Open iToim app
Анализ | 10 мин уншина

Нүд баясгаж, сэтгэл тэнийлгэм Дарьганга нутаг

Нүд баясгаж, сэтгэл тэнийлгэм Дарьганга нутаг
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 27
Арванхоёр дугаар ангийн намар. Бүгд л хариуцлага гэгч ачааг нуруунд үүрч, чихнээсээ хонх болгож зүүсэн үе. Бүр 9 дүгээр сарын 1-ний өглөөнөөс эхлээд л сургуулийн захирал  “Төгсөх жил, хариуцлагатай байна шүү нөхөд минь” гэж анхааруулсаар, өдөр хоногууд явсаар. Би хэзээний л тайван хүн. Гэтэл ангийнхан маань бүгд л нэг юманд туугдсан аястай, давтлага, даалгавар хичээл хэмээн үглэн, сандран  гүйлдэнэ.  Харандаа, үзэгнийхээ арыг хэмлэн суугчид  хичээлээ нямбайлан хийдэг болжээ. Хонхны дууны дараа орж ирдэг нь хамгийн түрүүнд суудлаа эзэлдэг болов.  Багш болгон хаврын төгсөлтийг маргаашийн нар шиг ойрхон байгаа гэж ярина. Энэ бүхэн надад үнэхээр зурагдсан пянз, эсвэл хэдэн секундээр биш хэдэн сараар гүйлгэсэн бичлэг шиг санагддаг байж билээ.
Энэ их хариуцлага, энэ их завгүй өдрүүдээс түр ч болов зугтах гэж бид Гангийн чуулган үзэхээр боллоо. Тэр өдөртөө унаа машин, мөнгө төгрөгөө зохицуулаад, Дарьганга нутгийнхаа зүг мордлоо.
Нар үүлний цаагуур нэг орон, нэг гарч ирэн  газрын амьтадаар  дайжигнасан намрын өдөр.  Бид бүгд  микроны цонхоор талд цуурайттал дуулна, хөгжилдөнө бас инээлдэнэ. Сүхбаатар аймгийн төв буюу Баруун-Урт сумаас дөрвөн цаг гаруй давхисны эцэст бид суманд очлоо. Дарьганга нутаг төсөөлснөөс илүү үзэсгэлэнтэй, нүд бэлчээм газар юм. Монгол орны молцог элсний тасархай энд бас хуваарилагджээ. Салхи нь ёстой дуун дээр гардаг юм шиг, үнсээд, илбээд байх шиг. Хаашаа л харна, гол ус, дэрс, ургамал, мод.  Унаган байгалийн гайхамшиг энд цөм бүрджээ.
Бид Алтан-Овооны энгэрт, Дуут нуурын эрэг дээр байрлалаа. Чулуун зэвсгийн үеийн хөдөлмөрийн хуваарилалтын дагуу хөвгүүд нь майхнаа босгож, харин охид аргал түүн, гал асааж, хоол унд бэлдлээ.  Ингээд бид нэлээд амарсны эцэст, майхнаа эцэг эхийн төлөөллүүдээр мануулчихаад,  Дарьганга нутгийн үзэсгэлэнт газруудтай ээлж дараалан очиж золгов.
