Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Зорилготой залуусын заавал унших таван ном

Зорилготой залуусын заавал унших таван ном
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 9
Зорилгогүй хүн гэж үгүй билээ. Түүнд хүрэхийн тулд олон бэрхшээлийг туулна, заримдаа шантарна. Гэтэл хүрэхийн тулд л зорилго тавьсан шүү дээ. Уншигч та бүхэндээ заавал унших таван номын жагсаалтыг хүргэж байна. Хөл хорионы үед зав ихтэй, уйдахаасаа ч уйдлаа гэсэн залуус сошиалаар нэг шаагьж байна. Энэ бол уйдах цаг биш таны хөгжих, боловсрох, өөртэйгөө ярилцах цаг юм шүү. Таныг бага ч болов хурцалж, шантралыг тань мартуулах ном санал болгосон гэдэгтээ итгэлтэй байна.
1. Алхимич – Пауло Коэльо
undefined
Энэ номыг уншихад маш хялбар байх болно. Үйл явдал, дараалал, гол санааг нь ганц уншаад л ойлгоно. Гэхдээ алхими гэж юу болохыг мэдэхгүйгээр энэ номын нуугдмал санааг олоход хэцүү. Алхими бол хувиргалтын ухаан юм. Аливаа зүйлийн бүтцийг ойлгож, түүнийг задлаад дахин бүтээх. Ерөнхийдөө солилцооны үндсэн дээр явагдана. Ямар нэгэн зүйлийг бүтээхийн  тулд заавал түүнтэйгээ тэнцүү зүйлийг буцаан өгөх ёстой. Тэгэхээр алхими гэдэг шинжлэх ухаан энэ номтой хэрхэн холбогдож байна вэ?
Жирийн л нэг хоньчин хүү зүүдээ даган эрдэнэсийг хайна. Хүүг Сантьяго гэх бөгөөд эрдэнэсийн замд түүнтэй олон хүн учирч, юуг ойлгуулж байгааг харуулна. Олон бэрхшээл, шантралтай нүүр тулсан ч эцэст нь тэр өөрийгөө сонсон, эрдэнэсийг олно. Алхими солилцооны үндсэн дээр явагддаг гэдгийг дурдсан. Энэ номыг уншаад амьдрал тэр чигээрээ солилцоо гэдгийг та ойлгох болно. Зорилгодоо хүрэхийн тулд ч гэсэн солилцоо хэрэгтэй. Хөдөлмөр, тэвчээр, цаг хугацааг өгсний дараа амьдрал таныг зорилгод чинь хүргэх болно. Амтархан уншаарай.
Онцлох хэсэг: Хэн нэгэнд мэхлэгдсэн хууртагдсанаар би өширхөж, атгаг муу санасан хүн бүрийг сэжиглэсэн хүн болно. Эрдэнэсийг өөрөө олж чадаагүйдээ түүнийг олсон хүмүүсийг үзэн яддаг болно. Өөртөө байгаа ялихгүй юмаа таг атгана. Яагаад гэвэл бүх дэлхийг танин ухаарахад бид хэтэрхий өчүүхэн.
2. Сиддхарта – Херманн Хэссэ
undefined
1946 оны Нобелийн уран зохиолын шагналт зохиолч Херманн Хэссэ залуу хүн гэрээсээ гарч, хорвоотой танилцаж, хэрхэн өөрийгөө олж, биеэ дааж сурах ёстойг “Сиддхарта” номоороо харуулжээ. Сиддхартагийн түүхийг өгүүлэх энэхүү ном зөвхөн буддын шашинтнуудад зориулсан ном биш юм. Тэрээр аавынхаа ордонд зовлон зүдгүүр үзэлгүй өссөн. Харин нас биед хүрээд дотоод ертөнц дэх Атманаа олохоор гэрээ орхин явснаар түүх эхэлнэ. Дотны найз Говиндатайгаа ойд очин, Саманачуудтай бясалгал үйлдэн, мацаг барьж, сургааль сонсон, өглөгөөр амьдрах болов. Тэсвэр хатуужилд суралцах урлаг түүнд хүссэн зүйлийг нь өгч чадсангүй. Ингээд аялал үргэлжилнэ.
