Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

НҮБ: Монголд гэрчээр дуудагдаад сэжигтэн болдог тохиолдол газар авсан

НҮБ: Монголд гэрчээр дуудагдаад сэжигтэн болдог тохиолдол газар авсан
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 14
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсэг Монгол Улсад хоёр долоо хоног ажиллаж, “Дур зоргоор саатуулах” асуудлаарх урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
Энэ нь НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг манай улсад анх удаа ирж ажиллсан тохиолдол юм. Ажлын хэсэг 2023 оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн 54-р чуулганд Монгол Улс дахь дур зоргоор баривчлах асуудлаарх бүрэн илтгэлийг танилцуулах аж.
НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Элина Штайнертегийн мэдээлснээр Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрх чөлөө нь хасагдсан 65 хүнтэй ганцаарчлан уулзсан байна. Улмаар Монгол Улс дахь дур зоргоор баривчлах асуудлыг хязгаарахад сайн, эерэг өөрчлөлтүүд гаргасан гэх урьдчилсан дүгнэлт хийжээ.
-“Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хуульд 2020 онд өөрчлөлт оруулж, бүрэлдэхүүнийг долоо болгон өртгөжүүлсэн. Үйл ажиллагааг нь ил тод болгох, тайланг УИХ-аар хэлэлцэх, ХЭҮК-ын төсвийг улсын нэгдсэн төсөвт тусгаж, санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлсэн. ХЭҮК заавал дагаж мөрдөх заавар, зөвлөмж гаргах, биелүүлээгүй тохиолдолд албан тушаалтныг огцруулах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт хийх зэргээр Парисын зарчмуудад нийцүүлэх ахиц гаргасан гэж дүгнэжээ.  
-Монгол Улс Эрүүдийн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколыг 2015 онд соёрхон баталсан. Үүний дагуу Эрүүдийн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгосон. Мөн урьдчилан сэргийлэх үндэсний механизмын бүрэн эрхийг ХЭҮК-ын тухайлсан коммисар хэрэгжүүлэхээр зохицуулсан.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг янз бүрийн салбарын 10 мэргэжилтнээс бүрдүүлэн ажиллуулах шаардлагатай. Гэвч төсөв хэмнэх зорилгоор эхний хоёр жилд 5 орон тоотой ажиллах болон мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах асуудалд Эрүүдийн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний комиссар тун бага эрх мэдэлтэй оролцож байгаад ажлын хэсэг санаа зовинож байна гэсэн юм.
-Монгол Улс “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталсан. Уг хууль нь хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжих хүчтэй үндэс болно гэв. Мөн Монгол Улс ардчилсан нийгэмд нэн ач холбогдолтой хууль дээдлэх эрх зүйн тодорхой зохицуулалтыг бүрдүүлсэн Азийн анхны болж байгааг онцоллоо.
Гэхдээ ажлын хэсгийн зүгээс хууль батлагдсан нь сайшаалтай ч хуулийн хэрэгжилт болон зарим заалтуудыг эргэж харах шаардлагатайг анхааруулсан юм. Тухайлбал, “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуульд хүний эрхийг хамгаалагч бусдын нэр хүнд, алдар хүнд, ажлын нэр хүндийг гутаахыг хориглохоор заасан. Хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд тухайн цаг үеийнхээ бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай бол эсэргүүцэх явдал байдаг. Гэтэл уг заалтууд нь бүдэг бадаг, өргөн хүрээтэй үг хэллэгийг мушгин, хүний эрхийг хамгаалагчдын амын таглах, үйл ажиллагааг нь гэмт хэрэг тооцож болзошгүй байна. Хүний эрхийн үйл ажиллагааг цагдан хорьж болзошгүй уг заалтууд нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад пактуудыг зөрчиж байгааг анхаарууллаа.
-Мөн ажлын хэсэг Монгол Улсад цагаачлалтай холбоотой системчилсэн цагдан хорих, саатуулах практик байдаггүйг сайшаасан юм. Гэвч гадаадын иргэдийг саатуулах байр нь эрүүгийн хэргээр шийтгэгдсэн иргэнийг ял эдлүүлэх байранд байгаа нь зохимжгүй. Цаашид үүнийг салгах нь зүйтэй.
ОХУ-д есдүгээр сарын 21 өдөр хэсэгчилсэн цэргийн ажиллагаа зарласнаас хойш Монгол Улс орос иргэдийн томоохон шилжилт хөдөлгөөнтэй тулгарсан. ОХУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих 30 хоног дууссаны дараа тэдний статусыг хууль ёсны болгох зорилгоор визний төрлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд хийж байгаад талархал илэрхийлсэн юм. Ажлын хэсэг ажиллах хугацаанд гадаадын иргэдийг саатуулах байранд ОХУ-ын нэг ч иргэн саатуулагдаагүй гэв.
-Монгол Улс 2017 онд Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ихээхэн засвар, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж байна. Шинэчлэгдсэн хуулийн дагуу цагдаа сэжигтнийг цагдан хорих хугацаа 6 цагаас илүүгүй байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах хугацаа 72 цаг байсныг 48 цаг болгож бууруулсан нь эерэг сайжруулалт. Гэвч тухайн иргэн 6 цаг цагдан хоригдсон хугацаа нь шүүхийн шийдвэргүй 48 цаг сатуулах хугацаанд ордоггүй. Ажлын хэсгийн олж мэдсэнээр дийлэнх тохиолдолд сэжигтэн 48 цагаас дээш буюу зөвшөөрөгдсөн дээд хэмжэнээс илүү хугацаанд саатуулагддаг.
Мөн олон тохиолдолд цагдаа иргэдийг эхлээд гэрчээр мэдүүлэг өгүүлэхээр дууддаг ч сэжигтэн болж хувирдаг байдал газар авсан. Цагдаа дээр байцаалт өгөхөөр дуудагдсан иргэд маш олон цагаар хүлээж, хүнд сурталд өртдөг. Дээр нь, цагдаа иргэнийг сэжигтэн эсвэл гэрчээр дуудаж мэдүүлэг авч байгаа эсэх нь ихэнх тохиолдолд тодорхой бус байдаг. Ийнхүү тухайн хүн цагдаагийн газар бүтэн өдөр болдог боловч үүнийг зөвшөөрөгдсөн 6 цаг болон 48 цагт мөн тооцдоггүй. Цаашаа 48 цаг нь тодорхой бус хугацаа болж хувирдаг явдлыг онцгой анхаарах шаардлагатай гэв.
-Ажлын хэсэг сэжигтэн цагдаагийн газар мэдүүлэг өгсний дараа явах эрхгүй байдаг талаарх мэдээллийг авсан. Олон улсын хүний эрхийн хуульд иргэнийг өөрийн сайн дурын зөвшөөрөлгүй саатуулсан тохиолдолд тухайн хүний эрх чөлөөг хассанд тооцдог. Албан ёсоор баривчлах, түр саатуулах эсэхээс үл хамааран хүн дур зоргоор саатуулагдахаас хамгаалагдах эрхтэй. Эрх чөлөөгөө хасуулсан хугацаа цөөн цаг байсан ч үргэлжлэх хугацаанаас үл хамааран тухайн хүн саатуулагдсанд тооцдог.
Хамгийн гол нь, түр хоригдсоноос хойш 48 цагийн дотор шүүхээр хянуулах эрх нь эрх чөлөөгөө хасуулсан мөчөөс эхлэн хэрэгждэг. Сэжигтнийг хорих байрнаас нөгөө хорих байранд шилжүүлсэн тохиолдолд уг хугацаа шинээр тоологдож эхлэх ёсгүй гэлээ.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн