Амралт зугаалгын цаг айсуй. Энэ жил Баянхонгор нутгаас төрөн гарсан шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой тохиож байгаа. Энэхүү түүхт ойг тэмдэглэх том наадам Баянхонгор аймагт долдугаар сарын сүүлээр болно.
Энэ зун рашаан сувилалд амрахаар ялангуяа Баянхонгор аймгийг зорих иргэдэд зориулж тус аймгийн хамгийн алдартай хоёр рашаан сувиллын газрын мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
1.Шаргалжуулт рашаан сувилал
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Баянхонгор аймгийн төвөөс 60 км-ийн зайтай байрладаг.
Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илаарьшуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ.
Жилд дунджаар 3500-4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг байна. Жилд нийт сувилуулсан хүний 40.5 хувь буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. Энэ сувилал нь өвөл, зунгүй байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Байр: 2 ортой хагас люкс 45000₮ , 2-4 ортой энгийн 40000₮, 3-4 ортой энгийн өрөө 36800₮, 2-4 ортой зуны байр 31000₮, 3 ортой гэр 31000₮ -ийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгал болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлнө.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918, Та онлайнаар захиалга өгөх бол энд дарна уу. Зургийн тайлбар: Бүтэн люкс өрөөнөөс энгийн өрөө хүртэлх дараалалтай.
Өхэгийн рашаан сувиллын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн гутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг байна. Тус рашаан сувилал нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авч, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.
Уг рашаан нь галт уулийн тагтыг хөрж царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгийн ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с-78с градус.
Рашааны найрлагад Кали, Натри, Сульфат, Гидрокарбинат, Хүхэр, Ус төрөгч, Кальци, Магни зэрэг 10 гаруй химийн элементүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушги, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.
Харилцах утас: 99311112, 98117112, 88242468, 98309486
Жич: Зургийг shargaljuut.mn-ээс авч ашиглав.