Шилийн богдын оргилд гарсан минь
Шилийн богд руу Дарьганга сумын төвөөс зүүн урагш 60 км  хэртэй явсны эцэст хүрэв.  Их л өндөр, шовгор уул юм. Яг л “Үл мэдэх- Цэцэгхэн хотхон” гэдэг нэвтрүүлэг дээр гардаг “Үл мэдэхийн” малгай шиг хэлбэртэй санагдаж билээ. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул гэнэ. Тэгш талын сүр хүчийг илтгэх мэт энэ уул нь далайн төвшнээс 1778 м өндөрт өргөгдсөн. Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр бий болсон бөгөөд дээр үеэс монголчууд "Шивээт шил", "Агшуун" хэмээн нэрийддэг байсан гэж багш бидэнд тайлбарлав.  Биднийг гарахад их л манантай байсан тул Шилийн Богд  дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харах боломж олдсонгүй. Уг нь их л сайхан харагддаг гэж уулан дээр таарсан хүмүүс хэлэлцэнэ. Уул овоон дээр эмэгтэй хүүхэд гарч болохгүй гэсэн заншил энд ч гэсэн бий. Гэвч бид ёс мэдэхгүй тул давхиад гарчихсан юм.  Энэ уул руу гарах нь эгц өндөр рүү дүүлэхтэй их ижил. Яг л газраас дээшилж тэнгэрт зүүгдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж билээ. Мөн энэ уулнаас уруудахад нэгэн жижиг агуй таарна. Тэр агуй руу мөлхөж ороход л тохиромжтой. Бид цөмөөрөө дараалан нэг нэгээрээ мөлхөнө. Багш бидэнд энэ эхийн хэвлий шиг хэлбэртэй тул мөлхөөд гарч ирсэн хүн эхээс дахин мэндэлсэн мэт ариусдаг хэмээн хэллээ. Нээрээ л бодол дагаад ч тэр үү. Яг л бүх зүйлийг шинээр харж буй мэт хорвоо дэлхий сонирхолтой санагдсан сан.  Мөн Шилийн богд дээр гарсан эр хүний хийморь сэргэдэг хэмээн монголчууд эртнээс шүтсээр ирсэн нь энэ уулыг аялагчдын мөн тамирчдын зорин ирдэг уул болгожээ. Олимпод оролцох гэж байгаа тамирчид хүртэл  Шилийн богдод мөргөдөг уламжлал энд тогтсон байна. Бид нэлээн олон бөхчүүдтэй Шилийн богд дээр таарсан. Тэд охид нь гараад ирсэн байна.  “Яасан сүрхий юм? Айдаггүй ээ” гэж ярилцаж байсан санагдана. Ингээд ёс мэдэхгүйн ачаар амьдралдаа Шилийн богд гараад үзчихсэн бидний хувьд уулнаас буух гэж нэлээн юм боллоо. Гадарга нэлээд чулуурхаг, мөн эгц  учраас буухад төвөгтэй.  Эвгүй л гишгэвэл ойчоод бөмбөрчихнө. Тогоруу шиг хөнгөн сэмхэн гишгэж, алгуур буухыг Шилийн Богд заасан юм. Гэхдээ энэ уулан дээр гараад би ямар ч хүслээ шивнээгүй ээ. Зүгээр л эх нутгийнхаа сайхнаар бахархаж, эх орноо улам хайрлан хамгаалах ёстой юм шүү гэдгээ л ойлгосон.  Ингээд машиндаа суугаад цонхоор нь эргэж хартал их талын хамгийн өндөр уул сүүдийн үзэгдэнэ.         
undefined
   Торой Бандитай золгосон минь
Бидний дараагийн зорьсон газар бол Ганга нуураас зүүн хойшоо 6 км.т байдаг  “Гангын Цагаан овоо” юм.  Энэ уулын тогоон доторх жижигхэн довцог дээр Торой Бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж, нөгөө гартаа аягатай зүйл барьж хажуудаа малгай, буу, богц зэргийг тавьснаар дүрсэлсэн хөшөө байдаг.  Хөшөөг хүрэн будгаар будан өмнө зүгт хандуулан тавьжээ. Торой Бандийн хөшөө байгаа довцгийн доор 1.2 метр орчим диаметртэй хүрэл тогоо бас байна. Энэ тогоонд Торой Банди адуугаа хураадаг байсан гэнэ. Торой Банди гэж чухам ямар гавьяа байгуулсан хүн юм бол оо? гэж  манай ангийн хүүхэд сүрхий гэгч нь ярилцав. Тоорой Банди буюу Данзангийн Нанзад нь 1834-1904 онд амьдарч байсан Дарьгангын шилийн сайн эр юм. Түүнтэй холбоотой олон домог байдаг. Нэгийг нь сөхөн хэлбээс, нэг удаа Тоорой Банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэгэн ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Тоорой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Тооройгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоорой Бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Тоорой Банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Тоорой Банди ноёдод "Төрийн бөөс" хэмээн адлагдсан ч, ядуус түүнээс авсан морьдоо "Тооройгоос авсан" гэвэл буцааж авдаггүй байсан юм гэж  багш бидэнд ярьж өглөө. Энэ домгийг сонссон бидний хувьд түүгээр бахархан, түмэндээ тустай хүн байжээ гэж хэлэлцэн, түүнийг шагшин магтлаа. Тэр чив чимээгүй. Түүнийг нар зөв тойрчихоод дараагийн газар луу явахаар дөхөв. Аяны дөрөөнд багшдаа олон удаа магтуулсан ч Торойн хөшөө шиг чимээгүй байхыг илүүд үзнэ.  Тэр надад үүнийг сургажээ.
