АНУ-ын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Марк Эспер даваа гаригт Иракаас цэргүүдээ татах төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлжээ.
Иракийн парламент ням гаригт хуралдаж өөрийн нутаг дэвсгэр дээрх бүх гадаадын цэргүүдийг гаргах тухай тогтоолыг баталсан юм. Тэд АНУ-ын тал өнгөрөгч баасан гаригт Багдадын олон улсын нисэх онгоцны буудал орчимд тусгай ажиллагаа явуулж Ираны армийн гол хүн болох Генерал Кассем Солейманиг хөнөөсөн явдлаас улбаатай бүс нутагт үүссэн боломжит дайны хурцадмал нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү алхмыг хийх болсноо мэдэгдсэн.
Тэгвэл Иракийн эрх баригчдын зүгээс энэхүү шийдвэрийг Ойрхи Дорнодод шинээр бий болсон хурцадмал байдлаас сэргийлэх гэдгээс гадна “нэг их гүрэн нь нөгөө их гүрний нөлөө бүхий албан тушаалтныг тэдний газар нутаг дээр хөнөөж буй нь хэрээс хэтэрсэн үйлдэл” гэж үзэж байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэсэн юм. Энэ бүхний үр дүнд АНУ Иракаас цэргээ татвал ямар нөхцөл байдал үүсэх вэ болон Вашингтон болон Пентагоны зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэх нь том асуулт болж ирсэн билээ.
Үүний дараа даваа гаригт АНУ-ын Тэнгисийн цэргийн Бригадын Генерал Уильям Сээли Иракийн Батлан хамгаалах яаманд АНУ-ын тэргүүлсэн эвслийн цэргийн хүчийг тус улсын нутаг дэвсгэрээс гаргах болсныг мэдэгдсэн захидал хүргүүлж, тэр нь дэлхийн хэвлэлүүдээр түгсэн юм. Энэ нь Ойрхи Дорнодын аюулгүй байдал тэр дундаа сүүлийн үед шинээр зохион байгуулалтад орох болсон Исламын улс террорист бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл үүсгэх талаар ажиглагчид дурдаж эхэлсэн. АНУ-ын судлаачдын хувьд уг үйлдэл нь тус улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хөнөөл учруулаад зогсохгүй, ОХУ, Иран төдийгүй Сири, Йемен дэх хэт даврагчид зэрэг бүс нутаг дахь сөргөөцөлдөгч нарт боломж олгосон хариуцлагагүй үйлдэл болно гэх байр суурийг олноор илэрхийлжээ. Харин ОХУ болон Ираны хэвлэлүүдэд уг асуудлыг дэмжих хандлага ажиглагдаж байна.
Бригадын Генерал Уильям Сээли захидалдаа “Бид бүхэн Иракийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэлж байна. Тиймээс парламентын тогтоолын дагуу ирэх өдрүүдэд танай улсаас цэргүүдээ татах болно. Гэсэн ч бид Исламын улс террорист бүлэглэлтэй тэмцэх асуудалд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, зөвлөхөд бэлэн” гэжээ.
Энэ талаар Пентагоны тэргүүн Генерал Марк Миллей “уг захидал албан ёсны бус, ноорог хувилбар байсан. Энэ бол алдаа. Уг захидалд ямар ч албан ёсны гарын үсэг зурагдаагүйн дээр огт задрах ёсгүй байсан. Бид Иракаас цэргүүдээ гаргах ямар ч бодолгүй” гэх байр суурийг илэрхийлсэн байна. Харин АНУ-ын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Марк Эспэр Пентагоны энэхүү ойлгомжгүй байдлын хүрээнд “Бүс нутгийн хувьд Иракт цэргээ үргэлжлүүлэн байршуулж, шинээр зохион байгуулах нь бидний нэн тэргүүний эрх ашиг. Түүнээс цааш би зөв бурууг нь мэдэхгүй учир тухайн захидал зөв байсан эсвэл буруу гэх асуудалд хувийн зүгээс байр суурь илэрхийлэх боломжгүй. Ямартай ч уг захидал АНУ-ын өнөөгийн байр суурьтай нийцэхгүй гэдгийг хэлмээр байна. Одоогоор АНУ Иракаас цэргээ эгүүлэн татах тухай ямар нэгэн шийдвэр огт гараагүй” гэжээ.
АНУ-ын хэвлэлүүд ийм түгшүүртэй нөхцөл байдалд Батлан хамгаалах салбарын удирдлага энэ мэт хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Мөн анхнаасаа Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс үндэсний аюулгүй байдалд учирч болох эрсдэл, дэлхий нийтэд тулгарч болох хор хохирлыг урьдчилан гүйцэт тунгаалгүйгээр, Конгрессод мэдэгдэлгүй Кассем Солейманиг хөнөөх тушаал өгсөн явдал нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсныг дурджээ. Энэ талаар Төлөөлөгчдийн танхимын спикер хадагтай Ненси Пелоси “Хэрэв дайн үүсэх нөхцөл байдал бодитоор бий болбол Конгрессын зөвшөөрөлгүй Иранд цэрэг дайны үйл ажиллагаа явуулах эрхийг Доналд Трампад өгч болохгүй” гэх байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл уг асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бидэнд Иракт маш үнэтэй агаарын бааз бий. Үүнийг барихын тулд хэдэн тэрбум ам.доллар зарлагдсан. Тэд бидэнд үүний өртгийг эргүүлэн төлөх хүртэл бид цэргүүдээ Иракаас гаргахгүй. Хэрэв тус улсын эрх баригчид биднээс цэргүүдээ гаргахыг шаардвал бид үүнийг тийм ч нөхөрсгөөр хүлээж авахгүй. Бид үүний хариуд урд хожид хэзээ ч харж байгаагүй том хэмжээний эдийн засгийн хориг арга хэмжээгээр хариу барих болно” гэсэн нэлээдгүй хурц мэдэгдлийг ахин хийсэн юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Ираны тал ахин АНУ-д халдлага үйлдсэн тохиолдолд Ираны түүх, соёлын дурсгалт 52 цэгт нэгэн зэрэг дайралт өгөхөөр төлөвлөсөн болохыг мэдэгдэж байв. Түүний эдгээр байр суурьд Исламын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд маш их эгдүүцсэн байр суурь илэрхийлжээ. Ирак дахь шийтийн толгойлогчдын зүгээс Трампын энэхүү мэдэгдлийг тусгаар улсын халдашгүй байдалд шууд байдлаар нөлөөлж, заналхийлсэн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ирак улсад АНУ-ын 6000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй. Иран, Ирак, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд байгаа шинэ түгшүүрт нөхцөл байдалтай холбоотойгоор Ираны тал АНУ-аас хариугаа авч эхэлсэн.
Тухайлбал, Генерал Кассем Солейманиг хөнөөсний дараа Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам болон цэргийн баазад дахин цуврал халдлага болсон. Ираны хакерууд АНУ-ын төрийн байгууллагууд болон төрийн мэдээллийн нэгдсэн сангийн веб сайтуудад халдлага үйлдэж, төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан Доналд Трампыг хөнөөсөн хүнд 80 сая ам.долларын шан амлаад буй. Мөн Ираны Засгийн газрын зүгээс 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийг эцэслэх олон улсын гэрээний дагуу хүлээсэн уран баяжуулах хязгаарыг хэрэгсэхгүй болгож буйгаа ням гаригт мэдэгдсэн. Вашингтоны хувьд үүнээс муу мэдээ байгаа нь Генерал Кассем Солейманигийн үхлийн дараагаар Ираны шийт болон суннитын тэргүүнүүд найрамдаж эхэлсэн явдал гэж Ойрхи Дорнодын асуудлаар дагнан судалдаг мэргэжилтнүүд үзсэн байна. Үүнээс гадна Генерал Кассем Солеймани Ойрхи Дорнод дахь шийтийн хүчирхэг зэвсэгт бүлэглэл болох Хэзболла бүлэглэлтэй нягт холбоотой ажиллаж, Ираны Засгийн газартай хийх харилцаанд нь гүүр болдог байсан нэгэн юм. Тиймээс Кассем Солеймани үгүй болсон нь тус бүлэглэлийн зүгээс цаашад хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаа, зохион байгуулалт болон үүнээс улбаатай нөхцөл байдал хэрхэн эргэх, тэр нь Исламын ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар урьдчилан таамаглахад хүндрэлтэй болгож байгаа талаар аюулгүй байдлын шинжээчид дурджээ.
Үндсэндээ Исламын ертөнцийг шийт болон суннит гэх лалын шашны хоёр том урсгал заагладаг. Ираны суннитууд болон шийтүүд найрамдаж эхэлсэн нь зөвхөн АНУ-ийн Ойрхи Дорнод дахь үйл ажиллагаа төдийгүй, Хормузын хоолой, Персын булангийн орон тэр дундаа Саудын Арабад хувьд шууд аюул болох нь гарцаагүй.
Харин АНУ-ын иргэд боломжит дайныг төдийлөн айдастай хүлээж авахгүй байгаа бөгөөд интернэт орчинд уг асуудлын хүрээнд тохуурхах хандлага ихээр ажиглагдаж байна. Гэсэн ч зарим иргэд дайныг эсэргүүцэн жагсаал өрнүүлж эхэлжээ.
Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал байдлын хүрээнд НАТО-ын удирдах зөвлөл өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод шуурхай хуралдаж Ойрхи дорнодод явуулж байгаа АНУ-ын бодлогыг бүрэн дэмжинэ гэх нэгдсэн байр суурь дээр тогтсон юм.
Багдад хотноо баасан гаригт Ираны армийн Кудс элит хүчний тэргүүн Генерал Кассем Солейманиг хөнөөсний дараагаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ баррель тутамдаа 4 ам.доллараар нэмэгдэж 70 ам.долларт хүрсэн нь өнгөрөгч оны хавар Саудын Арабын хэд хэдэн нефтийн үйлдвэрийг Йемений Хуту босогчид сөнөөснөөс хойших хамгийн өндөр өсөлт юм.
Мөн хамгийн сүүлд АНУ-ын эрх баригчдын зүгээс ирэх өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцохоор төлөвлөөд байсан Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифт виз олгохгүй байх шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: CNN, Washington Post, CNBC, RT, Al Arabia