Аймгийн удирдлагууд өнөөдөр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр иргэдээс гарч буй гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлыг хөндлөө.
Аймгийн хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг “ББ-ОД” ХХК, “Арвин шар зам” хоршоо иргэдэд үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийтдээ суудлын 90 авто машин, том оврын 14 автобус ажиллаж байгаа юм.
Нийгмийн сүлжээ сайтаар аймгийн Засаг дарга Д.Батлутад хандан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч тээврийн хэрэгсэлд дайвар ачаа явуулсан боловч эзэндээ очоогүй тухай гомдол гарсан. Үүнээс үүдэж компани болон иргэний дунд үл ойлголцол үүссэн байжээ. Иймд Засаг дарга Д.Батлут тухайн компанийн удирдлагыг харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэйг хэллээ.
Мөн дайвар ачааг тээвэрлэх, хүргэх ажлыг Монгол шуудан ТӨХК-нд хариуцуулахаар шийдвэрлэж буйгаа компанийн удирдлагуудад хэллээ. Учир нь иргэдийн эд хөрөнгө, ачаа бараа солигдох, бага хэмжээтэй зүйлсийг өндөр үнээр “дайх” асуудал гарсаар байгаа тул Монгол шуудан компанийн ачаа хүлээн авах үйлчилгээг тасалбар бичих кассын дэргэд байгуулахаар болжээ.
Тиймээс жолооч нартаа дайвар авахгүй байх чиглэл өгөхийг компанийн удирдлагуудад хэллээ.
Компаниудын хувьд хулгайн тээврийн хэрэгслүүд үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байгааг онцолсон юм. Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд зар мэдээллээ ихэвчлэн нийгмийн сүлжээгээр түгээж буй тул цахим орчин дахь хяналтыг сайжруулах хүсэлтийг илэрхийллээ.
Түүнээс гадна 2013 оны 7-р сард тухайн үеийн Зам, тээврийн сайдын тушаалаар хот хооронд зорчигч тээвэрлэхдээ 1 км-ын төлбөрийг 45-55 төгрөгөөр бодохоор тогтоосон байдаг гэнэ. Энэ тарифаар Өвөрхангай-Улаанбаатар чиглэлд 23 мянган төгрөг, Хөвсгөлийн Мөрөн-Улаанбаатарын чиглэлд 22 мянган төгрөг байдаг бол Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд 15 мянган төгрөгөөр иргэдэд үйлчилж байгааг компанийн удирдлагууд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэтчүүд хамгийн хямд үнээр хот хооронд зорчдог гэлээ.