Open iToim app
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 29
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай банкуудын IPO, ТӨК-иудын хувьчлал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Системийн нөлөө бүхий таван банк /Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Төрийн банк/ долдугаар сарын 1-ээс өмнө амжиж IPO гаргах хуулийн хугацаатай. Үүнд Хөрөнгийн бирж хэрхэн бэлдэж байна вэ?
-Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкууд хоёр үе шаттай шинэчлэлийг хийнэ. Нэгдүгээр үе шатанд системийн гэгдэх банкууд зургадугаар сарын 31-ээс өмнө хувьцааныхаа 20 хүртэлх хувьд IPO гаргах ёстой. Хоёрдугаар үе шатанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 гэхэд нэг банкны нэг хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээдийн хувьцаа 20 хувиас илүүгүй байх журмаар шинэчлэгдэх юм. Үүний хүрээнд банкуудын бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр банк манайд үнэт цаасны танилцуулгаа өгсөн.
Банкуудыг олон нийтэд нээлттэй болгох нь томоохон шинэчлэлийн ажил юм. Системийн томоохон банкууд сүүлийн 30 жил Монгол Улсдаа үйл ажиллагаагаа эрхэлсэн хамгийн том хувийн аж ахуй нэгжүүд. Үүн дээр Төрийн банк нэмэгдэж орж ирнэ. Төрийн банкны хувьд төрийн өмчит учраас Засгийн газар, УИХ-аас холбогдох шийдвэр гарсны дараа олон нийтэд нээлттэй болох ажил нь эхэлнэ.
Бид банкуудын хувьцааг бүртгэж, арилжаалах хуулийн үүрэгтэй, дэд бүтцийн байгууллага. Системийн топ банкууд дэлхийн дөрвөн том аудитын байгууллагаар аудит хийлгэдэг, жил бүр ашигтай ажилладаг, хүн бүр энэ банкуудын харилцагч гэдэг утгаараа хөрөнгийн зах зээлд том түлхэц болно. Тиймээс зөвхөн дотоодын зах зээлийн багтаамжаар IPO хийхээсээ илүү гаднын хөрөнгө оруулагчийг татахад тодорхой ажлууд хийнэ.
Монголын хөрөнгийн биржээс банкуудыг олон нийтэд нээлттэй болгох хүрээнд үнэт цаасны бүртгэлийн хураамжийг 10-75 хувиар бууруулна. Мөн үнэт цаас гаргагчийн төлөх анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг тэглэх, арилжааны шимтгэл тооцооллыг олон улсын стандартад нийцүүлэх зэргийг журамдаа тусгаж, ТУЗ-өөрөө батлуулахаар ажиллаж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох процессыг хөнгөвчлөхөд анхааран ажилласан. Тухайлбал, хөрөнгө оруулагчид 100 хувь цахимаар оролцож, банкны хувьцааг гар утаснаасаа онлайн хэлбэрээр авах боломж бүрдсэн гэж хэлж болно.
-Гаднын хөрөнгө оруулагчдыг татахад тодорхой ажил хийнэ гэлээ. Тухайлбал ямар, ямар ажил хийх вэ?
-FTSE Russell Frontier Market-ийн ажиглалтын жагсаалтад Хөрөнгийн бирж орсон. Цаашлаад есдүгээр сард тус байгууллагын Фронтиер ангилалд албан ёсоор орох хүлээлттэй ажиллаж байгаа. Ингэснээр гаднын томоохон сангуудыг Монголын хөрөнгийн зах зээл рүү татах үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Банкуудын эхний үе шат зургадугаар сарын 30 гэхэд дотоодын хөрөнгийн зах зээлийн бололцоогоороо явна. Харин 2023 оны арванхоёрдугаар сараас өмнө хэрэгжүүлэх хоёр дахь үе шатанд дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд Монголын хөрөнгийн зах зээл дээр болж буй банкуудын шинэчлэл, төрийн өмчийн компаниудын шинэчлэл зэргийг сурталчилсан ажил хийнэ. Энэ ажлыг Лондон, Сингапур, Сөүл, Нью-Йорк, Хонконгод зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалтыг Монголын хөрөнгийн зах зээлд татна.
-IPO хийх гэж буй банкууд Монголын топ гэсэн аж ахуй нэгжүүд, мөн иргэн бүр тус банкуудын харилцагч гэдэг утгаараа хөрөнгийн зах зээл тэлэх, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх болов уу гэж харж байна?
-Тийм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.2 их наяд орчим байгаа. Банкуудын IPO хийснээр энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 10 их наядад хүрэх боломжтой гэж үзэж байна. Одоо бид ДНБ-ий 15 орчим хувьтай тэнцэхүйц үнэлгээтэй байна. Тэгэхээр бид цаашдаа ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээтэй болно гэсэн үг. Энэ бол мэдээж маш том үсрэлт болно. Цаашдаа энэ банкууд олон харилцагчтай учир өөрийн үйлчлүүлдэг банкны хувьцааг худалдаж авна. Тэгээд хувьцаагаа хоёрдагч зах зээл дээр арилжаална. Ингээд арилжааны хувьд ч гэсэн тэлнэ.
Мөн гол нэг хүчин зүйл нь таны хэлдгээр энэ банкуудыг хүн бүр мэддэг. Ийм компаниуд олон нийтэд нээлттэй болоход зах зээлийн идэвх сэргэнэ. Үүн дээр нь нэмээд гаднын хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж бусад компани нээлттэй болох тэр замыг засна.
undefined
-Ер нь банкууд олон нийтэд нээлттэй болох нь ямар ач холбогдолтой вэ?
-Санхүүгийн систем илүү ил тод нээлттэй болно. Системийн эрсдэл буурна. Өнөөдөр банкууд нэг, хоёр хүний эзэмшилд байснаар улс төрийн эрсдэлд орж байгаа. Энэ эрсдэл буурна. Одоо бол иргэд банкны зөвхөн харилцагч нь байна. Харин олон нийтэд нээлттэй болсноор эзэн нь болох боломжтой. Тухайн банкны хувьцаанаас худалдаж авсан иргэд банкны ашигтай ажиллагаанаас ашиг хүртэх боломж нээгдэнэ.
-Иргэд банкуудын хувьцааг худалдаж авахдаа юунд анхаарах вэ?
-Аливаа үнэт цаасанд хөрөнгө оруулахдаа эрсдэл даах чадвартаа нийцүүлэн хөрөнгө оруулах, хөрөнгөө тараан байршуулах зэрэг үндсэн зарчмуудыг баримтлах нь зүйтэй. Үүнээс гадна хувьцаа гэдэг бол урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг тул богино хугацаанд ашиг хүртэх зорилгоор хөрөнгө оруулах нь эрсдэлд хүргэж болзошгүй. Мөн тухайн банкны үйл ажиллагаа, ирээдүйн төлөв, санхүүгийн үзүүлэлт зэргийг сайн судалж, хувьцааны үнэлгээ бодитой эсэхийг магадлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын зөвлөх мэргэжлийн байгууллагуудын туслалцаа авах ч боломжтой.
-Төрийн өмчийн зарим хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд худалдахаар болж байгаа. Энэ процесс хэрхэн явагдах вэ?
-Миний хувь хүний байр суурь бол төрийн өмчит компани олон нийтэд нээлттэй болох зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна. Төр сайн менежер биш гэдэг ойлголт нийгэмд тараад байна. Харин олон нийтэд нээлттэй болж, иргэд хувьцааг нь эзэмшсэнээр үйл ажиллагаа болоод засаглал нь сайжирч, цаашлаад үр ашигтай ажиллаж, тэр үр ашгийг иргэд хүртэх зэрэг олон давуу тал үүснэ.
Төрийн өмчийг олон нийтэд нээлттэй болгож байгаа нь зөвхөн манай улсад байдаг жишээ биш олон улсад байдаг түгээмэл тогтолцоо юм. Урд, хойд хөршийн төрийн өмчит компаниуд дандаа төрийн болон олон нийтийн эзэмшилд байдаг. Монголд ч гэсэн ийм сайн жишээнүүд бий. Тухайлбал, Монгол шуудан компани 34 хувиа олон нийтийнх болгосноор санхүүгийн үзүүлэлт, үр ашиг нь сайжирсан шүү дээ.
-Монголын хөрөнгийн бирж энэ жагсаалтын хамгийн эхэнд явж байна. Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох нь хэр өгөөжтэй байх вэ?
-Хөрөнгийн бирж өөрөө олон нийтийнх болж байж үүнийг манлайлах ёстой л доо. Бид бэлтгэл ажилдаа орсон. Хөрөнгийн бирж олон нийтийнх болж зах зээлийн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулдаг болсноор гаднын хөрөнгө оруулалтын татах боломж нэмэгдэнэ. Үүний үр дүнд ТӨК-иуд олон нийтэд нээлттэй болох процесс амжилттай болно. Тэгэхээр Хөрөнгийн бирж өөрөө олон нийтийнх болох зайлшгүй шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн