Open iToim app
Ярилцлага | 4 мин уншина

Л.Амгаланбаатар: Туулай жил нийт монголчуудад элэгтэй, харин төрийн ноёдын хэрүүл, тэмцэл ширүүснэ

Л.Амгаланбаатар: Туулай жил нийт монголчуудад элэгтэй, харин төрийн ноёдын хэрүүл, тэмцэл ширүүснэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 11
Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Л.Амгаланбаатартай ирж буй туулай жилийн талаар ярилцлаа.
-Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сарын 21-нд тохионо. Гэхдээ зарим иргэн шар зурхайн тооллоор нэгдүгээр сарын 21-нд шинэлнэ гэх.  Энэ ямар учиртай юм бэ?
-Зурхайн тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 21-ний тохионо. Манай орны хувьд төгс буянтын зурхайгаар Цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Хятад болон бусад орны хувьд хувьд шар зурхайн тооллоор сар шинийн баяраа тодорхойлдог. Өөр нэг онцлог нь манайх Хятадтай газар зүй, цагийн өөр байрлалд байдаг. Мөн улс орны шашны онцлогоос хамаараад нэг сарын сүүлд тэмдэглэдэг.
-Ирэх жилийн өнгө зурхайн номонд хэрхэн буусан бэ?
-Зурхайн номонд жилийн өнгийг их олон аргаар шинжиж болдог. Энэ жилийн тухайд шороон үхрийн шинж голлоно. Жилийн эхэн үедээ хур бороо элбэгтэй, дунд болон сүүлч үеэрээ гандуухан, цас шуурга хяруу элбэгтэй, ургац арвин байна. Настай хүмүүс, идэр залуу, дунд насныханд таатай жил. Харин бага балчруудад хатуу байна.  Төр засаг хаад ноёдын хооронд хэрүүл, тэмцэл их гарна.
-“Үзэсгэлэн болгогч” болгогч туулай жил айсуй гэж. Энэ ёгт нэрийн утга, онцлог нь юу вэ?
-Жарны жилүүд бүгд ёгт нэртэй байдаг. Жишээ нь, Үзэсгэлэн болгогч, Согтууруулагч гэх мэт юм. Эдгээр нэрс нь жарнаар холбогдоод гарчихсан байдаг учраас өөрчлөх боломжгүй. Тухайн нэр нь ерөнхий утгаараа ёгтолсон нэр юм. Тэрнээс биш энэ жил бүх юм үзэсгэлэнтэй болохгүй.
-Зурхайн ухаанд илүү хоногийг тоолдог. Энэ жилийн хувьд тэдгээр хоногууд нь хэзээ байгаа вэ?
-Ирэх жилийн хувьд Цагаан сарын шинийн 15 дотроо шинийн дөрвөн тасраад шинийн арван нь хоёр таарч байгаа. Үүний учир нь манай улсын хувьд сарны тооллыг голчилж авч үздэг. Тэгэхээр сарны эргэх хөдөлгөөн ямар хэмнэлээр явж байна, дэлхийн энергийн янз бүрийн таталцлаас үүдэлтэй эдгээр илүү хоногууд гардаг. Энэ нь цаашаа өндөр жил дээрээ хуваагдаад илүү сартай намар, зун гарч ирдэг. Тасарсан хоног нь тухайн сардаа нөхөгддөг.
-Туулай жилд ямар жилтнүүд онцгой анхаарах хэрэгтэй вэ?
-Жилийн өнгө дээрээ бага балчир хүүхдүүдэд хатуу байна. Тэгэхээр хэд хэдэн онцлог жилүүд бий. Ялангуяа 1987 оны гал туулай жилтэй хүмүүсийн 37-ний жил нь орж, төрсөн жилийнх нь мэнгэ нь энэ жилийнхээ гарч байгаа мэнгэтэй давхцахаар мэнгэ голлон гэж хэлж байгаа юм. Тиймээс 1987 оны туулай жилтэй хүн дөрвөн ногоон мэнгэтэй байдаг. Тиймээс эдгээр жилтнүүд онцгой засалтай юм.
1996 оны хулгана жилтэй хүмүүс энэ жил хий насаараа 28-тай болж мэнгэ нь голлож,суудал нь өнцөглөж, бага харшийн жил нь гарч байгаа. Мөн Түнсэн, Логар жил гэж байдаг. Ер нь засал номоо онцгой хийлгэх ёстой онцгой жилүүд гэж байдаг. Шинийн 1-ний өглөө монголчууд зүг мөрөө гаргадаг. Тэгэхээр жилийн хар нохойн ам буюу хамгийн цээртэй зүг нь зүүн зүгт байгаа учраас хулгана жилтэй хүмүүс цог хийморийнхоо зүг рүү гарахгүй энгийн, амин хишгийнхээ зүг рүү гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ.
undefined
-Хүмүүс тухайн жилийнхээ засал номыг заавал шинийн 15-ны дотор багтааж хийх ёстой байдаг уу?
-Монголчууд шинэ жил гарч, бидний зам мөр, заяа тавилан гайгүй байгаасай гэж үзэн засал номоо шинийн 8, 15-ны дотор багтаан хийлгэхийг зорьдог. Харин зурхайн засал ном заавал шинийн 8, 15-ны дотор хийлгэх хэрэгтэй гэсэн ойлголт байдаггүй. Тийм учраас өөрсдийн боломжоороо засал номоо хийлгэхийг зөвлөе.
-Туулай жилд бүх ард олноороо юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Туулай жилээр ном сургаал, тэр дундаа зурхайн зурлагад жаран эхэлсэн байдаг. 1987 оны гал туулай жилээр одоо бидний амьдарч буй XVII жаран эхэлсэн. Тэгэхээр дараагийн жаран мөн адил туулай жилд эхэлнэ. Тиймээс монголчууд туулай жилийн маш их бэлгэшээж үздэг. Туулай жил бол монголчуудын аж амьдралд гоц гойд нөхцөл бүрдсэн байдаг. Тийм учраас бидний хамгийн их анхаарах зүйл хоорондоо эв түнжин сайтай байх хэрэгтэй. Хоёрт, төр зааг удирдаж буй дээдсүүд ард түмнийхээ аж амьдралыг бодолцож, эв эеийг эрхэмлэсэн оновчтой, зөв шийдэл гаргамаар байна. Учир нь, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа. Хүмүүс өмнө нь ажил төрлөө асууж, бүтэмжтэй байхыг залбиран ирдэг байсан бол одоо үргэлж юм бүтэхгүй байна, залуус нь гадаад руу явах гэсэн юм, виз бүтэх болов уу гэж ханддаг болсон. Улс орон, дээдсүүдийн шийдвэр монголчуудынхаа амьдралыг тэтгэхгүй байна уу даа л гэж монгол хүний хувьд ажиглан сууна. Ард түмний амьдрал амар тайван, төрийн шийдвэр оновчтой л баймаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Дөлгөөн
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн