Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Л.Мөнхжаргал: Аавынхаа оролцоотой өссөн хүүхдийн тархи илүү хөгждөг

Нийтэлсэн 2019 оны 8 сарын 6
Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байна. Өнөөдөр нялхсын 50 хувь нь эхний зургаан сарын турш, хоёр хүртэлх насны хүүхдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллодог. Гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, нийгэмд ядуурлын төвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулдаг байна. Энэ бүх шалтгаанаас хамаарч эхчүүд хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллож чадахгүй байгаа нь судалгаа гарсан байна.
Эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, бүр эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог. Эхийн сүү нь бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг байна. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг.
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход эцэг хүний дэмжлэг чухал”сэдвийн дор зохион байгуулж байна.
Ингээд уулзалтад оролцогчдоос хүүхдээ эрүүл саруул өсгөхөд эцэг хүний үүрэг хариуцлага яагаад чухал вэ гэдэг асуултад хариулт авлаа. 
Ж.Баясгалан: Аавын цээж хүүхдийн амрах хамгийн сайн орчин
undefined
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан:
-Хүүхдээ хөхүүлэх нь ганцхан ээж хүний ажил биш ээ. Нийгэм тэр чигээрээ үүнд анхаарах хэрэгтэй. Хүүхдээ эрүүл иргэн болгож өсгөхийн тулд шийдвэр гаргагчид, төрийн бус байгууллагууд хамтарч  хүчин зүтгэх ёстой гэсэн мессежийг бусдад хүргэх  зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энд ахмадын төлөөлөл залуу ээж, залуу гэр бүлүүд, одонтой ээжийн групп, аавуудын группийн төлөөлөл ирсэн байна. Эхийн сүү нь хүүхдийн биед 98 хувийн  шингэц сайтай тэжээл юм. Уламжлалынхаа хувьд манай улсын эхийн сүүгээр хүүхдээ өсгөх үзүүлэлт дэлхийд өндөр байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд буурч байна. Энэ бол ядууралтай холбоотой. Ээж нар хүүхдээ төрүүлээд хурдан ажилдаа орохыг л бодож байна. Мөн импорт янз бүрийн  эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн орж ирж, ээжүүдэд сурталчилж байна. Түүнээс болоод ээжүүд “Миний сүү татарлаа”, “Би сүүгүй юм байна”, “Энэ сүүг аваад өгье” гэсэн буруу бодолтой болж байна. Тиймээс олон нийтэд эхийн сүүний ач тусыг сайтар сурталчилж өгснөөр эхийн сүүгээр хооллолтын хувь өсөх ёстой. Мөн эрүүл монгол иргэнийг бий болгоно гэж харж байна. Ер нь бол хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох ёстой. Гэтэл нэг нас хүрэхгүй гаргаад байна. Эмэгтэй хүн ганцаараа шөнө босоод хүүхдээ хөхүүлж байхад, нөхөр нь хажууд нь дэм болж байх хэрэгтэй. “Хажууд нөхөр минь байгаа шүү” гэсэн  сэтгэл нь тухайн ээжийн стрессийг бууруулж, хөхний сүүг нэмэгдүүлдэг. Мөн аавын цээж хүүхдийн амрах хамгийн сайн орчин байдаг.
Д.Хосбаяр: Аавтайгаа хамт өссөн хүүхэд зоригтой, өөртөө итгэлтэй болдог
undefined
“Аавуудын групп”-ийн админ, жүжигчин Д.Хосбаяр:
-Хүүхдээ эрүүл өсгөхийн тулд аавууд ээжид нь маш сайн тус болох хэрэгтэй. Энэ нь их том зүйлийг хэлээгүй. Зүгээр л эхнэрээ даарахад нь зузаан хувцас өмсүүлж, хөл гар хөрвөл дулаалцуулж, шинэ хүн төрсний дараа ээжийнх нь гарыг усанд хүргэхгүй, гамыг нь сайн бариулаад,  хүүхдийнхээ даавууг нь угаах зэрэг л юм.  Мөн аль болох халуун шөл уулгаж, шим тэжээлтэй хоол ундыг нь сайн хийж өгөх хэрэгтэй.  Өөрөөр бол эхнэрээ төрсний дараа маш сайн гам бариулж, хайрлаж, асрах хэрэгтэй гэсэн үг. Үүнийг сайн хийсэн тохиолдолд ээж хүн өөрөө тайван амгалан болж хүүхдээ хөхөөрөө өсгөх боломжтой. Нийгэм цаг үеийн нөхцөлөөс болж хүүхэд хөхөөрөө төдийлөн хооллодоггүй болоод байна. Иймээс хүүхдээ дөрөв, таван сартайд нь хөхний сүүнээс гаргаад ээж аавдаа харуулаад, залуучууд маань өөрсдөө ажлаа хийгээд л явдаг. Үүнээс болж хүүхэд дархлаа муутай болж байна. Дөрөв, таван нас хүртлээ эхийнхээ сүүг хөхсөн хүүхэд оюуны потенциал маш сайтай болдог. НҮБ болон Аавуудын холбоо зэрэг холбогдох байгууллагууд нийлж, “дөнгөж төрсөн ээжүүдийг ажилтай болгоё, хажуугаар нь хүүхдээ хөхүүлье гэсэн асуудлыг яриад байгаа юм. Би ч гэсэн гурван хүүхдээ найман сартай нь гаргаж байсан тохиолдол байдаг. Одоо бол шинэ хүнтэй болбол гарт нь дөрөв, тав хүртэл хөхүүлнэ. Ингэснээр хүүхэд маань оюуны хүч чадалтай биеийнх нь дархлаа сайн болно. Манай “Аавуудын групп”-ийн тухайд бол 80000 гишүүнтэй facebook хуудас юм. Нийгмийн сайн сайхан бүхний эхлэлийг аавууд бий болгож, түгээнэ гэх зорилготой. Миний хувьд урлаг хариуцсан админ, аавуудын хийсэн уран бүтээлийг хариуцдаг. Зар сурталчилгааны арилжааны шинж чанартай зүйлүүд байдаггүй. Аавтайгаа ойрхон өссөн хүүхдүүд өөртөө маш их итгэлтэй, зоригтой хүн болж төлөвшдөг.  Энэ бол зайлшгүй үнэн. Би бол аавыгаа оюутан цаг ахуйдаа алдсан. Ер нь аавгүй, ээжтэйгээ өссөн хүүхдүүд аливаа зүйлд “жийрхүү”, айдастай болж өсдөг.  
undefined
НҮБ-ын хүүхдийн сангийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал:
-Эхийн хөхний сүүгээр хүүхдийг хооллоход олон нийтийн оролцоо чухал байна. Хүүхдээ эрүүл чийрэг иргэн болгож төрүүлэх нь Монгол Улсын хамгийн үнэтэй “капитал”. Энэ утгаараа хүүхдийг эрүүл торниход хамгийн эхний арга хэмжээ эхийн сүүгээр торниулах юм. Мөн хүүхдийг халдварт өвчин, таргалалт, чихрийн шижин, цусны хорт хавдар зэрэг өвчлөлөөс сэргийлдэг. Дэмжлэг сайтай орчинд ээжүүд илүү удаан хугацаагаар хүүхдээ хөхүүлдэг байна. Тухайлбал, дэмжлэг муутай орчинд байгаа ээжүүдтэй харьцуулахад 2.5 дахин их хүүхдээ хөхүүлдэг байна. Мөн  гэр бүлийн дэмжлэг сайтай орчинд зургаан сар хүртлээ хүүхдээ хооллох эх 30 хувиар нэмэгддэг байна. Иймээс гэр бүлийн хүн, аав нарын дэмжлэг хэрэгтэй байна. Хамгийн гол ээжид болон хүүхдэд туслах юм. Шинэ төрсөн эх сэтгэл зүйн хямралд их өртдөг. Эцэг эхийн сэтгэл санааг тайвшруулах, хүүхдээ хуурайлах, хүүхдээ хөхүүлэхэд  туслах, ялангуяа шинэ төрсөн ээж нар бол хүүхдээ яаж усанд оруулах, хуурайлахдаа маш  их ядардаг.  Энэ нь ганцаараа хийхэд маш төвөгтэй. Энэ бүрт аав нар тусалбал, ээжийн сэтгэл санаанд маш сайнаар нөлөөлж, сүүг нь сайжруулдаг. Аавынхаа оролцоотой дэмжлэг сайтай орчинд өссөн хүүхдийн тархи илүү хөгждөг. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Аавтайгаа тоглож, аавынхаа асаргаанд өссөн хүүхдийн оюуны потенциал илүү сайн байдаг. Ялангуяа охидууд, өөртөө итгэлтэй хүн болж өсдөг. Тийм учраас аав нарын дэмжлэг оролцоо их чухал гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн