Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Ч.Амарсанаа: Гэнэтийн ослоос эрчим хүчний тогтвортой байдлаа хамгаалах “WAMS” систем бүтээсэн

Ч.Амарсанаа: Гэнэтийн ослоос эрчим хүчний тогтвортой байдлаа хамгаалах “WAMS” систем бүтээсэн
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 24
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  2019 оныг “Ухаалаг эрчим хүч” уриан дор “WAMS” буюу шилжилтийн горимын хяналт мэдээллийн систем нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин өчигдөр “WAMS” системийг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Тогтворжилт алдагдахаас сэргийлэх энэхүү систем нь эрчим хүчний системд үүсч болох бүхий л төрлийн ослын горимын үед системийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритмчлагдсан цогц шийдэл юм.
Системийн тухай төслийн ажлын албанд ажилласан Реле хамгаалалт автоматикийн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Амарсанаатай ярилцлаа.  
-“WAMS” системийг нэвтрүүлэх төсөл хэзээнээс, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн бэ?
-ОХУ-ын гурван инженер болон манай инженерийн баг оролцсон. Эрчим хүчний системийн 24 цэгийг хариуцан ажиллуулж буй инженерүүд бүгд хамтран оролцсон. Манай эрчим хүчний системд 2018 оны есдүгээр сарын 15-нд томоохон осол болсон. Үүний  дараа уг төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг хийхээр болсон юм.  Эрчим хүчний салбарын системийн шинж чанар тогтворжилт яагаад алдагдаад байгаа юм вэ гэсэн шалтгааныг олохын тулд ихээхэн хугацаа зарж судалсны үндсэн дээр эрчим хүчний системийг зөв оношилж, аваар эсэргүүцэх автомат системийг хэрэгжүүлэх ёстойг олж мэдсэн. Ингээд 2019 оноос эхлэн зургаан сарын хугацаанд төслийн техникийн даалгавар, эрчим хүчний системд уг технологийг таниулах ажлыг хийсэн. Үндсэн ажил бол энэ оны есдүгээр сараас эхэлсэн. Гурван сарын хугацаанд  бид Монгол Улсын эрчим хүчний системийг оношилж чадах системийг нэвтрүүлж чадсандаа баяртай байна.  Бид ийм үр дүнд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан.
-Реле хамгаалалт “WAMS” систем юугаараа ялгаатай вэ?
-Реле хамгаалалт гэдэг бол эрчим хүчний системд гарсан гэмтэлтэй хэсгийг маш богино хугацаанд таслах үүрэгтэй. Ийнхүү таслахад манай эрчим хүчний систем дээр савлалт үүсдэг. Савлалтаас шалтгаалж системийн тогтвортой байдал алдагддаг юм. Харин “WAMS” системээр дамжуулж аваар эсэргүүцэх автомат бий болгон, тогтворжилт алдагдахаас сэргийлж байгаа юм.  Нэг нь тасалдаг бол, нөгөө нь сэргээдэг үүргээрээ ялгаатай. Нэг ёсондоо “WAMS” систем нь эрчим хүчний салбарт гарсан томоохон ослын үед системийг тогтвортой авч үлдэж чадна.
-Энэхүү систем бий болохоос өмнө хоёр систем нэвтэрсэн. Харин дэлхийд “WAMS”, “WACS”, “WAPS” гэсэн дарааллаар хөгжиж байгаа гэж байсан. цаашид уг төсөл хэрхэн хөгжих вэ?
-Нэгд, SCADA хэмээх систем нь манай улсад 2007 онд хэмжилт хийж эхэлсэн. Энэхүү системийн нэг хэмжилт 2-4 секунтын дотор нэг хэмжилт хийдэг. Харин AYRA гэдэг төхөөрөмж бол ослын горимыг бичдэг төхөөрөмж бөгөөд манай ТЭЦ 3, 4-р дамжуулах сүлжээний станцад байгаа. Гэхдээ хоорондоо холбоогүй ажилладаг. Энэ нь төхөөрөмжийн хэмжилтийн нарийвчлал нь тийм ч сайн биш. Харин “WAMS” гэдэг систем нь нэг хэмжилт нь нэг дойлын дотор найман хэмжилт хийдэг. 0,02 секундэд нэг үе гэж үзвэл түүнд дотроо 60-100 хэмжилт хийдэг гэсэн үг. Маш хурдтай хийгддэг юм.
Дэлхий нийтээр эрчим хүчний салбар ухаалаг хэлбэрт шилжиж байна. Харин чиний хэлсэн энэхүү системийн хөгжлийн гуравдугаар шатанд яваа улс тийм ч их байхгүй. Бид энэхүү системийн анхан, суурийг бий болгосон нь  нар технологийн дэвшлийг эзэмшсэнээр богино хугацаанд алдаа дутагдлаа засах бололцоотой болж байгаа хэрэг. Тийм учраас бид нар үүнийг хэрэгжүүлж чадсанаараа эрчим хүчний системийн хөгжлийн таван жилээр урагшлуулж чадлаа  гэж ойлгож болно. Энэхүү төсөл одоогоор 24 цэгийн хэмжилтийг хийдэг. Харин цаашид 120 орчим цэгт хэмжилт хийдэг болгох хэрэгтэй байгаа.
-Хяналтын горим алдагдсан тохиолдолд шууд унтраах боломжтой гэсэн үг үү?
-Системийн тогтворжилтын хязгаар гэж байдаг. Тэрхүү хэмжигдэхүүн дотор байвал тогтворжилтыг сэргээх арга хэмжээ авна. Харин тогтворжилтоос гарахад манай эрчим хүчний систем шууд унадаг байсан. Үүнийг сэргээх механизм байдаггүй байсан юм. Тэгвэл энэхүү “WAMS” системээр дамжуулан сэрээх боломж нээгдэж байгаа хэрэг.   
-Төмөрлөгийн үйлдвэрлэл эрчим хүчний системийн долгионд ихээхэн нөлөө үзүүлдэг гэж байсан. Энэ тухай тайлбарлавал?
-Манай улсад эрчим хүчний чанарын асуудал их орхигдож байгаа. 15 герцийн давтамжтай байх ёстой байтал нам давтамжийн хэлбэлзлүүд ороод ирэхээр өдрийн гэрэл, цахилгаан халаагуур гэх мэт тоног төхөөрөмжийн насжилт мууддаг юм. Түүнчлэн долгион их ялгарах нь хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй. Төмрийн үйлдвэр төмөр хайлуулахдаа маш өндөр давтамжтай долгион, зуухаар хайлуулдаг.Түүнд тусгай трасматор тавьж тусгаарлах ёстой. Үүнийг хийгээгүйгээс төмрийн үйлдвэр дээр үүссэн өндөр нам давтамжууд эрчим хүчний системд орж, системийн тоног төхөөрөмж тогтвортой ажиллах боломжид сөрөг нөлөө үзүүлээд байгаа хэрэг. Харин одоо “WAMS” систем аль цэгт ямар асуудал үүсч байгааг буюу эрчим хүчний чанарын асуудлыг тодорхойлох боломжтой болж байгаа юм.
-Уг систем маань анхан шатныхаа хэмжээнд одооноос бүрэн гүйцэт ашиглагдах боломжтой болсон уу?
-Аливаа нэг хяналтын системийн хамгийн чухал асуудал бол технологийн сүлжээ. Монголд энэ чиглэл хангалттай хөгжөөгүй байна. Уг нь бүх станцыг шилэн кабелиар холбочихвол манай систем бүрэн тогтвортой болно. Зарим сүлжээ Монголын цахилгаан холбоо компаний шилэн кабелийн сүлжээгээр дамжин явж байгаа. Энэ бол гаднын хэрэглэгчийн тэжээлийн тогтвортой ажиллагаанаас манай систем хамаардаг учраас 100  хувь найдвартай түвшинд хүргэж чадаагүй гэсэн үг. Гэхдээ бид ашиглаж, туршиж улам сайжруулна.
-Хөгжихийн тулд чадварлаг, туршлагатай боловсон хэрэгтэй. Манай улсад энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хэрхэн их байдаг вэ?
-Манайд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол энэ асуудал. Гэхдээ  бид нар эхний ээлжинд хэмжилт хийж байна. Хэмжилтийн үр дүнгээр тооцооны программаа сайжруулах чиглэлд тодорхой ойлголттой болох учраас гадаадад орноос туршлага хуримтлуулж сайжруулж болно. Өнөөдрийн байдлаас “WAMS” системийг үүсгэх ажлын хүрээнд Норвегид манай нэг инженер энэхүү системийн тогтворжилтын талаар гурван сарын хугацаатай суралцаж байна. Бид одоо юу хийхээ тодорхойлчихвол бие биенээсээ суралцаад системээ хөгжүүлэхэд хэцүү зүйл гарахгүй байх аа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн