Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагчтай ярилцлаа.
-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил ямар шатандаа яваа вэ, ашиглалтад хэзээ орох вэ?
-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн. Манай төмөр замын суурь бүтцийн доод болон дээд бүтцийн ажил бүрэн дуусч, дохиолол төвлөрүүлэлт, хориглолтын байгууламжийн ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ ажил дуусвал төсөл 100 хувь дуусна. Бидний төлөвлөж байгаагаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416,1 км төмөр зам энэ оны 4-р улиралд багтаан ашиглалтад орохоор байна. Өнөөдрийн байдлаар зүгшрүүлэлтийн тээвэр явагдаж, энэ оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хойш ойролцоогоор 260 мянга орчим тонн экспортын ачааг тээвэрлээд байна.
-Танай төмөр зам ашиглалтад орсноор хэдий хэмжээний ачаа тээвэрлэх боломжтой вэ?
-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын тухайд товч мэдээлэл өгөхөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416,1 километрийн урттай, нэг өртөө, зургаан зөрлөгтэй гуравдугаар зэрэглэлийн төмөр зам болно. Манай төмөр замаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Хоногт 8 хос галт тэрэг аялна. Төмөр замын бүтээн байгуулалт бүр улс орны эдийн засагтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл авто тээврийн үнэ одоо байгаагаасаа 3-4 дахин буурах эдийн засгийн тооцоол гарсан нь энэ төслийн бодит үр өгөөж юм.
-Гол болон дэлгэмэл замын урт хэд вэ, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг хэрхэн харж байгаа вэ?
-416.1 км, дэлгэмэл урт нь 463 км урттай төмөр зам. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор 1200 орчим ажлын байр шинээр бий болж, говийн бүсэд төмөр зам дагасан суурьшлын томоохон төвүүд шинээр үүсэж, үүнийг дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ. Үүнээс гадна манай төмөр замын трассын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газруудын нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордуудын 6 орчим тэрбум тонн нөөц ашиглах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад авто замаар тээвэрлэж байгаа нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулна.
-Төслийн нийт өртөг хэд вэ, үүнийг хэдий хугацаанд нөхөн олох боломжтой вэ?
-Нийт өртөг нэг их наяд 392 тэрбум төгрөг. 12 жилийн дараа нийт зардлаа нөхөх тооцоолол гаргасан. Галт тэрэгний дугуй эргэсэн л бол орлого олно.
-Төслийн санхүүжүүлэгч, гүйцэтгэгч, захиалагчдын талаар мэдээлэл өгнө үү?
-Захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажилласан. Манай компанийн тухайд Засгийн газрын 117 дугаар тогтоолоор байгуулагдаж, захиалагчийн эрх шилжсэн боловч манай компани тухайн үед байгуулагдаагүй байсан учраас “Монголын төмөр зам” ТӨХК бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад улсын комисст хүлээлгэж өгсний дараа аудитын шалгалт орж, манай компанид хүлээлгэж өгөхөөр байна. Төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрэн хариуцаж байгаа бол бүтээн байгуулалтад үндэсний 104 ААН-үүдээс гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн ажилласан.
-Тэгэхээр танай компанийн хувьцааг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшдэг гэсэн үг үү?
-Манай компанийн хувьцааны 66 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг.
-Танай төмөр замыг гуравдугаар зэрэглэлийн гэж тодотгоод байгаа. Нэгдүгээр зэрэглэлийн төмөр замаас юугаар ялгаатайг тайлбарлахгүй юу?
-Нэг болон гуравдугаар зэрэглэлийн төмөр замын ялгаа нь уулзвартай, уулзваргүйгээрээ өөр байдаг. Харин бүтэц, хийцийн хувьд адилхан. Нэгдүгээр зэрэглэлийн зам зохион байгуулалт болон өнгө үзэмжээрээ гуравдугаар зэрэглэлийн замаас илүү. Ер нь бол гуравдугаар зэрэглэлийн зам нь хялбар байдаг. Энгийн үгээр хэлбэл ямарваа эвдрэл гэмтэл гарвал тэр хэсгээ аваад эргүүлэн солиод байх боломжтой. Нэгдүгээр зэрийн зам бүхэл бие тул засвар хийх тохиолдолд цаг хугацаа, өртөг их шаардана
-Өртөө зөрлөгүүдийн байгууламжууд нь байгуулагдаж дууссан уу?
-Бүх байгууламж дууссан. Улсын комисст өртөө болон зөрлөгүүдэд баригдсан ажилчдын байр орон сууцыг хүлээлгэж өгсөн. Одоогоор төмөр зам, гүүр хоолой зэрэгт техикийн комисс ажиллаад байна. Одоо холбоо дохиололын ажил дуусчихвал манай төмөр зам энэ ондоо бүрэн ашиглалтад орно гэж ойлгож болно.
Энэ зун нуралт үүссэн байсан. Юунаас болсон бэ?
-Тэр бодит зүйл биш. Улаанбаатар төмөр замын нөхдүүд засвартай замаар зүтгүүрээ явуулж байгаад машинист нь алдаа гаргасан. Тэргэнцэр замаас гарсан болохоос унасан асуудал байхгүй. Хоёр рес төмөр нь мултарсан гэсэн үг.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэийн төмөр замтай 22 км замаар холбогдож байгаа гэж ойлголоо...
-Хоёр төмөр замыг холбосон 22 км замын ажил дууссан, тээвэр явах боломж бүрдсэн байгаа.
-Зүүнбаянгаас-Шанд хүрч буй замын даацын хэмжээ өөр байгаа юм билээ. Үүнийг сайжруулах шаардлага бий юу?
-Төмөр замуудыг техникийн нөхцлийг ижилтгэх, зарим хэсгийг сайжруулах шаардлагыг тодорхойлох зорилготой ажлын хэсэгт “Зүүнбаян төмөр зам” компани, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, ЗТЯ-ны төлөөллийг оруулж ажилласан. УБТЗ-ын Сайншанд-Зүүнбаян өртөө хоорондын төмөр замын хүчин чадлыг сайжруулах ажил ирэх хавар эхлэхээр төлөвтэй байна. Судалгааны ажлууд хийгдэж байгаа. “Зүүнбаян төмөр зам”, “Гашуунсухайт” “Тавантолгой төмөр зам”-уудын гол замын даац нь 25 байдаг. УБТЗ-ын 23,5 юм. Төв магистрал руу оруулахын тулд бид 25 бус 23,5-р ачиж байна. Үүнд уялдуулан хүчин чадлыг нь 25 болгох, бетон дэрийг солих зэрэг ажлыг хийх хэрэгтэй.
-Танайх говийн элсний нүүдлийн бүсэд замаа барьснаараа их онцлогтой. Ямарваа байгалийн хүчин зүйлийн нөлөөнөөс үүдэн зам саатах эрсдэл бий юү, тухайлбал элсний нүүдэл?
-Говийн зам, тэр дундаа Зүүнбаян-Тавантолгой төмөр зам хэвтээ тэнхлэгийнх. Манай зам хөндлөн учраас хоёр асуудал хүнд байна. Нэгд, элсний нүүдэл. Хоёрт, зэрлэг ан амьтан асуудал болж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөий хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая ширхэг мод тарихаас 7,4 сая ширхэг мод тарих батламжийг манай байгууллагад өгсөн. Бид ч төмөр замаа элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулахаар “Ногоон зам” төсөл хэрэгжүүлж байна. Ирэх жилүүдэд нийтдээ 16 сая ширхэг мод тарихаас өнгөрсөн хавар Цогтцэций өртөөний орчимд 2 мянга орчим ширхэг мод суулгаж, өнөөдөр ургалт нь 98 хувьтай байна. Үүнээс гадна Монгол улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай цөлжилтийн эсрэг хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн бол бусад эмргэжлийн байгууллага, холбоодтой хамтын ажиллагаа эхлээд байна. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км замын 98 км замд нь хориг хашаа баригдаж, үлдсэн хэсэгт хориг хашаагүйгээр үлдэж байгаа учраас мод тарих ТЭЗҮ-д мод хамгаалах хашааг төмөр замын хориг хашаагаар ашиглах талаар тусгаж байгаа.
-Төмөр замынхан зүтгүүрийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Манай улсад зүтгүүр хангалттай бий юү?
-Хөдлөх бүрэлдэхүүн бүрдүүлэх чиглэлийн манай ажилтнууд чиглэл тус бүрийнхээ дагуу ажиллаж, судалж байна. Өнөөдрийн байдлаар зүтгүүр, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ, ОХУ, БНХАУ-ын зүтгүүрийн компаниудтай цахимаар уулзаж, хөдлөх бүрэлдэхүүн бүрдүүлэх чиглэлд хэд хэдэн хувилбар гарган ажиллаж байна.
Тавантолгой төмөр зам 16 ширхэг зүтгүүр АНУ-аас оруулж ирэх гэрээ хийсэн. 2023 оны хоёрдугаар улиралд үүний дагуу эхний дөрөв нь ирэхээр төлөвлөсөн. Манайх мөн л АНУ, ОХУ, БНХАУ-ын зүтгүүрийн компаниудтай цахимаар уулзаж, ярилцаад хувилбаруудаа гаргасан. Үүнийг толгой компанийнхаа ТУЗ-д танилцуулж, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой. Бид цаашид суурь бүтцээ эзэмшсэний дараа зүтгүүртэй болж, тээвэрт ажиллагаанд орох боломжтой.
Монголд ерөнхийдөө БНХАУ-ын Далиандад үйлдвэрлэсэн 7, ОХУ-д үйлдвэрлэсэн зүтгүүрийг УБТЗ хэрэглэж байгаа. АНУ-ын хоёр бий. Үүнийг мөн л УБТЗ хэрэглэж байна. Ерөнхийдөө зүтгүүрийн хомсдол байгаа учраас хүчээ сэлбээд явах хэрэгтэй. Тавантолгой төмөр зам ирэх хоёр жилд 16 зүтгүүртэй болно. Зүтгүүрийг захиалахад үйлдвэрээс гарах хугацаа дээд тал нь 18 сар байдаг. Цар тахал, олон улсын тааламжгүй байдлаас үүдэн тэр хугацаа хойшлогдох нөхцөл үүсэж мэднэ. Тавантолгой төмөр тамын захиалсан 16 зүтгүүрийг бид ашиглах боломжтой.
Эцэст нь хэлэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг манай компани эзэмшиж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК зохион байгуулахаар болсон.
Энэхүү бүтээн байгуулалтад оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчний жанцин шта болон бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүст баярлаж талархаж байгаагаа үүгээр илэрхийлье.