avatarIcon

Анализ | 4 мин уншина

Улаанбаатарын утаа яг буурсан уу гэдгийг 2020 онд олон улсын байгууллага үнэлнэ

Улаанбаатарын утаа яг буурсан уу гэдгийг 2020 онд олон улсын байгууллага үнэлнэ
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 20

Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргаж 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын тогтоосон нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр танилцуулсан. Энэ бол Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн иргэдийн нийтийн эрүүл мэнд, эрх ашгийн төлөө хийсэн зоримог алхам байв.

Тухайн үед олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрт “нийслэлчүүд ирэх 2019 оны өвлийг давах уу” гэх өнцөгт илүүтэй төвлөрч байв. Гэтэл нийслэлчүүд шаардлагаа зөв нэхээгүй, иргэдэд зөв мэдээлэл өгөөгүйгээс сайжруулсан түлшнээс үүдэлтэй асуудал олон ч эрдэнэт хүний амь насыг авч одов. Харамсалтай...

Магадгүй энэ асуудал “манайхан нэг хэсэг ингэж ярьж байгаад замхруулдаг юм” гэх хайнга бодлоос урган гарсан байх талтай. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл нийслэлчүүд “Энэ өвөл утаа буурна. Заавал буурах ёстой” гэдэгт бус “Угаасаа бүтэхгүй юм чинь нүүрсээ түлэх нь тодорхой” гэдэг бодолдоо илүү итгэсэн хэрэг. Нөгөө талдаа иргэд өмнө нь утаа бууруулна гэж баахан үр ашиггүй төслүүдэд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг байдалд дасал болчихсонтой холбоотой байж болох талтай. Тэгэхээр өмнөх эрх баригчид ийм жишиг тогтоосондоо юу, эсвэл энэ засаг гол ажлаа хангалттай таниулж чадсангүй юу гэдэг нь харьцангуй асуудал аж. Ер нь урьдчилан таниулсан ч манайхан тэр олон баяр наадам, сенсаци дундаас анхаарч сонсоогүйн тод жишээ.    

Харамсалтай нь Монголчууд бидний аливаа зүйлийг болсон болоогүй шүүмжлэх гэх хандлагаас өнөөдөр “утаа яг буурсан уу” гэх асуулт талцаан болж хувирлаа. Зайлшгүй гарах ёстой энэ асуултад хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийсэн нь гарцаагүй. Хандлагыг харахад “утаа буурсангүй” гэх нь тэр бүр алга. Цаг эрт байна, өвөл дуусах болоогүй байна гэх нь ч байна. Энэ нь арай бодитой юм шиг. Тэгэхээр сайжруулсан түлшний асуудалд сөрөг хандлагатай байгаа хүмүүсийн өнцгийг “эегүй хүнд өстөн олон, эмнэг моринд ташуур олон" гэх утгаар хүлээж авахаас өөр аргагүй мэт.

Ямартай ч “утаа яг буурсан уу” гэх асуултын хүрээнд “Монгол Улс агаарын бохирдолтой хамгийн муу орнуудын жагсаалтаас хасагджээ” гэх агуулга бүхий мэдээг уламжлал ёсоор тодорхой бүлгийн зүгээс “төлбөртэй” гэжээ. Уг нь тэдгээр мэдээнүүдэд дэлхий дээрх хамгийн найдвартай агаарын чанарын индекс тодорхойлдог эх сурвалжаас эш авсан байв. Гэсэн ч бас яг хасагдсан гэж хэлж болохгүй аж. Учир нь тэр оройдоо Монгол Улс хамгийн муу агаарын чанартай орны тоонд ахиад орчихов. Энэ асуудалд талууд “байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан” гэдгээс өгсүүлээд маш олон байр суурь илэрхийлжээ.

Тиймээс “утаа яг буурсан уу” гэх асуултад хамгийн найдвартай гэгдэх “www.airvisual.com” вебсайтын үзүүлэлтийг ашиглан хариулт хайя. Үндсэндээ тус вебсайт нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Европын холбооны “Цэвэр агаараар амьсгалах эрх” төслийн санхүүжилтээр АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Герман, Их Британи, Энэтхэг тэргүүтэй их гүрнүүдийн агаарын чанар хариуцсан төрийн агентлагуудын дэмжлэг, тоон мэдээлэлд тулгуурлан дэлхийн 10.000 давсан байршил, 3058 хотын агаарын чанарын индексийг жилийн 365 өдөр, цаг минутын нарийвчлалтай шууд байдлаар харуулдаг гэдгээрээ энэ чиглэлд хамгийн том дата эх сурвалжид тооцогддог.

Иргэд уг вебсайтад зочлох болон ухаалаг гар утсан дээрх аппликейшныг татан авах замаар Улаанбаатар хотын агаарын чанарын индексийг “Real-time” байдлаар харах боломжтой. Зарим тохиргоог хийж, Улаанбаатар хотыг “follow” хийснээр цаг тутамд агаарын чанарын нөхцөл байдлын мэдээллийг байнга харж болох бөгөөд бусад хотуудыг ч “follow” хийж харьцуулж болох юм. Хэрэв та сайтар ажиглах юм бол 10 минут тутамд агаарын чанар өөрчлөгдөж манай улсын эзлэх байр дээш, доош хэлбэлзэж байгааг харах болно. Мөн Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлын тав хоногийн урьдчилсан мэдээг ч гэсэн харах боломжтой. Ямартай ч “Airvisual”-ын урьдчилсан таамгаар ирэх өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанарын индекс “ногоон” буюу дэлхийн стандартаар эрүүл-цэнгэг байх төлөвтэй.   

Харин уг вебсайт дэлхийн хотуудын агаарын чанарыг тодорхойлохдоо бусад индексийн адил агаар дахь “PM2.5” нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг гол үзүүлэлтээ болгодог бөгөөд нэмээд “PM 10”, “азотын давхар исэл”, “хүхрийн давхар исэл” болон “озоны” хэмжээг харуулдаг. Хамгийн гол нь урьдчилсан мэдээ, агаарын чанарын үзүүлэлтээ үндэслэлтэй болгохын тулд тухайн хотын агаарын хэм, чийгшил, даралт болон салхины чиг, хурдыг давхар харуулдаг гэдгээрээ бусдаас давуу талтай.

“Airvisual”-ын эрхлэн гаргадаг Дэлхийн улсуудын агаарын чанарын индексээр Монгол Улс өнгөрөгч онд агаарын чанарын дундаж үзүүлэлт 58,5 гэх оноогоор дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын жагсаалтад зургадугаар байрт орсон бол улсын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой Улаанбаатар хот уг судалгаанд бүртгэлтэй дэлхийн 3058 хотоос 72 дугаар байрт жагсжээ. Судалгааны тайлангаас ажиглахад улсын хэмжээнд зөвхөн нийслэл Улаанбаатар төдийгүй Дархан, Эрдэнэт, Багануур, Арвайхээр, Цэцэрлэг, Зуун мод зэрэг хүн ам ихээр суурьшсан хэсгүүдэд агаарын чанар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тогтоосон стандартаас үнэмлэхүй өндөр байна. Нийслэлийн хувьд Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Дарь эх, Сансар, Нисэх, Яармаг, Амгалан, Гачуурт зэрэг бүсэд агаарын чанар үлэмж муу.

Энэхүү тайланг жил бүрийн гуравдугаар сард танилцуулдаг. Тиймээс Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотын 2019 оны агаарын чанарын үзүүлэлт буюу “утаа яг буурсан уу” гэх асуултын хариу 2020 оны гуравдугаар сард тодорхой болох юм. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ гартал дөнгөж эхэлж буй ажилдаа үнэлэлт, дүгнэлт өгөх гэж яарахын оронд одоо хэрнэ тогтоосон бүсэд түүхий нүүрсийг хулгайгаар түлсээр байгаа айлуудад хяналт тавих, сайжруулсан түлшний хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлт авчрах асуудалдаа түлхүү анхаарал хандуулсан нь дээр юм шиг. Иргэд бид ч цахим орчинд энэ асуултын хариуг хайж, хоорондоо талцахын оронд “бид бүхэн түйрүүвчний зузаан, хэдэн гүүрний наана цана амьдрах гэдгээс үл хамааран нэг л агаараар амьсгалдаг” гэдгийг ухаарч эерэг өөрчлөлт гаргахын төлөө бусдадаа сануулга, эрх баригчдад зөв шаардлага тавих нь зүйн хэрэг биз ээ.    

Эх сурвалж: airvisual.com

 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн