Open iToim app
Зочин | 7 мин уншина

БНСУ-д кино найруулагчаар ажиллаж байгаа Б.Сумъяасүрэн: Солонгосын IPTV дээр монгол киног оруулна

БНСУ-д кино найруулагчаар ажиллаж байгаа Б.Сумъяасүрэн: Солонгосын IPTV дээр монгол киног оруулна
Нийтэлсэн 2021 оны 6 сарын 21
Өмнөд Солонгосын урлагийн салбарт кино найруулагч мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа Б.Сумъяасүрэнтэй ярилцлаа. Тэрээр БНСУ-ын Урлагийн их сургуулийг кино найруулагчийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2015 оноос хойш Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Б.Сумъяасүрэн нь Өмнөд Солонгос олон ангит хэд хэдэн алдартай кино төслүүд дээр ажиллаж монгол хүний ур чадвар, тэсвэр тэвчээрийг гадаадад сурталчилж чадаж байгаа чадварлаг нэгэн юм.
-БНСУ-н Урлагийн их сургуульд кино найруулагчийн мэргэжлээр сурахад хүндрэлтэй зүйл тулгарч байв уу. Солонгос хэл хэрхэн сурч байсан вэ?
-Өмнөд Солонгосын Урлагийн их сургуульд 2011 онд элсэн орж, 2015 онд төгссөн. Миний хувьд жуучлалын компаниар дамжуулж Солонгост ирж байсан. Монголоос 10 хүүхэдтэй анги бүрдүүлж ирээд хэлний бэлтгэлийн зургаан сарын дотор нэг нь харлаж, найман нь буцаж, би ганцаараа үлдээд төгсөж байсан. Хүний нутагт сурахад шантрах тохиолдол маш их тулгадаг юм билээ, ялангуяа хүүхдүүдэд хүнд байсан. Жишээ нь, хоол нь таарахгүй гэх мэт асуудал үүсдэг. Миний хувьд дуртай мэргэжлээрээ сурахад хэцүү, шантрах үед гарч байгаагүй. Бүх зүйл шинэ байсан учраас маш сонирхолтой байсан. Хамт ирсэн хүүхдүүд маань шантарч байгааг хараад нэг зүйлийг ойлгосон. Эцэг эхчүүд арван жилийн сургуулиа дөнгөж төгссөн 18, 19 настай жоохон хүүхдүүдээ гадаад руу ганцааранг нь сургуульд явуулахад хүүхдийн бие даах чадварыг маш сайн харж явуулах ёстой юм байна гэж бодсон.
Би ямар ч хэлний мэдлэггүй ирж байсан учир эхний улиралд хичээлд суухад юу ч ойлгодоггүй байсан. Гэсэн хэдий ч хамгийн урд суугаад, ойлгохгүй ч гэсэн өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй маш идэвхтэй сонсдог байсан. Харин хичээлийн хоёрдугаар улирлаас эхлээд миний чих онгойгоод шууд бүх зүйлийг ойлгодог болсон. Тэр мэдрэмжийг мэдрэхэд надад маш сонин, гоё байсан. Ер нь ямар нэгэн хэл сурахад хүн бүрийн сурах арга барил өөр, өөр байдаг. Миний хувьд солонгос хүүхдүүдтэй их найзалдаг байсан учраас хүүхдүүдийн ярьж байгааг дуурайж, дагаж хийсээр байгаад хурдан сурсан байх гэж боддог. Түүнчлэн бусад монгол хүүхдүүдийг бодвол оюутны байрандаа солонгос хүнтэй хамт байсан учир хэл сурахад дөхөм болсон болов уу.
-Кино найруулагч таны багын мөрөөдөл үү?
-Миний багын мөрөөдөл биш. Би арван жилээ төгсөхдөө мэргэжлээ сонгоогүй байсан. Спортоор их явдаг байсан учраас гүйлтийн тамирчин болно гэж бодоод хичээллэж үзсэн. Миний хийх зүйл биш юм байна гэдгийг ойлгосон. Математиктаа тийм ч сайн биш байсан учраас математик чиглэлээр явахгүй, урлаг талдаа гайгүй юм чинь урлагийн хүн болъё гэж шийдсэн. Ингээд кино найруулагч мэргэжлийг сонгосон.
-Солонгосын кино урлагийн салбар маш том, хүссэн хүн бүр орж чадахгүй байх. Таны хувьд сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарч байсан гэсэн. Ажлын байр олж мэргэжлээрээ ажиллахад хэр хүндрэлтэй байсан вэ?
