Open iToim app
Анализ | 2 мин уншина

‘Монгол зэс’-ийнхэн Лондоны хуулийн фирмд ханджээ

‘Монгол зэс’-ийнхэн Лондоны хуулийн фирмд ханджээ
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 22
Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг хоёр дахь удаагаа гаргасан. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг "Монгол зэс" корпорацийнхан Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, цаашлаад олон улсын хууль эрх зүйн хүрээнд асуудлыг тавина гэдгээ мэдэгдсэн.
“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Лондоны “Омниа Стратеги” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаагаа талаараа “Ройтерс” агентлагт мэдээлэл өгсөн байна. Тэрээр “Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч, олон улсад ч хамгаалах болно” гэж мэдэгджээ.
Тэрээр цааш хэлэхдээ “Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэжээ.
“Монголын Зэс” корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байна. “Монголын Зэс” корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдсэн. Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрт хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн оны эхний хагас жилд “Эрдэнэт”  үйлдвэр төсөвт өмнөх жилтэй харьцуулахад дөрөв дахин их хэмжээний татварыг төвлөрүүлсэн тухай мэдээлсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн