 орчим жил дөхөж байна. Эдгээр барилгууд хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой юм. Тэгэхээр хотыг анх үүсэн бий болж байхад, баригдаж байсан бүтээн байгуулалт болон соёлын дурсгалт зүйлүүд үгүй болвол Улаанбаатар хотын ой санамж гэж үгүй болно. Бид Улаанбаатар хотын олон зуун жилийн түүх ойн баяр гэж тэмдэглэдэг. Гэтэл түүх ойн баяртай холбогдох дурсгалууд нь хангалтгүй байж, одоо байгаа зүйлүүдээ дахиад устгаад байж болохгүй. Үнэхээр шинэ зүйл барих гэж байгаа бол хотын өөр зай талбайтай хэсэг дээр барьж болно шүү дээ. Мөн их тэнгэрийн амны зүүн үзүүрт том төмөр карказан барилга руу шилжүүлнэ гэж байгаа юм. Музейн захирал Н.Зоригтбаатар хэлэхдээ “Энэ бол зориулалтын барилга биш. Бид зориулалтын барилга руу ормоор байна. Харин энэ газар дээр Чингисхааны музейг барьна” гэсэн зүйлийг танилцуулж байна. Байгалийн түүхийг музейг өөр газар руу шилжүүлнэ зэргээр гөлөг төөрүүлж байгаа юм шиг хэлэх юм. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас элэгдэлд орсон хуучирсан гэсэн дүгнэлтүүд гаргасан. Гэхдээ мэргэжлийн хяналт бол энэ барилгыг нураах уу, үгүй юу гэх асуудлыг шийдэхгүй. Тийм төвшинд мэргэжлийн чиглэлийг гаргадаг байгууллага биш.  Ерөнхий сайдын харьяаны байгууллага. Тэгэхээр үүнд газрын асуудал байгаа гэж харж байна. Бид нийт зургаа дахь хоног дээрээ акц зохион байгуулж байна. Нэг хуудсан дээр 50 орчим хүний гарын үсэг зураад, одоогийн байдлаар 600 орчим хүн гарын үсэг зураад байна.
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн