Монголбанкны хараат бус байдал алдагдаж, УИХ болон Засгийн газрын улс төрийн популист шийдвэрийг хэрэгжүүлэгч болж хувирсан. Товчхондоо, Төв банк эрх баригчдын сонгуулийн оноо цуглуулах халамж, ковидын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл зэргийг санхүүжүүлдэг мөнгө хэвлэгч болчихсон гэхэд хэлсдэхгүй.
Төв банк нь УИХ, Засгийн газрынхаа кассын машин болж, бие даасан мөнгөний бодлого хэрэгжүүлж чадахгүй яваа нь төсвийн алдагдал, инфляц, ханшийн сулрал, гадаад өрийн дарамт зэрэг Монгол Улсын эдийн засагт нүүрлэсэн хүндрэлүүдийг үүсгэгч суурь хүчин зүйл болсон гэдгийг эдийн засагчид шүүмжилж буй.
Хамгийн сүүлд, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи дээрх байр суурийг мөн илэрхийллээ. Тэрээр өчигдөр Монгол Улсын 2022 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах үеэрээ “Монголбанкны хараат бус байдал огт дээрдээгүй. Төв банк Засгийн газар болон УИХ-ын улс төрийн шийдвэрээс хараат байдал хэвээр байна.
УИХ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголбанкны “гарыг хүлсэн”
УИХ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголбанкны “гарыг хүлсэн” гэж хэлж болохоор шийдвэрүүд гаргаж ирлээ. Төв банк нэг гараараа эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлээд, нөгөө гараараа бодлогын хүүг чангалж, эдийн засгаа хумих арга хэмжээ авахад хүрч байна. Монголбанк хараат бусаар мөнгөний бодлого хэрэгжүүлж чаддаггүй, улс төрийн шахалтаар хүсээгүй бодлого хэрэгжүүлдэг энэ байдал одоо ч үргэлжилж байгаа.
Монголбанк өнөөдөр ийм нөхцөл байдалд орсон дэлхийн цорын ганц Төв банк.
Дэлхий даяар Төв банкууд, тэр дундаа тэргүүлэх эдийн засаг бүхий улс орны Төв банкууд хүндхэн сорилтуудтай нүүр тулсан, хэцүү цаг үе нүүр тулаад байгаа. Харамсалтай нь, энэ үед Монголбанк хуулийн дагуу, хараат бус мөнгөний бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа нь асуудал дагуулж байна.
УИХ-ын үйлдэл, шийдвэрүүд Төв банкны тухай хуулийг зөрчиж байна. Монголбанкинд эдийн засагт дэмжлэг үзүүлэхийг шахаж, хүсээгүй шийдвэр гаргуулж байгаа нь өнөөдөр бидний ярьж байгаа төсвийн алдагдал, гадаад өр зэрэг тулгамдсан асуудлуудын суурь юм. Монголбанкны мөнгөний бодлогод улс төрийн нөлөөлөл үзүүлэх байдлаар халамжийг хавтгайруулж олгосон зэрэг шийдвэрүүдээ эргэн харж, зогсоох нь эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдэх гол гарц. УИХ өөрийнхөө баталсан Монголбанкны тухай хуулийг хүндэгтэж, дагаж мөрдөх хэрэгтэй.
Төв банк зөвхөн хэрэгжүүлсэн бодлогоо тайлбарладаг байх ёстой. Гэтэл Монголбанк мөнгөний бодлогын шийдвэр гаргахаасаа өмнө улс төрийн шахалтаар үүрэг хариуцлагад хүлэгдчихдэг. Мөн Монголбанк өөрөө бид сайн ажиллаж байгаа, ханшийг хяналтдаа барьж байна гэх зэргээр дүр эсгэхээ больж, мөнгөний бодлогын шийдвэрүүд нь яагаад үр дүнд хүрэхгүй байгааг олон нийтэд тайлбарлах хэрэгтэй” гэсэн юм.