Монгол орны хамгийн том агуйгаар айлчилсан минь
Шилийн Богд уулаас хойш 14 км-т орших Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Тэгшхэн талын уудам хөндийд тогтсон гурван тасалгаатай, 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай. Бид эхний тасалгаанаас цааш яваагүй. Газар дор ертөнц шиг их сонин санагдаж билээ. Бид намрын улиралд очсон ч зуны улиралд хүртэл агуйн дээд хана зүүсэн мөсөөр чимэглэгдсэн байдаг аж.  Ангийнхан маань дүүжлээстэй мөсийг авах гэж зүтгэсэн боловч нэг нь ч авч чадаагүй юм. Талын агуй долоон тасалгаатай. Тасалгааных нь төгсгөл  Хятадын хилтэй залгадаг гэж ам дамжсан яриа байдаг. Талын агуй дотор ярьсан үг бүхэн дахин “хэвлэгдэнэ”. Бид хажуудаа байгаа найзынхаа нэрийг хүртэл цуурайтуулан чангаар хэлж саваагүйтсэн. Удалгүй агуйгаас гарч ирсэн боловч яг л газар дор  он удаан амьдраад гарч ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Тэгш талын энэ уудам орон зайд үнэхээрийн зорьж очсон хүн л талын агуйг олно. Ингэж хэлж байгаагийн минь учир бид бас нэлээд төөрч, будилж байж агуйг олсонтой холбоотой. Талын агуй тэгш талын гүнд оршин нууцаа хэзээ ч үл тайлах, хорвоод хариу нь байхгүй оньсого. Түүнээс хэрхэн эгэл мөртлөө энгүй оршихыг олж харан, замын тоосонд байршлыг чинь сэтгэлдээ тэмдэглэн, чигийг чинь алдчихгүй юм сан гэж бодон бодон буцсан сан.
Хүн чулуунуудтай ярилцсан минь
Дарьгангын нутгийн бас нэгэн гайхамшиг бол хаа газар нэг таарах хүн чулууд. Бид Их Монгол улсын үеийн Ламтын гэдэг хүн чулуудтай танилцсан юм. Тэдний ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж, түшлэгтэй сандалд суусан байдалтай. Хаан, хатан хоёр шиг хосоороо оршино. Нүүр царайг тун урлагтай сайн цоолборлож урласан бөгөөд хоёул тун төстэй, өргөн махлаг дугуй царайтай, хүүхдийн дүрстэй. Ямар нууцыг агуулж тэд энд оршино вэ? Тэдний толгой нь тасархай юм. Дээр үед манжийн хааны цэргүүд мэргэнээ шалгах зорилгоор энэ хавийн бүх хүн чулуунуудын толгойг харвасан сурагтай.  Хувьдаа хүн чулуунуудыг хараад өнгөрсөн мянганы хүмүүс, ирээдүйн бидэндээ илгээсэн захидал юм уу даа гэж ойлгосон. Харин энэ чулуунуудын үгийг сонсож, хэлийг ойлгох хүн эх оронд минь байхгүйгээс, үнэ цэнээ цаг хугацаанд булаалган, археологийн үнэт олдвор гэсэн нэр зүүн энэ хээр оршино. Тэр өдөр хоног өнгөрөх тусам түүнийг тоох хүн ховордож буйг нулимстай нүдээрээ илэрхийлсэн юм. Хүн чулуу уйлах боломжгүй ч, өнөөдрийн бид боломжгүйг бий болгодог болчихжээ. Ямартай ч хээр хаягдсан хүн чулуунуудынхаа сэтэрхий хундаганд сүү дусаачихаад дараагийн газар руугаа бид тэмүүллээ.  
