Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Сурвалжлага: Эрэлт нэмэгдэж, долларын ханш 20 орчим төгрөгөөр өсчээ. Цаашид яах бол..

Сурвалжлага: Эрэлт нэмэгдэж, долларын ханш 20 орчим төгрөгөөр өсчээ. Цаашид яах бол..
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 24
Цар тахлын хугацаанд 2850 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш сүүлийн нэг сарын хугацаанд  20 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Хар зах буюу“Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2868 төгрөгөөр авч, 2871 төгрөгөөр худалдаалж байна.
“Ковид 19”-ийн тархалт, хил гааль олон сар хаалттай байснаас долларын эрэлт багасч, ханш нь 2850 төгрөгт тогтвортой байв. Энэ хугацаанд Монголбанк дөрвөн тэрбум гаруй долларын нөөц бүрдүүлжээ. Үүнийг эдийн засагчид түүхэндээ өндөрт тооцогдох хэмжээ гэж үзэж байна.
Төгрөгийн доллартай харьцах ханш сүүлийн жилүүдэд огцом биш ч бага багаар суларсаар. Харин бид долларын ханшийн өсөлтийг хэвийн зүйл мэт хүлээн авч байна. Төгрөгийн ханш сулрах нь иргэдийн амьжиргааны түвшин, цалин, тэтгэврийн үнэ цэнийг бууруулах нэг шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр инфляц өндөр байгаа энэ үед иргэд төгрөгөө үнэгүйдүүлэхгүйн тулд валютад шилжүүлж байна. Тухайлбал, банкууд дахь 19 их наядын хадгаламжийн 20.9 хувь нь гадаад валютаар байршиж байна. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд валютын хадгаламж 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
undefined
Иргэд долларын ханш өснө гэсэн хүлээлттэй байна.
Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн Г.Б: Одоо эдийн засаг сайжирч, хил гаалийн гацаа гайгүй болно гэж хүлээж байна. Өмнө жил евро худалдаж аваад одоо алдагдалтай байгаа. Гэхдээ хамгийн эрсдэл багатай нь доллар тул доллар худалдаж авъя гэж бодож байна. Угаас эдийн засаг сайжрахын хэрээр долларын ханш бага багаар нэмэгдээд байдаг шүү дээ” гэсэн юм.
“Найман шарга” валют арилжааны төвд хөл хөдөлгөөн багатай байлаа. Замын захаар “Доллар байна, юань байна. Юу солих вэ” гэсэн ганц нэг ченж эргэлдэнэ. Замын хоёр талаар байрлах валют арилжааны цэгүүдээр орж үзвэл ченжүүд арилжаа нэг үеэ бодвол сайжирч, жижиглэн арилжаанд долларын үнэ өсөж байгааг хэлж байв.
Замын баруун талд байрлах “Валют арилжаа” гэсэн хаягтай арилжааны цэг рүү орвол ченж эмэгтэй “Долларын ханш ер нь өсөж байна. Цагаан сарын үеэр 2854 төгрөг байсан одоо 14 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй юм. Гэхдээ өсөх болов уу л гэж бодож байна. Уг нь төгрөгөө доллар болгосны дараа доллар өсчихвөл хэрэгтэй дээ. Хөл хорио тогтоохгүй, хил гааль бүрэн нээгдчихвэл эрэлт нь нэмэгдээд дороо л өснө. Одоо хүмүүс гадаад, дотоод бага явж байгаа учир эрэлт муу байгаа. Гэтэл ийм хэмжээгээр өсөөд байна гэдгийг бодох хэрэгтэй. Долларын ханш унаад шальдаггүй юм даа” гэлээ.
Дараагийн арилжааны цэг рүү орвол “Одоо доллар өсчихсөн байгаа. Бараг хоёр жил шахам 2850 төгрөг байлаа. Цагаан сараас хойш ханш нь өссөөр л байна. Цаашдаа өсөх байх гэж харж, арилжаагаа хийх юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долларын эрэлт муу байсан. Энэ хавиар ирэх иргэд ч байхгүй байлаа. Харин одоо эрэлт бага зэрэг нэмэгдэж, энэ хавиар хөл хөдөлгөөнтэй болоод ирлээ” гэж байв.
“Найман шарга” валют арилжааны төв бол валютын зах зээлийн тав хүрэхгүй хувийг эзэлдэг. Тэр утгаар нь авч үзвэл валютын зах зээлийн хөдөлгөөнийг төдийлөн илэрхийлж чадахгүй юм. Валютын арилжааны 90-ээд хувь нь Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк гэсэн дөрвөн банкинд явагддаг. Тиймээс эдийн засагч Г.Батзориг, Б.Түвшинтөгс нараас долларын ханшийн төсөөллийн талаар тодруулсан юм.
undefined
Эдийн засагч Г.Батзориг: Хавар болж бизнесийн сезон эхэлж байгаатай холбогдуулан богино хугацаанд долларын эрэлт нэмэгдэж, ханш өсөж байгаа болов уу гэж харж байна. Ханш гэхээс илүү долларын гарах, орох урсгалыг авч үзэх ёстой. Энэ жил бидэнд ямар нэг хүлээгдэж буй бондын төлбөр байхгүй учир валют гарах урсгалын дарамт бага байна. Мөн гадаад зах зээлд оролцогч томоохон улсуудын бодлогын хүү нэмэгдэхэд валют гадагшилдаг. Тэгэхээр манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайнх байгаа учир гараад байх тийм их хэмжээний валют байхгүй гэж бодож байна. Энэ онд долларын ханшинд огцом савлагаа үүсэхгүй байх.  
undefined
Эдийн засагч Б.Түвшинтөгс: Сүүлийн хоёр жилд долларын ханш тогтвортой байлаа. Энэ нь нэг талаас импорт багасч, долларын хэрэгцээ буурсантай холбоотой. Хил гаалийн асуудал хэвээр байвал долларын эрэлт айхтар ихээр нэмэгдэхгүй. Төв банкинд одоо дөрвөн тэрбум гаруй долларын нөөц байгаа. Тэгэхээр төгрөгийн ханшинд огцом дарамт ирвэл түүнтэй тэмцэх нөөц, арга хэрэгсэл нь Төв банкинд байгаа гэж үзэж байна. Долларын ханш таван хувиар өсөж байвал төгрөгийн хувьд энэ бол тийм их сулралт бол биш. Одоогийн ханш 3000 хүрнэ гэсэн үг. Гэтэл 3000 гэдэг ханш их том тоо юм шиг харагдаад байгаа боловч хувилаад үзвэл тийм том, айхтар ханшийн бууралт биш юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн