Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжид бүрэн шинэчлэл хийж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл нь манай улсад 2013 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд Эх хүүхдийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дорнод, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн шинэчлэлийг энэ онд хийж гүйцэтгэсэн байна. Төсөлд хамрагдсан эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгуудыг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурлан, зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгож байгаа юм. Тоног төхөөрөмжийн хувьд багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангасан байна. Эдгээр нь нийт 66.9 тэрбум төгрөгийн өртгөөр хийгдэж байгаа аж.
Тэгвэл өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засварт 257 сая төгрөг, 14 нэр төрлийн 19 ширхэг тоног төхөөрөмжид 844.5 сая төгрөг зарцуулсан байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд дээр тулгамддаг асуудлуудыг нэг нь ариутгалын асуудал байдаг. Нэгдүгээрт хүчин чадлын асуудал, хоёрдугаарт орчин нөхцөлийн асуудлууд байсаар байна. Бид хэчнээн мэс заслын тоног төхөөрөмж, хэрэгслийг нэмэгдүүлж байгаа хэдий ч тэдгээрийг ариутгах тоног төхөөрөмж, хүчин чадал муу бол ард иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, хүртээмжтэй болох боломжгүй. Тиймээс ариутгал халдваргүйтгэлийн тасаг хамгийн чухал. Ер нь ариутгал халдваргүйтлийг даган эмнэлгийн бүх хэсгийн тусламж үйлчилгээ сайжирдаг. Тийм учраас Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн тусламжтайгаар томоохон эмнэлгүүдийн ариутгал халдваргүйтлийн тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг шинэчилж байна. Ялангуяа цар тахлын энэ үед халдваргүйтгэл маш чухал учир Азийн хөгжлийн банкнаас хийгдэж байгаа 30 сая долларын санхүүжилтийн нэлээдгүй хэсгийн аймаг орон нутгийн эмнэлгүүдийн ариутгалын тасаг, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд зарцуулсан. Нийт долоон аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх ажил эхлээд байгаа. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ ард иргэдэд хүртээмжтэй хүрэхэд маш чухал, мөн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чухал зүйл болно” гэдгийг онцоллоо.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн үр дүнд Монгол Улсын Цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжир байгаа аж. Мөн аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтэрч, эрүүл мэндийн байгууллагад Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа ил сайжраад байгаа холбогдох албаныхан хэлж байлаа.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүгээс тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай холбогдуулан зарим зүйлсийг тодрууллаа.
-Ариутгал халдваргүйжилтийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэгдэж байна. Ингэснээрээ ямар ач холбогдолтой вэ?
-Манай улсад хамгийн эхэнд яригдаж байгаа зүйл бол өвчтөний аюулгүй байдал. Түүнчлэн мэс засал болон бусад эмчилгээ үр дүн, эмнэлгээс халдвар авч хүндрэхгүй байх зэрэг маш олон асуудлууд байдаг. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд эмнэлэгт дотоод халдвар, хамгаалалтыг сайжруулах шаардлагатай. Тэгэхээр үүнийг орчин үеийн стандартын төвшинд шийдэх эхлэл бол эмнэлгийн багаж хэрэгслүүдийг өндөр төвшинд зөв ариутгаж байна уу, түүгээр ямар нэгэн халдвар дамжихгүй байна уу гэдэг нь маш чухал. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хавдар судлалын үндэсний төв дэлхийн төвшинд багажаа ариутгах боломжтой боллоо. Тиймээс манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд эмнэлгийн орчин, багаж, тоног төхөөрөмжөөс халдвар ямар нэгэн байдлаар авахгүй гэдэгт итгэлтэй болох боломж бий болж байна.
-Өмнө нь багаж, тоног төхөөрөмжөө хэрхэн ариутгаж, цэвэрлэдэг байсан бэ?
-Өмнө нь багаж, тоног төхөөрөмжийг тодорхой хэмжээнд халдваргүйжүүлдэг байсан. Ингэхдээ яг орчин үеийн шаардлага хангасан байгаагүй. Гэхдээ эмнэлгийнхээ төвшинд, Монгол Улсын төвшинд ханган ажиллаж байсан. Харин өнөөдөр бид дэлхийн стандартад нийцсэн ариутгал халдваргүйтгэлийг хийдэг боллоо.
Цаашдаа бид ганцхан ариутгал халдваргүйтгэлийн тасаг биш, эмнэлгийг нийтэд нь халдваргүйжүүлэх, сайжруулах үүрэгтэй. Ингэхийн тул маш олон тоног төхөөрөмж, хөнгөлөлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт орох шаардлагатай байгаа юм.