Оргихын булгийн амьсгалах чимээг сонссон минь
Ганга нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой.  Дуулахаар ёроолынх нь элс байнга бургилан, оргилно. Хүмүүс нь амьтай газар гэж сүсэглэн биширнэ. Хуруугаа буцлаад байгаа элс рүү дүрээд үзэхэд, нялх хүүхдийн зулайд хүрч байгаа юм шиг зөөлөн, дотнохон, дулаанхан мэдрэмж төрж билээ. Энэ бол хэзээний л зочдод дуртай булаг. Хүн ирэхээр хөөрөөд, улам хүчтэй оргилно. Харин хүмүүс түүнийг үзнэ, харна, ундаа усны сав, гялгар уут, гэх мэтийн хогоо хөөрхий оргихын булагт дурсгал болгоно. Тэр түүнийг нь өөртөө агуулан дараагийн зочноо угтана. Гол усны дэргэд хог хаядаг хүн байх мөртлөө цэвэрлэдэг, хариуцдаг хүн байхгүй нь их хэцүү. Хүмүүс бид Оргихын булгийнхаа мөнхөд оргилох хүслийг унтрааж байна. Уг нь  Дарьганга нутгийг аялал жуулчлалын бүс болговол мөн ч их ашиг олж,  ашгийнхаа тодорхой хувиар нь унаган байгалийн төрхийг алдагдуулахгүй байх тал дээр ажиллавал байгаль, хүн хоёрт мөн ч их ээлтэй дээ...
undefined
Ганга нуур-Хунгийн чуулган үзсэн минь
 Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон Ганга нуур 4 километр талбайтай нуур юм.  Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан. Чухамхүү үүнийг л үзэх гэж бид Дарьганга нутгийг зорьсон юм.  Ганга нуурын ус сүүлийн жилүүдэд татарч, 1000 хун чуулахаа байжээ.  Хэдэн хунг л олж харав. Хунгийн чуулган үзсэн хүний сэтгэл өвддөг гэж яасан үнэн үг вэ?  Хун гэгч өөрөө хайрын бэлгэ тэмдэг болсон шувуу. Хоёр гурван хун нисээд жаахан өндөрт гарав уу, үгүй юү буцаад буугаад ирэх юм. Юунд хорогдоно вэ, нисэж чадахгүй нэгнээ орхиж чадахгүй дээ тэр үү, эсвэл эргээд ирэхэд нь татарчихсан байх Гангын тунгалаг ус, нуурын сүрлэг дэрсэндээ хорогдсон уу. Ямартай ч тэр хүнээс л дээр амьтан юм гэж хэсэг бодлоо. Өнөөдөр Ганга нуур ямар байдал байгаа билээ дээ. “Ганга нуураа  сэргээнэ” гэж  холбогдох газар болгоны дарга нар микрофон барин хэлсэн мөртлөө, жилээс жилд татраад, ширгэхийн ирмэгт хүрсэн Гангын нууранд тэр сайхан үг нь дуулдаагүй байна. Эргээд ирэхэд энэ хэвэндээ байх болов уу. Дахиад ирэхэд алга дарам газар нь ч болтугай чийгтэй байгаасай даа гэж би залбирав.
Алтан овоог тойрон сүсэглэсэн минь
Алтан-Овоо бол 1354 метр өндөр унтарсан галт уул бөгөөд уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, хүрмэн чулуу ихтэй, амсар нь баруун хойшоо сэтэрч гарсан уул.  Алтан-Овоог бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай, 1913 оноос төрийн их тахилгатай болгосон. Зөв л сүсэглэж чадвал хүсэл бүхнийг биелүүлдэг чадалтай уул юм. Эмэгтэй хүмүүс уулыг зөвхөн хормойгоор нь тойрох ёстой. Бид хормойгоор нь тойроход хоёр цаг хэртэй явсан юм.  Тойрох замдаа уулын эзэнтэй таарсан сан. Ангийн маань охин могой гээд л зугтчихсан. Багш хайрхан минь гээл сөгдсөн. Азтай одтой хүмүүс л уулын эзэнтэй таардаг хэмээн бид бэлгэшээв. Алтан-Овоонд цээжинд дүүрч, зүрхэнд оргилох бүх хүслээ шивнэлээ. Ингээд бид өөрсдийн хариуцлага гэгч зохиолынхоо үлдсэн мөрүүдийг бичихээр яаравчлав. Дарьгангын нутгаас хөдлөхөд тэнгэрт нартай, сэтгэлд жаргалтай байсан юм.
Эх нутгийнхаа сайхныг санан дурссан, миний ядмаг ойгоос одоогоос гурван жилийн өмнөх дурсамж хэлтрэн, сэтрэн гарна гэдэг их хүч. Дурсамжаа буулган бичсэн энэ тэмдэглэлээ цагийн давшлах зүүнд алдах дөхжээ. Ямартай ч бодлоороо хөглөн, зүрх сэтгэлээрээ мэдрэн байж бичиж дуусгалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн