Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.
-Монголбанк болон Сангийн яамнаас цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг богино хугацаанд үргэлжлээд, эргээд богино хугацаанд сэргэх боломжтой гэж тайлбарлаж байсан. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, олон тодорхойгүй асуудал үүслээ. Та бүхэн ямар тооцоо судалгаа хийж байна вэ, энэ онд эдийн засагт өсөлт гарах уу?
-Монголбанк жилд дөрвөн удаа төсөөлөл хийдэг. Оны эхэнд эдийн засаг 1.8 хувиар өснө гэж төсөөлсөн. Гэхдээ энэ бол суурь төсөөлөл. Өнөөдөр энэ төсөөллөөс доогуур түвшинд хүрэх олон эрсдэл үүсч байна. Дараагийн шинэчилсэн төсөөллийг зургадугаар сард танилцуулна. Ер нь олон улсын байгууллагатай ижил зүгт эдийн засгийнхаа цаашдын төлөвийг харна. Төв банк цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал богино хугацаанд бус, 2020 оны турш үргэлжлэх эрсдэлтэй гэж харж байгаа. Цар тахлын эсрэг вакцин гарч, өвчний дэгдэлт хэзээ буурах вэ гэдэгтэй эдийн засгийн сэргэлт холбоотой. Өвчний тархалт намжиж, эдийн засагт сэргэлт гарсан ч богино хугацаанд түүхийн эдийн үнэ сэргэхгүй байх эрсдэл бий. Хятадын эдийн засаг 2020 онд 2.4 хувь руу буурах төсөөлөл гарсан байна. Ирэх онд ч буурах магадлалтай. Үүнийг дагаж манай улсын экспорт саарах, эдийн засагт томоохон сэргэлт гарахгүй байх эрсдэл байна.
-Он гарснаас хойш экспортын орлого хумигдаж, долларын орох урсгал багасаж байна. Ер нь энэ онд төлбөрийн тэнцэл талдаа хэр их алдагдал үүсэхээр байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засгийн хамгийн эмзэг цэг нь гадаад сектор буюу төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцлийн өөрчлөлт нь гадаад валютын албан нөөцөд шууд нөлөөлдөг. Энэ онд төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллах урьдчилан төсөөллийг Монголбанк гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад валютын нөөц ийм дүнгээр буурна гэсэн үг. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг задлаад харвал, экспортын орлого нэлээд багассан. Жишээ нь, эхний гурван сард экспорт 42 хувиар буурсан бол энэ агшилт дөрөв, тавдугаар сард ч үргэлжилнэ. Тэгэхээр жилийн эцэст экспортын орлого буурах нь тодорхой байна.
Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын хүрээнд сард 100-150 сая ам.доллар гаднаас орж ирж байгаа. Бусдаар гаднаас орж ирэх томоохон урсгал хүлээгдэхгүй байна.
Гарах талдаа тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Энэ бол нэлээд том өөрчлөлт болно. Үүний дараа оны эцэст зарим хувийн аж ахуйн нэгжийн гадаад өртэй холбоотой 300-400 сая ам.долларын асуудал байна.
Импорт талдаа газрын тосны үнэ унаж байгаа ч Монгол Улсын авдаг бүтээгдэхүүний үнэ тэг болтлоо унаагүй. Манай улс түүхий тос авдаггүй, нефтийн бүтээгдэхүүн авдаг шүү дээ. Ингэхдээ ОХУ-ын татвараа шингээсэн үнээр худалдан авалт хийдэг бөгөөд жилд нэг тэрбум ам.доллар зарцуулдаг. Гурван сарын төсөөллөөр энэ хэмжээ 600 сая ам.доллар руу буурна гэж харж байна. Үнийн бууралт удаан үргэлжилбэл энэ хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай.
Дээр дурдсан хүчин зүйлүүд нь төлбөрийн тэнцэл алдагдалтай буюу валютын нөөц 1.5 тэрбум ам.доллараар багасгахад нөлөөлж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан валютын нөөц эдийн засгийн хүндрэлийг давахад маш чухал нөлөөтэй. Бид хүндрэлийг аль болох хохирол багатай даван гарахын төлөө ажиллаж байна.
-Монголбанк хоёрдугаар сараас хойш мөнгөний бодлогын хүүг хоёр удаа буулгаж, 9 хувь болгосон. Гэтэл бодлогын хүү буурч байхад банкууд зээлийн хүүгээ бууруулсангүй гэж иргэд шүүмжилж байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд тодорхой шийдэл гаргах уу?
-Зээлийн хүүг бууруулахад Монголбанк анхаарал хандуулж байна. УИХ-аас “Covid-19” цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолын төсөлд зээлийн хүүг бууруулах дэд бүлэг бий. Зээлийн хүүгийн эх үүсвэрийн зардлыг бууруулахад төрийн зохицуулалт жолоодлого зайлшгүй чухал гэдэг дээр талууд санал нэгдэж байгаа. Өнөөдөр банкны харьцах дансан дээр хүү төлдөг тогтолцоо ганцхан Монголын банкны системд л байна, олон улсад бараг байдаггүй. Төгрөгийн харилцах дээр 3.4 хувь, валют дээр 1.4 хувийн хүү төлж байна. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж харилцах дансанд хүү төлөхгүй болбол зээлийн хүү 0.8-1 хувиар буурах боломжтой. Хоёрт, мөнгөний бодлогын хүүг огцом буулгавал эдийн засагт долларжилт явагдах эрсдэлтэй. Долларжилт үүсэхээс хамгаалахын тулд долларын хадгаламжийг даатгадаггүй болох санал туссан. Өнөөдөр Хадгаламжийн даатгалын тухай хуулиар 20 хүртэлх сая төгрөгийн бүх хадгаламжийг даатгаж байгаа. Үүнд тодорхой зохицуулалт хийж, валютын хадгаламжийг даатгахгүй байх зохицуулалтыг хийнэ. Ингэснээр төгрөгөөр эх үүсвэр банкуудад байршуулж, долларжих процесс багасна. Энэ нь эргээд бодлогын хүү, зээлийн хүү буурахад хөшүүрэг болно.
-"Covid-19" цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай УИХ-ын тогтоолд ипотекийн зээлийг зогсоохгүй, санхүүжилтийг нь дэмжинэ гэж тусгасан байсан. Тэгэхээр эх үүсвэрийг яаж шийдэх юм бэ. Төв банк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” шиг мөнгө хэвлэж шийдэх үү?
-Эдийн засгийн хүнд нөхцөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага үүсч байгаа. Өнөөдөр орон сууцны зах зээлд 100 орчим мянган хүн ажиллаж байна. Тус салбарт орон сууц зарагдахгүй, үл хөдлөх хөрөнгүүд үнэгүйдэх эрсдэл үүсчихсэн. Жишээ нь, зах зээлд 4500 орчим орон сууц борлогдоогүй, үхмэл хөрөнгө болсон байна. Банкны системд барилгын салбарын чанаргүй зээлийн хувь өсч байна. Энэ бүхэн нь өөрөө тухайн салбарт дэмжлэг шаардлагатайг харуулж байна.
2018 оны нэгдүгээр баталсан Төв банкны тухай хуулиар Монголбанк уламжлалт бус бодлого явуулж тодорхой салбаруудад эх үүсвэр олгохыг хязгаарлаж, хориглосон. Одоо харин УИХ-аас батлах цар тахлын үед баримтлах хуулиуд батлагдвал энэхүү хязгаарласан заалтыг түр хугацаанд үйлчлэлийг нь сэргээж, Төв банк ипотекийн зээлийн санхүүжилтийг дэмжих боломжийг олгохоор тусгасан байгаа.
-Монголбанк Хятадын ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа долдугаар сард дуусна. Энэ хэлцлийн хугацааг дахин сунгахаар ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ яриа хэлэлцээ яг ямар түвшинд үргэлжилж байгаа юм бэ?
-2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан. Өнөөдрийн хувьд энэ хөтөлбөр дуусаагүй, ирэх тавдугаар сарын сүүлээр дуусна. Хятадын тал своп хэлцлийг сунгасан асуудал нь ОУВС-гийн хөтөлбөрийн нэг хэсэг учраас албан ёсоор хөтөлбөр дууссаны дараа албан журмаар дахин хэлцэл хийнэ гэдгээ илэрхийлсэн. Хэлцлийн хугацаа дуусахаас өмнөх тав, зургадугаар сардаа багтаан хоёр тал нэлээд идэвхтэй ажиллана.
-Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага буюу FATF-аас Монгол Улсыг сааралт жагсаалтад оруулж, заавал хэрэгжүүлэх хугацаатай зөвлөмжийг өгсөн. Энэ ажлууд юу болж байна вэ, цар тахалтай холбоотойгоор хойшилж байгаа юу?
-Монголын талд үндсэн дөрвөн ажил, түүний цаана тусгагдсан зургаан зөвлөмж руу чиглэсэн ажлыг хийж байгаа. Өвчний дэгдэлтээс өмнө урьдчилсан тайлангуудаа хамгаалсан. “Covid-19” өвчний улмаас нүүр нүүрээ харж уулздаг уулзалт дэлхий нийтээр цуцлагдаж байгаа. Монголын талаас энэ ажлыг шуурхайлах үүднээс цахим хурал зохион байгуулж, ажлаа танилцуулах, тайлангийн хамгаалалтаа хийх хүсэлтээ тавьсан. Нөгөө талаас бидний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд дараагийн тайлангийн хамгаалалт тавдугаар сард болно. Энэ цахим хурлаар тайлангаа амжилттай хамгаалбал газар дээрх үнэлгээ буюу FATF-ын гишүүн байгууллагаас хүмүүс ирж шалгана. Бидний тооцоогоор 2020 оны аравдугаар сард саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.