-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахад амар байгаагүй. Миний хувьд мэргэжлээрээ олон ангит кинон дээр ажиллах зорилготой байсан. Гэтэл миний сурсан сургууль тийм ч том сургууль биш, телевизийн чиглэлээрээ нэртэй сургууль биш байсан учраас олон ангит кинон дээр дадлага хийлгэх боломжгүй гэсэн. Ингээд дадлагын бичгээ авахын тулд телевизийн маш жижиг нэвтрүүлгүүд дээр ажиллаад сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарах гэтэл ажил олдоогүй. Хүний нутагт ганцаараа амьдарч байгаа учраас таньдаг хүн ч байхгүй, сургуулиас олон ангит киноны чиглэлээр явуулах боломжгүй гээд хэсэг хугацаанд гацалтын байдалд байсан. Тэр үед дадлага хийхэд танилцаж байсан хүн маань цэнгээнт нэвтрүүлэг дээр ажиллах санал тавиад ажиллаж эхэлсэн. Тэнд маш бага цалингаар, ачаалал ихтэй ажиллаж байсан ч жижиг мэдээлэл дамжуулдаг нэвтрүүлгээсээ нэг шат ахиад цэнгээнт нэвтрүүлэг дээр ажиллаж байгаа учраас хамаагүй дээр байсан. Тэр үе миний амьдралын хамгийн хэцүү цаг үе байсан. Дөрвөн өдөр нойргүй явах ямар хэцүү байдгийг тэр үед л мэдэрсэн. Надтай хамт ажиллаж байсан солонгос хүүхдүүд шантраад гарч байсан ч би шантраагүй төслөө дуусгасан. Ингээд багаараа дараагийн төсөл рүү орсон, байдал улам хэцүү болсон. Удаан хугацаанд стресстэй явахад хүн өвдөж эхэлдэг, тухайн үед би хүнээс айдаг өвчин тусаж байсан. Ингээд шантраад энэ миний амьдрах амьдрал биш юм байна гэж бодоод Монгол руугаа буцсан.
Монголд байх хугацаанд Солонгосын нэг нэвтрүүлгийн зураг авалт дээр зохион байгуулалт дээр нь ажиллаж байх хугацаанд солонгос продюсертай танилцсан. Гэтэл тэр продюсер Солонгост олон ангит кино хийдэг хүн байж таарсан. Ингээд тэр хүний хийж байсан кинон дээр ажиллаж миний олон ангит кинон дээр ажиллах зам нээгдсэн. Энэ бүгдийг эргээд бодоход “Хүний амьдралд болох ёстой зүйл болж, уулзах ёстой хүмүүс уулздаг юм байна” гэж ойлгосон. Мөн ажилдаа сайн, хичээнгүй, тууштай байх юм бол чамайг дэмжих хүн маш их, тэр хэрээрээ дээшээ дэвших боломж гарна. Миний сонгосон зам тийм ч амар зам биш. Гэхдээ л хүссэн мэргэжлээрээ хүссэн зүйлээ хийгээд явж байгаадаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
undefined
-Хамгийн анхны ажиллаж байсан олон ангит киноны талаараа ярихгүй юу?
-Хамгийн анхны ажилласан кино бол “Different dream” гээд нэртэй түүхэн олон ангит кино байсан. Энэ кино нь БНСУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан хийсэн маш том төсөл. Тус төсөл дээр ажиллаж байхдаа долоо хоногийн нэг өдөрт нь л гэртээ орж ирдэг, бусад өдөрт хөдөө зураг авалтад гардаг байсан. Мөн энэ кино төсөл дээр ажилласнаар маш их зүйл сурч, олон хүнтэй танилцаж, өөрийгөө бусдад харуулж чадсан. Тийм учраас дараа дараагийн кино төслүүд дээр ажиллах саналуудыг авсан.
-Мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн цагаас хойш нийт хэдэн киноны төсөл дээр ажилласан вэ?
-Одоогийн байдлаар дөрвөн төсөл дээр ажилласан байна. Тухайлбал “Different dream”, “wonderful my life”, “Welcome to witchs restaurant” кино хийсэн. Хамгийн сүүлд хийсэн кино маань удахгүй цацагдах гэж байгаа. Нэлээн том газрын бүтээл.
-Та удахгүй “That year we” гээд олон ангит кино төсөл дээр ажиллах гээд бэлтгэл ажилдаа орсон гэж байсан. Киноны гол дүрийн жүжигчид маш алдартай жүжигчид байсан?
-Өмнөд Солонгосын хамгийн том продакшн болох “Studio dragon”-ны бүтээл SBS телевизээр 2022 онд цацагдах олон ангит кино дээр ажиллах гэж байгаа. Долдугаар сарын 12-ноос зураг авалтдаа гарах гэж байна. Дараа жилийн нэгдүгээр сар хүртэл зураг авалт үргэлжлэхээр төсөл бичигдсэн. Тус киноны гол дүрийн эрэгтэй жүжигчнээр “Parasite” киноны гол дүрд тоглодог залуу байгаа. Харин эмэгтэй гол дүрийн жүжигчин нь “Itaewon class” гээд алдартай драмд тоглосон эмэгтэй байгаа. Kim Da Mi нь “Itaewon class”-аас хойш уран бүтээлд ороогүй байсаар 20 гаруй  зохиолоос манай зохиолыг сонгосон. Энэ бол миний амьдралын хамгийн том кино төсөл.
undefined
-Энэ том кино төсөл дээр ажиллах санал тавихад танд ямар сэтгэгдэл төрсөн вэ?
-Би сэтгэл хөдлөлөө гадагшаа гаргадаггүй төрлийн хүн учраас дотроо маш их баярласан. Маш том төсөл учраас энэ мэдээг өөрийн фэйсбүүкт пост хийх хэрэгтэй гээд хийж байсан.
-Солонгос кино дэлхийд байр сууриа олж маш олон үзэгчидтэй болж байгаа. Энэ салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд Монголчууд кино хийхдээ юун дээр анхаарч, юуг сайжруулбал дэлхийд гарах боломжтой гэж харж байгаа вэ?
-Олон ангит киног манайхан одоо л хийж эхлэх гээд байна. Миний хувьд монгол төсөл дээр ажиллаж байгаагүй учраас монгол киноны талбар ямар байдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ миний ажигласнаар олон улсад гарахын тулд  хамгийн эхний зүйл нь хүн ам юм болов уу гэж бодсон. Бид нар маш цөөхүүлхнээ, гадаад хүмүүс төдийлөн Монгол Улсын талаар сайн мэддэггүй учраас олон улсад гарах хүндрэлтэй байх. Гэхдээ олон улсад гарахын тулд олон улсад нийцсэн маш сайн зохиолтой, хийцтэй байх хэрэгтэй байх. Хэрвээ олон улсын стандартад нийцсэн кино хийж чадвал олон улсад гарах боломжууд маш их нээгдсэн. Олон улсын кино фестивалиуд маш их болж байна. Хэрвээ тэдгээр наадмуудад шалгарвал олон улсын портал сайтуудад кино тавигдана, гадаад зах зээлд зарах боломж маш өндөр. Сайн уран бүтээл гарахын тулд хамгийн эхний ээлжид зохиолын сэдэв маш оновчтой, сайн байх хэрэгтэй. Миний хувьд Солонгосын IPTV дээр монгол киног оруулна гэсэн бодолтой байгаа.
-Таны хувьд Монголдоо ирж кино төсөл дээр ажиллах төлөвлөгөө байгаа юу?
-Монгол кино төсөл дээр ажиллах зорилго мэдээж байгаа. Одоохондоо биш ч гэсэн хэдэн жилийн дараа Монголдоо очоод багаа бүрдүүлээд олон ангит кино хийнэ гэсэн бодол байдаг. Ерөнхийдөө тийм зорилгын төлөө би Солонгост суралцаж, ажиллаж байгаа.
-Таны ойрын болон холын зорилго юу вэ?
-Ойрын зорилго бол одоо хийж байгаа ажилдаа илүү сайн мэргэшиж, өөртөө маш их их зүйлийг суулгах байгаа. Харин холын зорилго бол өөрийн гэсэн кино хийх, өөрийн гэсэн төсөл боловсруулж олон улсад гарна гэж зорьдог.  
-Яг одоо энэ цаг үед хүүхдүүд арван жилээ төгсөөд мэргэжлээ сонгоод гадаад, дотоодын их сургуульд суралцах гээд шийдвэр гаргаж байгаа. Гадаадад суралцах гэж байгаа тэр дундаа тантай адил мэргэжлээр сурах гэж байгаа  хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгнө үү?
-Боломжгүй зүйл гэж байхгүй, мөрөөдөлдөө хүрэх нь хувь хүн өөрөөс нь шууд шалтгаална. Хувь хүн өөрөө ямар байхаас шалтгаалж тэр хүний ирээдүй тодорхойлогдоно. Яахаа мэдэхгүй, ирээдүйд хэн болохоо тодорхойлоогүй, эцэг эхийнхээ гараас гарч үзээгүй тийм хүүхдүүд ихэвчлэн гадаад суралцахаар ирдэг. Ингээд гадаад ирээд бие даагаад амьдраад явах үед гадны нөлөөнд автаж өнөө сурах зорилгоо мартаж тохиолдол их гардаг. Тийм учраас өөрийн гэсэн зорилгодоо гаднын нөлөөнд авталгүй төвлөрч чаддаг байх хэрэгтэй. Гадаадад суралцахаар явах гэж байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэхэд зугаа цэнгэлд хэт авталгүй зөв байгаарай, зөв зүйл хийж, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Ингэж чадвал зорилгоосоо шантрахгүй хүссэн зорилгодоо хүрч чадна.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн