АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп даваа гаригт “Fox News” телевизийн хөтлөгч Лиза Бүүтэгийн подкастад оролцсон байна. Энэ нь түүний хувьд Цагаан ордныг орхисноосоо хойш хийж буй анхны ярилцлага гэдгээрээ онцлог юм.
Ярилцлагын үеэр Доналд Трамп 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвар, Мексикийн хил дээрх хана, “COVID-19”-ийн эсрэг вакцины судалгаа, хөгжүүлэлтийг хэрхэн хурдан хугацаанд хэрэгжүүлсэн болон өөрийн сошиал медиа платформыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа талаар ярьжээ.
Нийт 50 минут орчим үргэлжилсэн ярилцлагын үеэр Доналд Трампын хөндсөн онцлох таван агуулгыг эмхэтгэн хүргэж байна.
Би Жой Байденд зүрх сэтгэлээсээ захидал бичиж үлдээсэн
АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден Цагаан ордон дахь ажлаа хүлээн авмагцаа Доналд Трамп хуучин ажлын өрөөндөө түүнд хаягласан тун найрсаг бөгөөд амжилт хүссэн захидал бичин үлдээсэн талаар мэдэгдсэн. Цагаан ордны үе үеийн тэргүүн нар огцрохдоо АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөнд шинэ төрийн тэргүүнд хаягласан захидал үлдээдэг уламжлалтай.
Харин Жой Байдены хувьд Доналд Трамптай ярилцаж, зөвшөөрөл авах хүртлээ түүний үлдээсэн захидлын агуулгын талаар олон нийтэд ярихгүй гэсэн юм. Доналд Трампын хувьд ч Лиза Бүүтэтэй хийсэн ярилцлагынхаа үеэр захидлын агуулгын талаар дэлгэрэнгүй яриагүй ч зүрх сэтгэлээсээ захидал бичиг Жой Байденд амжилт хүссэн гэжээ.
Доналд Трамп энэ талаар “Товчхондоо би түүнд аз хийморь хүссэн. Би түүнийг сайн ажиллаасай гэж хүссэн учир зүрх сэтгэлээсээ нэлээд хэдэн хуудас захиа бичиж үлдээсэн” гэсэн байна. Гэвч тэрээр ярилцлагын үеэр “Жой Байден луйврын сонгуулиар ялалт байгуулсан тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Доналд Трамп өөрийн сошиал медиа платформыг танилцуулахаар төлөвлөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп сошиал медиа тэр дундаа твиттерийн идэвхтэй хэрэглэгч байж, хаягаа өөрөө хөтлөн дэмжигчид болон шүүмжлэгчидтэйгээ үзэл бодлоо цахим орчинд чөлөөтэй хуваалцсаар ирсэн нэгэн. Гэвч 2021 оны нэгдүгээр сарын 6-нд нийслэл Вашингтон Д.С. хот дахь Капитол хилл ордонд болсон эмх замбараагүй байдлыг өдөөн турхирсан гэх асуудал үүссэний дараа цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч твиттер компани түүний 88 сая дагагчтай хаягийг бүр мөсөн хаасан билээ.
Тэгвэл Доналд Трамп ярилцлагынхаа үеэр твиттер хаягийг нь хаасан явдал түүний цахим орчин дахь нөлөөллийг огтхон ч хөндөөгүй гэжээ. Мөн тэрээр өөрийн сошиал медиа платформыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж.
Тэрээр энэ талаар “Би жиргээнээс хамаагүй дэгжин, хамаагүй хүртээмжтэй платформ нээхээр төлөвлөж байна. Би үүнийг твиттерээс илүү гэж хэлнэ. Би тун удахгүй өөрийн сошиал медиа платформыг танилцуулах болно” гэсэн байна.
Мөн Доналд Трампын хэвлэлийн төлөөлөгч Жейсон Миллер ням гаригт “Fox News” телевизийн “MediaBuzz” мэдээллийн хөтөлбөрт оролцох үеэрээ “Трамп хоёр, гурван сарын дараа цахим нийтийн сүлжээнд эргэн ирэх болно. Трамп энэ удаа өөрийн сошиал медиа платформтой эргэн ирэх болно. Түүний шинэ платформ олон сая хэрэглэгчдийг татаж, тоглоомын дүрмийг бүрэн шинэчлэх болно” гэсэн юм.
Мексикийн хил дээрх ханыг барьж дуусгахад ердөө нэг сарын хугацаа хангалттай
Доналд Трампын 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол мөрийн хөтөлбөрүүдийн нэг нь Латин америк цагаачдын урсгалыг зогсоож, америкуудын ажлын байрыг хамгаалах зорилгоор Мексикийн хил дээр хана босгох төслийг дэвшүүлсэн. Судлаачид түүний энэхүү амлалт цагаан арьст сонгогчдын дэмжлэгийг авч, улмаар сонгуульд ялалт байгуулах хамгийн том хөшүүрэг болсон гэж дүгнэдэг.
Тиймээс ч тэрээр Цагаан ордны тэргүүн болсон даруйдаа хана босгох ажлаа эхлүүлж, Холбооны Засгийн газрын төсвөөс 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан. Гэвч тухайн үед Бүгд найрамдах намын нөхдийнх нь олонхоос бүрдэх Конгрессын хоёр танхим Мексикийн хил дээр хана босгох ажилд нэг цент ч төсөвлөлгүй 2019 оны төсвийг баталсан билээ. Үүний дараа Доналд Трамп төсөвт тодотгол хийж хана босгох ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх хүртэл Конгрессоос өргөн барьсан нэг ч хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулахгүй гэдгээ мэдэгдэн, намын нөхдийнхөө эсрэг бойкот өрүүлснээр АНУ-ын Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 35 хоногийн турш зогссон юм. Энэ нь АНУ-ын Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа түүхэн дэх хамгийн урт хугацаанд зогссон тохиолдол байв. Эцэст нь түүний шахалт амжилтад хүрч 2019 оны нэгдүгээр сарын 25-нд Конгрессын хоёр танхим хана босгох ажлыг санхүүжүүлэх хуулийн төслийг баталсан түүхтэй.
Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч байх хугацаандаа цагаачлалын бодлогод томоохон өөрчлөлтүүд хийж, бичиг баримтгүй цагаачдын хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлах журмыг баталсан. Энэ нь хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудлыг дагуулсан бөгөөд Жой Байдены хувьд үүнийг хурцаар шүүмжилж байсан нь цагаач гаралтай сонгогчдын саналыг авахад томоохон түлхэц болж, түүнийг ялалтад хөтлөх нэг шат болсон юм. Гэвч Жой Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки сүүлийн саруудад Мексикийн хил дээрх цагаачдын тоо эрс нэмэгдэж, нөхцөл байдал том асуудал үүсгэж байгаа талаар мэдэгдсэн.
Тэгвэл Доналд Трамп ярилцлагын үеэр Жой Байденд хандан Мексикийн хил дээр хана босгох ажлыг үргэлжлүүлэхийг уриалсан юм. Тэрээр энэ талаар “Ханыг барьж дуусга. Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас хана босгох ажил хоёр жил хагасын хугацаанд саатсан гэдгийг бүү март. Гэсэн ч ханыг барьж дуусах дөхсөн бөгөөд одоо зөвхөн жижиг ажлууд л үлдсэн. Мөн ханын бүтээн байгуулалтад оролцож байгаа гэрээт компаниудад санхүүжилтийг нь аль хэдийн олгосон. Тиймээс хүсэх л юм бол үүнийг сарын дотор дуусгах болно” гэжээ.
Хэрэв Жой Байден байсан бол “COVID-19”-ийн эсрэг вакцинтай болох гэж 5 жил болох байсан. Эсвэл бид хэзээ ч вакцинтай болж чадахгүй байсан. Харин би үүнийг 9 сарын хугацаанд хийсэн.
Доналд Трамд өнгөрөгч нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцох үед тус улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдварын улмаас 450 мянга орчим хүн нас бараад байв. Түүний хувьд сонгуульд ялагдахад нөлөөлсөн нэг том хүчин зүйл нь цар тахлын эсрэг зохион байгуулалтгүй хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн гэх олон нийтийн шүүмжлэл байсан юм.
Гэвч Доналд Трампын Засаг захиргаа коронавирусийн эсрэг вакцины судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны дөвөрдүгээр сард төр, хувийн хэвшлийн хамтарсан “Operation Warp Speed” хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилт хийснээр “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон “Novavax” вакцин амжилтад хүрсэн билээ.
Тэгвэл Доналд Трамп вакцины судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлэх ажилд биечлэн оролцож байсан гэж ярьсан байна. Тэрээр энэ талаар “Миний дэлхий дахинд хийсэн хамгийн том зүйл бол вакцины судалгаа, хөгжүүлэлтийг түргэсгэсэн явдал юм. Би Хүнс, эмийн удирдлагын газар дээр очоод, нөхдөө одоо болоо. Бид үүнийг түргэсгэх ёстой гэж хэлсэн. Хэрэв Байден байсан бол үүнийг хийх гэж 5 жил шаардах байсан. Эсвэл бид хэзээ ч вакцинтай болж чадахгүй байсан. Вакцин гарган авахад 5-12 жил шаарддаг. Би үүнийг 9 сарын хугацаанд хийсэн. Тиймээс ч Хүнс, эмийн удирдлагын газрынхан надад дургүй. Тэд надад маш дургүй гэдгийн баталгаа нь сонгуулиас хойш хоёр хоногийн дараа анхны вакциныг баталсан явдал юм” гэсэн байна.
Доналд Трамп АНУ дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн явдалд доктор Энтони Фаучиг буруутгав.
Доналд Трампын хувьд цар тахалтай холбоотойгоор шүүмжлүүлж байсан өөр нэг гол асуудал нь АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучигийн зөвлөгөөг үл тоомсорлож байсан явдал юм. Доктор Энтони Фаучигийн хувьд 1980 оноос хойш халдварт өвчний асуудлаар АНУ-ын бүх Ерөнхийлөгчид зөвлөж ирсэн мэргэжилтэн билээ. Гэвч Доналд Трамп болон Энтони Фаучи нарын зөрчил олон нийтийн өмнө нэлээд хурцаар ил гарах болсон.
Тухайлбал, доктор Энтони Фаучи өнгөрөгч нэгдүгээр сард Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ дахь цар тахлын бодит нөхцөл байдлыг хэвийн мэтээр доогуур үнэлж, олон нийтэд баталгаагүй эмчилгээний арга санал болгосон явдлыг шүүмжилж байв.
Харин Доналд Трамп даваа гаригт цацагдсан подкастад оролцохдоо “Би доктор Фаучид хувь хүн талаас нь дуртай. Гэвч тэр надад буруу зөвлөгөө өгч байсан” гэсэн юм. Тэрээр энэ талаар “Би түүнтэй үнэхээр ойлголцож, хамтарч чадаагүй. Тэр чинь нэг албан тушаалаа бараг 40 жил хашиж байгаа хүн. Бараг бүх насаараа энэ албан тушаалд байсан. Би түүнийг халахын оронд ажлаа үргэлжүүлэн хийгээсээ гэж хүссэн. Хэдий би түүний зөвлөгөөг сонсдог байсан ч хэлснээр нь хийгээгүй. Шулуухан хэлэхэд түүний ажил тийм ч сайн байгаагүй. Тэр хувь хүн талаасаа надад таалагддаг. Өөрөө ч сайн хүн. Олон нийтэд таниулж, сурталчилгаа хийхдээ үнэхээр сайн. Тэр үнэхээр аливааг бусдаас илүү таниулж, сурталжилж чаддаг. Гэхдээ тэр өөрийнхөө ажлаас илүү бейсболын шидэгч байсан бол илүү сайн байх байсан. Эхлээд тэр амны хаалт зүүх шаардлагагүй гэсэн. Хамгийн гол нь тэр Хятадаас жуулчдыг ирэхийг хориглохыг хүсээгүй. Хэрэв бид Хятадаас жуулчид ирэхийг хориглоогүй байсан бол илүү олон мянган хүн нас барах байсан” гэжээ.
Эх сурвалж: Variety, ABC News