Өсвөр насны хүүхэд танд юу хэлэхийг хүсч байгааг шүүмжлэлгүй, загналгүй сонсоорой. Хэрэв ярихаас дургүй байвал ярихыг нь хүлээх эсвэл итгэлийг нь олох хэрэгтэй. Тантай ярилцахыг хүссэн тэр хэдхэн минутаас таны хүүхдийн ирээдүйд итгэх гэрэл гэгээ болж болно. Таны сайхан харилцаа нийгмийн харилцаанд нээлттэй, итгэлтэй ханддаг хүн болоход нь тусална. Аав ээжүүдийн маань нийтлэг алдаа бол өөрийнхөө үзэл бодлыг хүүхдэдээ тулгадаг ба хүсэхгүй байгаа зүйлийг нь шаардах нь хүүхдийг харилцаандаа хаалттай, зожиг нэгэн болоход нь муугаар нөлөөлдөг.
Тэдний зан төлөв болон сэтгэл хөдлөлийг маш сайн ажиглаарай. Хүүхдүүд гэлтгүй бүхий л хүмүүс гадагшаа болон дотогшоо хэв шинжтэй байдаг. Харилцааны хувьд гадагшаа хүүхдүүд нийтэч, яриа хөөрөөтэй, олон найзтай байхаас гадна нийгмийн харилцаанд оролцох дуртай байдаг. Харин дотогшоо хүүхдүүд дуу цөөтөй, ганцаараа байхыг эрмэлздэг. Гадагшаа хэв шинжтэй хүүхдүүд ихэвчлэн ярьдаг бол дотогшоо хэв шинжтэй хүүхдүүд сайн сонсогч байдаг гэх мэтчилэн та хүүхдийнхээ зан төлөвийн болоод сэтгэл зүйн хэв шинжид тааруулж харилцвал илүү давуу тал болно.
Аав ээж хүүхдийг шүүмжлэхгүй байгаарай. Ихэнх хүүхдүүд харилцааны тал дээр эелдэг зөөлөн нээлттэй бөгөөд найрсаг харилцаанд дуртай байдаг. Ширүүн, шүүмжилсэн харилцаа нь тэднийг ухаарах гэхээсээ эсрэгээрээ илүү эмзэг мэдрэмтгий болохыг үгүйсгэхгүй.
Өөрийнхөөрөө байхыг нь хүлээн зөвшөөр. Өсвөр насны хүүхэд өөрийнхөөрөө байснаар их нээлттэй, харилцааны ур чадвар сайтай болохоос гадна маш илэн далангүй шударга нэгэн болдог. Мөн орчинд нь чөлөөтэй явуулаарай. Харин ямар ямар эрсдэл байгааг нь хэлж өгөөрэй.
Аав ээж өөрийн туршлага болон хэцүү нөхцөл байдлыг хэрхэн, яаж зохицуулснаа хуваалцаарай. Өсвөр насны хүүхэд танаас үлгэр жишээ авдаг ба аав ээжээсээ суралцахыг, үлгэр дуурайлал авахыг хүсдэг байж болно. Аав ээж та өөрийн амьдралын сайхан дурсамж, алдаа оноо, туршлагаасаа хуваалцаж ярилцдаг, сэрэмжлүүлж байгаарай.
Тэдэнтэй харилцаа тогтооход цаг зарцуулаарай. Таны хүүхэд эцэг эхийнхээ анхаарал хайр халамж дутагдаж, бүр цаашилбал нийгмийн харилцаанаас зайлсхийдэг нэгэн болдог. Ийм хүүхэд хамт олон, найз нөхөд, гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй. Хүүхдэд таны харилцаа, хандлага, халуун дулаан хайр маш их нөлөөлдөг юм шүү.
Тэдний үзэл бодлыг хүндэтгээрэй. Хүүхдийг эвддэг нэг асуудал бол сонирхол, хүсэл мөрөөдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх. Хүүхдийн хандлага, үзэл бодол, зорилго, хүсэл, мөрөөдөл, мэргэжил зэрэг нь аав ээжид таалагдахгүй байна гэсэн бодол удаа дараа бий болсноор хүүхэд өөрийгөө голж эхэлдэг. Мөн шийдвэр гаргах тал дээр туслалцаа дэмжлэгийг байнга авдаг муу зуршилтай болдог ба өөрөөр хэлбэл үеийхнийгээ бодвол биеэ даах чадваргүй болдог.
Тодорхой нээлттэй асуулт тавьж харилцаж байгаарай. Товчхон үг ашиглан харилцахад хүүхдийн харилцаанд муугаар нөлөөлөх ба үглэсэн олон үгэнд дургүй болж их юм бодох, асуудалтай харилцаанаас зайлсхийх гээд олон хүний харилцаанаас төвөгшөөсөн хүн болдог.