Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Ж.Түвшинбаяр дараах зөвлөгөөг хүргэлээ.
-Бөөр шээсний замын халдвар гэж юу вэ?
-Нянгийн халдвараар бөөр шээсний зам өгсөх, уруудах байдлаар халдварлагдаж үрэвсэхийг бөөр шээсний замын халдвар гэдэг. Өгсөх замаар халдварлагдана гэдэг нь шээсний сүвээр нянгийн халдвар орж халдварлахыг хэлж байгаа юм. Уруудах зам гэдэг нь хоолойны ангина, шүдний цоорхой гэх мэт өвчний улмаас нянгууд цусаар дамжиж бөөр шээсний замд очиж үрэвсүүлэхийг хэлнэ. Бөөр шээсний зам гэдэгт шээсний сүв, давсаг, бөөрийг хамруулна. Бөөр шээсний замын халдварын 80-90 хувийг гэдэсний савханцар нян, үлдсэн хувьд бусад төрлийн нянгууд тохиолдоно.
-Ямар хүн шээсний замын халдварт өвчинд илүү өртөмтгий байдаг вэ?
-Шээсний замын бөглөрөлтэй, мэс ажилбар хийлгэсэн, давсагны мэдрэлийн үйл ажиллагаа хямарсан, шээсээ удаан барьдаг, жирэмсэн эхчүүд, чихрийн шижин өвчтэй, дархлаа суларсан, гадна бэлэг эрхтэний ариун цэвэр муу байх зэрэг нь бөөр шээсний замын халдвараар халдварлах эрсдэлтэй.
-Бөөр шээсний замын халдварт өвчинд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хамгийн түрүүнд шээс үнэртэй, булингартай гарах, ойр ойрхон өтгөн шээх, шээсний дараа дахиж шээмээр болох, шээсний сүвээр хорсож өвдөх, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх, ууц нуруугаар өвдөх анхны шинж илэрнэ. Цаашлаад халуурах, бөөлжих, дотор муухайрах, огиулах, хоолонд дургүй болох зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрч болно. Шинж тэмдэг илэрсэн нөхцөлд зайлшгүй эмчид хандаж хамгийн түрүүнд шээсний ерөнхий шинжилгээг өгөх шаардлагатай. Илүү дэлгэрэнгүй шинжлүүлэхийг хүсвэл эход харуулах, цусны шинжилгээ, бөөрний үйл ажиллагааны шинжилгээг өгч болно. Шээсний шинжилгээг өгөхдөө зөв өгөх хэрэгтэй. Манай ард иргэд зовуурь илрэхэд дур мэдэн антибиотик хэрэглэх талтай байдаг. Энэ нь антибиотикын зохисгүй хэрэглээ болон дасал болох нөхцөлийг бүрдүүлнэ. Харин эмчид үзүүлээд шээсний шинжилгээний хариу гарсны дараа тухайн нянд мэдрэг антибиотикыг тохирсон тунгаар заасан хугацаанд яг тодорхой цагт ууж хэрэглэх ёстой. Харин манай иргэд зовуурь нь багасангуут дундаас нь хаячихдаг.
Ингээд эмчийн жороор антибиотикыг хэрэглэхээс гадна бөөр шээсний замыг цэвэрлэх эм, бэлдмэл, цай ууж болно. Дараа нь эмчилгээнийхээ үр дүнг хянах зорилгоор шээсний шинжилгээг өгөөрэй гэж зөвлөмөөр байна.
-Бөөр шээсний замын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн нэгдүгээрт дороосоо даарахгүй байх хэрэгтэй. Хоногт уух шингэний хэмжээ 1.5-2 литр байх хэрэгтэй. Хоёр литр шингэн уух ёстой гээд нэг дор уучихгүй. Ойр ойрхон бага багаар шингэнээ ууна. Амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй. Шүд цоорхой юм уу, хоолойн ангинатай бол заавал эмчлүүл. Хувийн ариун цэврээ маш сайн сахих ёстой. Давсгандаа шээсээ удаан барихгүй байх хэрэгтэй. Шээс хүрсэн нөхцөлд заавал шээж суллаж бай. Мөн дархлаагаа сайн байлгах хэрэгтэй. Дархлаагаа сайн байлгана гээд дархлаа дэмжих эм уугаад байх биш, дасгал хөдөлгөөн хийж, чанартай хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амарч, агаарт сайн гарах хэрэгтэй. Амьдралынхаа хэв маягийг зөв байлгаснаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.