Онцлох хэсэг: Аав нь сиддхартагийн царайнд сөхрөл харсангүй. Түүний нүд алсын цэгт төвлөрчээ. Сиддхарта хэдийнээ түүнд бас төрсөн нутагтаа хорогдохоо больж, аавыгаа орхисон гэдгийг мэдэв.
3. Өглөөний хүн /Цаг хугацааг захирах нь.../ - Сайшо Хироши
undefined
Дейл Карнегийн “Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм” хэмээх үгээр ном эхэлнэ. Энэхүү номонд 100 өдрийн дотор хэрхэн өглөөний хүн болох, өглөөний хүн болохын ач тусыг бичжээ. Өглөөний хүнийг таван тодорхойлолтоор тодорхойлжээ. Үүнд,
  • Байгалийн хэмнэлээр амьдрагч
  • Өдрийг захиран жолоодогч
  • Өөрийн амьдралыг захиран залагч
  • Амьдралын зорилгоо хэрэгжүүлж чадагч
  • Жинхэнэ эрүүл энх, аз жаргалыг эдлэгч
Хэрвээ та өглөөд их унтдаг бол энэхүү номыг заавал уншаарай гэж зөвлөмөөр байна. Уншсан даруйдаа эрч хүчээр цэнэглэгдэж, хурдхан л 100 өдрийнхөө төлөвлөгөөг гаргамаар санагдах болно.
Онцлох хэсэг: Шөнийн амьдралаа орхиж, өглөөний хүн болж өөрчлөгдөнө гэдгийг өөрөөр хэлбэл цагт баригдсан амьдралаас цагийг захиран зарцуулагч амьдрал руу шилжихийг хэлнэ.
4. Хайрлах урлаг – Эрих Фромм
undefined
Хүн төрөлхтөн оршин байгаа цагт хайр мөнхийн сэдэв байсаар л байх болно. Энэхүү номд хайрлахыг урлаг хэмээн үзнэ. Хүн аливаа урлагт суралцахын тулд эхлээд онолыг нь уншиж, дараа нь практикт суралцана. Гэхдээ энэ хоёроос илүү тухайн урлагийг мэдье гэх чин хүсэлтэй байх ёстой хэмээн бичжээ. Хайрлах урлаг номыг хайрын онол гэж хэлж болох ба энэхүү номыг уншиж хайрын талаар мэдээд практикт туршаарай. Хайр гэдгийг бид хамгийн түрүүнд эсрэг хүйстэндээ татагдах буюу эротик хайр гэх зүйлээр ойлгоод байх шиг. Эцэг, эхийн хайр, бусдыг, өөрийгөө хайрлах хайр цаашлаад бурхныг хайрлах хайрыг мартдаг аж. Та хайрын талаар ямар ойлголттой байдаг вэ? Ханийгаа, аав ээжийгээ, үр хүүхдүүдээ хайрлахад л болно гэж боддог уу? Энэ номыг уншсанаар та хайрын талаар тэс өөр ойлголттой байснаа мэдэх болно. Хайрлах гэдэг нэгэн урлаг уу, Хайрын тухай онол, Хайр ба Өрнөдийн нийгэм дэх түүний үнэгүйдэл, Хайр практик амьдрал дээр гэсэн дөрвөн бүлэг энэхүү номыг бүрдүүлнэ.
Онцлох хэсэг: Ихэнх хүмүүсийн хувьд хайрын асуудал нэн тэргүүнд өөрийгөө хайрлуулах асуудал байдаг болохоос “хайрлах” болон “хайрлаж чадах” тухай асуудал биш аж.
  1. Таны мэргэжлийн ном
Мэргэжлийн ном гэдэг уран зохиолын ном биш. Заавал тэмдэглэн хөтлөн уншаарай. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн