Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Тайванийг Хятадад дахин нэгтгэх бэлгэдэл болгон бэлэглэсэн хулсны баавгай нас баржээ

Тайванийг Хятадад дахин нэгтгэх бэлгэдэл болгон бэлэглэсэн хулсны баавгай нас баржээ
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 21
БНХАУ-ын эрх баригчид дипломат харилцааны бэлгэдэл болгон найрсаг харилцаа бүхий чухал түнш улс орнууддаа хулсны баавгай бэлэглэдэг уламжлалтай.
Тэгвэл 2008 онд Хятад-Тайваний найрамдал, дахин нэгдлийн бэлгэ тэмдэг болгон өгсөн эр эм хос панданы нэг нь нас барсан талаар Тайпей хотын амьтны хүрээлэн мэдэгдсэн байна. Тухайн үед, Хятад-Тайваний харилцаа харьцангуй найрсаг түвшинд байсан. Мөн Туан Туан болон Юан Юань нэртэй хоёр хулсны баавгайн нэрийг хамтад нь бичихэд “дахин нэгдэх” гэсэн утга илэрхийлдэг. Тайпей хотын амьтны хүрээлэн 2013 болон 2020 онуудад хос панданы хоёр бамбаруушийг өлгийдөн авч байв.
Гэвч 2009 онд Ши Жиньпин төрийн эрхэнд гарч, “Нэг-Хятад” бодлогыг хүчтэй түлхэх болсон. Улмаар Тайванийг Эх газрын Хятадын нэг хэсэг бөгөөд өөртөө дахин нэгтгэх асуудлыг хөндөх болсон нь Бээжин болон Тайпейгийн харилцаа өнөөгийн хурцадмал түвшинд хүрэх шалтгаан болсон билээ.
Хамгийн сүүлд, Ши Жиньпин БНХАУ-ын эрх баригч Коммунист намын ХХ их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Тайвань бол Эх газрын Хятадын нэг хэсэг” гэж мэдэгдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэн өөртөө нэгтгэх талаар дурдсан.  
Хятадын үе үеийн удирдагч нар найрсаг харилцаатай, стратегийн чухал түнш орнууддаа хулсны баавгайг бэлэг болгон өгдөг уламжлалыг “Панда дипломат ажиллагаа” гэж тодорхойлдог. Энэхүү заншил нь Хятадын гадаад харилцааны нэгэн чухал хэрэгсэл болж ирсэн түүхтэй.  
Манай урд хөрш Хүйтэн дайны он жилүүдэд буюу 1957-1983 оны хооронд ЗХУ, АНУ, Их Британи болон Хойд Солонгос тэргүүтэй 9 улстай нөхөрсөг харилцаа бий болгох зорилгоор 24 панда илгээж байв. 
Тухайлбал, 1972 онд БНХАУ-ын удирдагч асан Мао Зедун тус улсад төрийн айлчлал хийсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох Ричард Никсонд хоёр орны нөхөрсөг харилцааны бэлгэ тэмдэг болгон эр эм хос панда бэлэглэсэн түүхтэй. Үүний хариуд Ричард Никсон Хятадын ард түмэнд хоёр безон үхэр бэлэглэж байв. Судлаачид АНУ-ын хоёр ч Ерөнхийлөгч гурван жилийн зайтай БНХАУ-д айлчилж, харилцан хүндэтгэл бүхий бэлэг солилцсон тухайн цаг үеийг Вашингтон болон Бээжингийн харилцааны оргил үе гэж тодорхойлдог.
Хамгийн сүүлд, 2019 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ хоёр орны нөхөрлөл, харилцан хүндэтгэл, итгэлцлийн бэлгэ тэмдэг болгон Москвагийн амьтны хүрээлэнд мөн хос панда бэлэглэсэн.
Эх сурвалж: BBC
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн