Цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Facebook” компани лхагва гаригт өөрсдийн платформ дахь контентын агуулга хянах тухай үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар тус компани өнгөрөгч 4-9 дүгээр сарын хооронд нийт 3.2 тэрбум хуурамч хаяг болон хүүхдийн хүчирхийлэл, амиа хорлох зэрэг сөрөг агуулгыг сурталчилсан хэдэн сая постыг устгасан байна.
Энэ нь өнгөрөгч оны тайлантай харьцуулахад “Facebook”-ын хувьд хоёр дахин их хуурамч хаяг устгасан үзүүлэлт болжээ. Тэдний хувьд өнгөрөгч 2018 оны мөн үед 1.55 тэрбум хуурамч хаягийг өөрсдийн платформоос устгаж байсан аж. Мөн дэлхийн хамгийн олон хэрэглэгчидтэй нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч тус компани нь энэ удаагийн тайланд анх удаа өөрсдийн эзэмшдэг “Instragram” платформ дахь контентын агуулга хянах тухай үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тус платформ нь сүүлийн жилүүдэд хуурамч, эх сурвалжгүй мэдээлэл, контент ихээр агуулагддаг гэх шүүмжлэлд өртөх болсон юм. Харин компанийн зүгээс дөрөв дэх жилдээ танилцуулж буй уг тайланд ”Instagram дахь хуурамч болон сөрөг агуулга бүхий контентыг автоматаар илрүүлэх функц “Facebook”-ийн ижил төрлийн функцтэй харьцуулахад ноцтой асуудлууд дээр бага зэрэг хангалтгүй ажиллаж байгаа” гэжээ. Тухайлбал, ижил хугацаанд терроризмтой холбоотой сөрөг агуулга бүхий контетыг “Facebook” платформд 98.5 хувь, “Instagram”-д 92.2 хувьтай илрүүлж байгаа аж.
Компанийн зүгээс 2019 оны гуравдугаар улирлын байдлаар хүүхдийн бэлгийн мөлжлөг, нүцгэн зэргээр дүрсэлсэн 11.6 сая постыг “Facebook”-ээс, 754 мянган постыг “Instagram”-аас устгасан байна. Гэсэн ч тус компани нь “Facebook”, “Instagram”, “Whatsapp” зэрэг платформ дахь нийт хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг илүүтэй хангах үүднээс мессеж бичих үйлчилгээний нууцлалын чанарыг нэмэгдүүлж, шифрлэхээр төлөвлөөд буй нь АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын зүгээс хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх ажилд саад болж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрөгч аравдугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кристопер Врей энэ талаар “компанийн зүгээс төлөвлөсөн энэхүү өөрчлөлт нь хүүхэд хүчирхийлэгчид, гаж донтон болон хүүхдийн порнографи хийгчдийн хувьд тэдний мөрөөдлийг бодит болгосонтой ялгаагүй юм” гэжээ.
Тайланд тусгагдсанаар компанийн зүгээс энэ оны гуравдугаар улирлын байдлаар “Facebook” платформ дахь амиа хорлох, өөрийгөө гэмтээхэд уриалсан агуулга бүхий 2.5 сая, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулахтай холбоотой 4.4 сая постыг устгасан байна.