Монгол Улсын хүн амын дунд зонхилдог зургаан сэтгэцийн эмгэг байгааг СЭМҮТ-ийн захирал В.Нарантуяа мэдээллээ.
Тодруулбал, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан Эрүүл мэндийн сайдын мэдээлэлд энэ талаар дурдсан аж. Энэ талаар СЭМҮТ-ийн захирал В.Баярмаа “Монгол Улсад 2019 онд хийсэн судалгаагаар хүн амын дунд зонхилдог сэтгэцийн зургаан эмгэгийг тодорхойлсон. Хамгийн өндөр тархалттай нь сэтгэл түгшилт байгаа бол нойргүйдэл, архинд донтолт, сэтгэл гутрал тус тус тодорхойлогдсон. Энэхүү судалгааг өмнөх судалгаатай харьцуулаад үзэхэд стрессийн шалтгаант эмгэг 10, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн үзүүлэлттэй байна” гэлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “2015 оны үед шөнийн цэнгээний газруудын ариун цэврийн өрөөнд шифриз маш их байдаг. Энэ бол Монгол Улсын мансууруулах бодисны хэрэглээний энгийн жишээ. Үүнд бид анхаарах ёстой. Мансууруулах бодисын хэрэглээ улам бүр нэмэгдэж, өргөжиж байна. Тиймээс энэ асуудалд хүч өгч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мансууруулах бодисны хэрэглээнээс хамаарсан гэмт хэргийн гаралт, донтсон хүмүүсийг эмчлэх механизм ямархуу байгааг асуув.
Асуултад ХЗДХЯ-аас хариулахдаа “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөтэй бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн гаралт нийт гэмт хэрэгт бага хувьтай. Тодруулбал, нийт гэмт хэргийн 10 орчим хувийг эзэлдэг. Донтолттой хүмүүсийг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлж эмчлэх боломжтой. Согтууруулах ундааны онцгой албан татварын гүйцэтгэлээс литр тутамд 300 төгрөгийг Архидан согтуурахтай тэмцэх санд хуваарилан авахаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг шинэчилж найруулсан. Энэ сангаас мансуурах донтой этгээдийг эмчлэхэд анхаарч, дэд бүтцийг сайжруулж, эмнэлэг ч барих боломжтой. Хуулийн төслийг боловсруулах явцад бид судалгаа хийсэн. Согтууруулах ундааны онцгой албан татвараас жилд 10 тэрбум төгрөгийг санд цуглуулна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ” гэлээ.