Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Л.Амарсанаа: Стресстэй холбоотой толгойн өвдөлтийг намжаах олон арга бий

Л.Амарсанаа: Стресстэй холбоотой толгойн өвдөлтийг намжаах олон арга бий
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 24
Толгойн өвдөлтийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн эмч Л.Амарсанаатай ярилцлаа.
-Толгойн өвдөлт нь олон шалтгаантай байдаг. Тэгэхээр үүсгэгчээсээ хамааран олон хуваагддаг уу?
-Толгойн өвдөлт нь ямар ч өвчний үед илэрч болох нийтлэг зовуур юм. Зарим үед тархи толгойтой холбоотойгоор өвдөж болох ч нөгөө талаар биеийн янз бүрийн өвчин эмгэгийн үед толгой өвдөх шинж илэрч болно. Тэгэхээр толгойн өвдөлтийг ялгаж оношлох нь чухал. Анхдагч, хоёрдогч толгойн өвдөлт гэж байдаг. Анхдагч толгойн өвдөлтийн үед үзлэг хийхэд мэдрэлийн талын янз бүрийн өөрчлөлт илрэхгүйгээс гадна бусад эрхтэн тогтолцооны өөрчлөлт илрэхгүй. Өөрөөр хэлбэл, толгойн өвдөлтийн барьцтай шалтгаан олдохгүй гэж хэлж болно. Шинжилгээнд ч тодорхой шинж тэмдэг илрэхгүй байхыг анхдагч толгой өвдөлт гэж хэлж байгаа юм. Анхдагч толгойн өвдөлт хүн амын дунд хамгийн их тархалттай буюу 90 орчим хувийг эзэлдэг. Гэхдээ энэ толгойн өвдөлт нь аюулгүй. Цаашдаа хүндрэл үүсэх нь бага. Гэхдээ ажлын чадварыг багасгана. Анхдагч толгойн өвдөлтийг дотор нь мигрень, хүчдэлийн хэв шинж, багцалсан гэж хуваадаг. Энэ өвдөлт нь ихэвчлэн үечилсэн байдалтай явагддаг. Тухайлбал, мигрень толгойн өвдөлтийн үед толгой таллаж, лугшиж, гэрэл, дуу чимээнээс мэдрэг болдог. Ингэхдээ дунд зэргээс хүчтэй өвдөлт өгч, ажлын чадвар алдагдуулах талтай. Гэхдээ анагаахын шинжлэх ухаанд мигренийн толгойн өвдөлтийг аюул багатай гэж үздэг. Харин хүчдэлийн хэв шинж буюу стресстэй холбоотой толгой өвдөлт нь толгойг ямар нэг зүйлээр багласан юм шиг үечилсэн байдлаар өвдөнө. Стресстэй холбоотой толгойн өвдөлт нь хүн амын дундах толгойн өвдөлтийн дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ ажлын ачаалал их, стрессээ тайлж чадахгүйтэй холбоотойгоор үүсч буй толгойн өвдөлт. Үүнээс гадна удаан хугацаанд суумгай ажил хийдэг эсвэл хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст булчингийн чангарал үүсч, шохойжилт үүсдэг. Ингэснээр булчингийн гаралтай толгойн өвдөлт үүснэ. Өөрөөр хэлбэл, хүзүү толгойн булчин чангарч толгойн өвдөлт үүсч байна гэсэн үг. Энэ нь хүзүү толгой, дагз руу чилж, халуу оргих эсвэл толгойг барьж байгаа юм шиг өвддөг. Харин багцалсан толгойн өвдөлт нь анхдагч толгойн өвдөлтийн ерөнхий шинжтэй. Үзлэг шинжилгээнд ямар нэг өвчний шинж тэмдэг илрэхгүй гэсэн үг. Мөн толгойн өвдөлтүүд нь хавсарч болно. Хоёрдогч толгойн өвдөлт нь ямар нэг өвчний суурин дээр гарч ирж буй өвдөлт байдаг. Тархины хавдар, буглаа, цус харвалт, хамрын дайврын идээт үрэвсэл, менингит зэрэг бусад бодисын солилцооны өвчнүүдээс давхар толгой өвдөлт гарч ирэхийг хоёрдогч толгойн өвдөлт гэж байгаа юм. Хоёрдогч толгойн өвдөлт нь үүсгэгч шалтгаанаасаа хамаарч тасралтгүй өвдөж болдог. Жишээлбэл, хавдар байлаа гэхэд тасралтгүй, удаан хугацаанд өвдөж, өвдөлтийн эрчим ихэснэ. Ер нь толгойн өвдөлтийн эрчим ихэсч, хугацаа нь уртсаад байвал заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Толгойн өвдөлтийг мэдрэх мэдрэмж нь хүн тус бүрээр ялгаатай, өөр өөр байдаг учраас мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж болохгүй.
-Толгойн өвдөлтөд цитрамон уух нь элбэг байдаг. Энэ нь хэр оновчтой вэ?
-Толгой өвдөх үед эмчид үзүүлэн өвдөлтийн шалтгааныг тодорхойлуулах хэрэгтэй. Өвчний шалтгаандаа тохирсон эмчилгээ авах нь зүйтэй. Өвчин намдаах эм нь тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч цаашдын эмчилгээнд үр дүн муу байх талтай. Удаан хугацаанд өвчин намдаах эмийг хэрэглэснээс болж, ходоодны шархлаа ч гэх юм уу, бусад өвчний хүндрэл гарна. Тухайлбал, цитрамон ч юм уу, өвчин намдаах эмийг олон удаа уувал өвчин намдаах эмийн хамааралтай толгойн өвдөлт үүсдэг. Тухайлбал, мигрений толгойн өвдөлтийн үед цитрамоныг олон удаа уувал эмийн хамааралтайгаар толгойн өвдөлт үүснэ. Ингэснээр мигренийн өвдөлт нь үечлэхээ больж, удаан хугацаанд өвдөх болно. Энэ нь эмийн хамааралтай толгойн өвдөлтөд шилжсэн гэсэн үг. Эмийн хувьд нийлмэл, дан найрлагатай эм байдаг. Нийлмэл найрлагатай эмтэй тайвшруулах төрлийн эм хавсарч байдаг учраас удаан хугацаанд хэрэглэхээр эмийн нөлөөнөөс хамааралтай өвдөлт үүсэх талтай. Дан найрлагатай эм ч мөн адил нөлөөтэй.
-Өвчин намдаах эм толгойн өвдөлтөд үйлчлэхээ болих нь байдаг. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Эмийг удаан хугацаагаар уухаар тухайн хүний бие организмд дасал болж, эм нь үйлчлэхээ больж байгаа юм. Гол нь толгой өвдөхөд эмчид үзүүлж, эмчийн зааврын дагуу эм хэрэглэх нь зүйтэй. Учир нь толгойн өвдөлтийн цаана ямар ч өвчин үүссэн байж болно.
-Толгой өвдөхөд бариулах нь зөв үү?
-Толгойн өвдөлтийг үүсгэгчээс шалтгаалан бариа тохирсон хийвэл зөв байж болно. Гэхдээ толгой өвдөлт бүрт бариа хийх шаардлагагүй. Тэгэхээр бариа хийлгэхээс илүү эмчид хандах нь зүйтэй. Эмч бариа хийх эсэхийг шийднэ. Зарим тохиолдолд бариа хийвэл улам муудах өвчин байж болно. Тухайлбал, хүмүүс ямар нэг юмнаас унах, цохиулахад судас хагарч цус хурсан байж болно. Энэ тохиолдолд толгой хөдөлчхөж гэж бариулах гэдэг. Гэтэл цус хурсан байвал толгойг барьж болохгүй. Дур мэдэн бариа хийх нь эрсдэлтэй алхамд хүрч биеийн байдлыг улам муутгаж болно.
-Стресстэй холбоотойгоор үүсдэг толгойн өвдөлт гэж байдаг юм байна. Тэгвэл стрессээ хэрхэн тайлбал толгойн өвдөлт багасах вэ?
-Стрессээ тайлахдаа тухайн хүн өөрийн дуртай зүйлээ хийх нь маш чухал байдаг. Тухайн хүн өөрөө өөрийгөө ямар зүйлээс кайф авдаг эсэхээ мэддэг. Тухайлбал, спортоор хичээллэх дуртай хүн спортоор хичээллэх хэрэгтэй. Хөгжим сонсох дуртай бол хөгжмөө сонсоно гэсэн үг. Мөн агаар салхинд сайн гарч, илчлэг сайтай хоол идэж байх хэрэгтэй. Үүнээс гадна хэн нэгэнтэй ярилцаж, дотор байгаа зүйлээ гаргаж байх ёстой. Гэхдээ стрессээ тайлна гээд олон цагаар унтах биш, хангалттай хэмжээнд буюу 7-8 цаг унтаж амрах нь зүйтэй.
-Толгойн өвдөлтөөс сэргийлэх ямар арга байна вэ?
-Ер нь ганц толгойн өвдөлт гэхээсээ илүү аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь тухайн хүнээс шалтгаална. Амьдралын хэв маяг зөв байх ёстой. Энэ юу гэхээр хооллолт, ажил амралтаа зөв зохицуулна гэсэн үг юм. Амьдралын буруу хэвшлээс өвчин эмгэг үүснэ. Тэгэхээр амьдралын зөв хэв маягтай байвал өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн