Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Ж.Хулан: Тураах эм, цай зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүд нь чихрийн шижингийн өдөөгч болох эрсдэлтэй

Ж.Хулан: Тураах эм, цай зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүд нь чихрийн шижингийн өдөөгч болох эрсдэлтэй
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 20
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, биологийн танхимын багш, генетикч, дэд профессор, доктор Ж.Хулантай ярилцлаа. Энэ удаа монголчуудын хамгийн ихээр өвчлөх болсон чихрийн шижин өвчин, дэглэм, уг өвчнөөс сэргийлэх тухай хэсгийг хүргэе.  
-Сүүлийн үед монголчууд ихээр өвчилж байгаа чихрийн шижин өвчний талаар яръя. Эл өвчнийг гол үүсгэж байгаа хүчин зүйл нь юу вэ. Хүний ген, бие физологийн онцлогтой холбоотой юу?
-Юуны өмнө хүний биеийн физиологийг судлахдаа биологи, хими, физикийн шинжлэх ухааныг ашиглана. Физиологи нь генээр тодорхойлогдоно. Генийн нийлэгжилтэд гадаад орчин, идэж ууж байгаа хүнс гэх мэт нөлөөлнө. Жишээ нь, хүн олон цагаар гадаа байхад арьс борлодог. Хүний нөсөөний ген нарны цацрагаас болж борлож байгаа нь гадаад орчны нөлөө гэсэн үг. Хүний идэж ууж байгаа зүйл, эмийн ургамлууд нь бодисын нийлэгжлийг дарангуйлах юм уу, өдөөнө. Витаминууд мөн тэгж ажилладаг. Энэ бүгд нь генийн зохицуулгын төвшинд явагддаг. Зарим хүн стресстэж, уурлахаар хавганаж болно. Учир нь стресстэхээр ялгардаг гормон нь биеэс шингэнийг хуримтлуулдаг. Энэ бүхэн нь физиологиор илэрнэ. Өөрөөр хэлбэл генүүд уургаа нийлэгжүүлж, уураг нь физиологийг бүрдүүлнэ. Хүн уургаас тогтдог. Иймд физиологио мэдэхийн тулд биохими, генийн талаар ойлголтуудтай болох ёстой.
Чихрийн шижин нь мултифакор буюу олон хүчин зүйлт өвчин. Өвчлөл нь дотроо олон янз. Тухайлбал, аутоиммун-бета эсүүдийн эсрэг өвөрмөц шинжээр үүсдэг хэлбэр байна. Энэ нь өөрийнхөө инсулины уургийн эсрэг дархлааг үүсгэдэг. Өвчлөлийн давтамж хоолны энергиэс шууд хамааралтай. Эрдэмтдийн судалгаа дээр үндэслэн чихрийн шижингийн энэ төрлийн өвчлөлийг үүсгэдэг хоол хүнсний жагсаалт гаргасан. Хамаарлыг бууруулан гурван бүлэг болгосон байдаг. Үүнд, хамгийн түрүүнд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, будаа багтана. Хүүхдийг нэг насанд нь чихрийн шижингийн энэ хэлбэрээс сэргийлэх хэрэгтэй. Иймд хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь маш чухал. Гэр бүлийн хэн нь сахарын шижин 1-ийн хэв шинжээр буюу аутоиммун-бетагаар өвчилсөн, харшилтай  байсан бол нэг хүртэлх насны хүүхэддээ үнээний сүү өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хүүхэд тугал биш учраас үнээний сүүнд агуулагддаг нийлмэл уургийг задалж чаддаггүй. Тиймээс тэр уураг биед нь үлдэж, хэтдээ сөрөг нөлөө үзүүлж чихрийн шижин үүсэх эрсдэлтэй. Иймд хүүхдээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй.
Чихрийн шижингийн энэ хэлбэрт  дархлааны эсүүд нь өөрийнхөө нийлэгжүүлж байгаа инсулинаа бариад идчихдэг тул инсулины дутагдалд ордог. Ийм учраас заавал инсулин тариулах шаардлагатай. Хүмүүс генетикийн хувьд өөр, өөр байна. Тухайн ген нь полиморф байдаг. Эрсдэлтэй бүлгийн насанд хүрэгчид генетикийн хувьд өвөрмөц полиморфизмтай байх ба дархлаа дэмжигч бүтээгдэхүүн хэрэглэснээр тэр нь өдөөгч болох тохиолдол элбэг. Ялангуяа, 30 хүртэл насны эмэгтэйчүүд тураах төрлийн янз бүрийн  эм гэх мэт өдөөгчийг хэрэглэснээр чихрийн шижин өвчин эхэлж болдог. 
-Зарим иргэний хувьд цусан дахь сахарын хэмжээгээ хянаад хэвийн байна гээд тоохгүй яваад байдаг тал бий. Гэтэл сахарын хэмжээ нь хэвийн мөртлөө бусад эд эрхтэн гэмтсэн байх тохиолдолд байдаг шүү дээ. Энэ ямар шалтгаантай юм бэ?
-Хүн цусан дахь инсулины хэмжээг тогтоож, шаардлагатай  биохимийн үзүүлэлтээ мэдэж байх ёстой. Чихрийн шижинтэй хүмүүст исэлдэлтийн процесс эрүүл хүнээс илүү явагддаг. Өөрийн нийлэгжүүлж байгаа альфа-липойн хүчил хангалтгүй байдаг гэсэн үг. Үүнээс болж өөх тосны солилцоо алдагдана. Цусан дахь сахар хэвийн байсан ч зүрх, судас гэмтсээр л байдаг. Мөн мэдрэлийн эсийн гаднах бүрхүүл уураг исэлдэн гэмтсэнээр нейропати үүсдэг. Энэ нь хөл рүү хутгалж байгаа юм шиг  өвдөх, илүү хүндрээд гар өвдөнө, цаашлаад өвдөлт улам ойртоно. Бүх бие арзайж, мэдрэг болно. Нүдний эсүүд исэлдэж сохрох, бөөр гэмтэх, дархлааны эсүүдийн уургууд дархлааг бүрдүүлэхээсээ өмнө исэлдэж задрах аюултай байдаг. Энэ бүгдээс сэргийлж альфа-липойн хүчлийг 600 мил граммаар хэрэглэдэг. Альфа-липойн хүчил нь  хүний элгэнд нийлэгждэг бөгөөд антиоксидант ба бусад антиоксидантуудын үүргийг гүйцэтгэх чадвартай. Тийм учраас альфа-липойны хүчлийг антиоксидантуудын хаан хэмээн нэрлэдэг.
-Чихрийн шижинтэй хүмүүс хоол хүнсний нарийн дэглэм барьж, бас нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Тухайлбал, витамин Д, омега-3-ыг ихээр уудаг. Хүнсний нэмэлтүүдийн зохистой хэрэглээний талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Өнөөдөр бүх төрлийн чихрийн шижингийн үед хэрэглэгдэх хүнсний нэмэлтүүд гэж байдаг. Бодисын солилцооны өөрчлөлтийг хоол хүнс, хүнсний нэмэлтээр зохицуулдаг.
Чихрийн шижинтэй хүмүүс их ядарч ажлын чадвараа алддаг. Үүнд Q10+L карнитинийг уудаг. L карнитин нь хүний элгэнд нийлэгждэг ба өөх тос, сахарыг зүрх, тархи руу зөөвөрлөдөг бодис тул цусан дахь сахарын хэмжээг буулгана. Харин Q10 нь антиоксидант. Цус багадалт, булчингийн сулрал, миокардын контракцион өөрчлөлт, судасны хатууралд хэрэглэнэ. Коэнзим Q10 – электроны зөөвөрлөлтийн гинжийн нэгж. Витамин Q нь липофиль орчны антиоксидант ба липидүүдийг пероксидацаас (исэлдэн задрах) хамгаална. Исэлдэлтийн хэмжээ их үед бусад антиоксидантуудтай хавсарч хэрэглэнэ. Жишээ нь, Q10-ыг альфа-липойн хүчилтэй хамт хэрэглэснээр ядрахаа больдог.
-Витамин D ямар хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй вэ, түүний нөлөө?
-Витамин D нойр булчирхайн инсулин нийлэгжлийг зохицуулж цусан дахь инсулины хэмжээнд нөлөөлнө. Иймд чихрийн шижинтэй хүмүүс витамин D3-ыг уух хэрэгтэй. Харин зун ууж болохгүй. Учир нь витамин D ба идэвхтэй квapц, эсвэл наранд байх, шарах нь хамгийн аюултай хоршлыг үүсгэнэ. Хүн болгон өөртөө тунг тааруулж витамин D-г хэрэглэх хэрэгтэй. Эм, эмнэлгийн байгууллага ч витамин D-гийн тунг маш нарийн чанд тогтоож өгөх шаардлагатай. Шинжилгээ хийлгэж хэр дутагдалтай байгааг тогтоосны дараа хэрэглэ. Витамин D-гийн  илүүдлийн анхны шинж тэмдэг нь дотор муухайрах, хоолны дуршил буурах, жин хасагдах, ердийн бусаар ам цангах, шээх ихсэх, даралт ихсэх, өтгөн хатах, булчингийн тонус ихэсдэг. Цаашлаад витамин D-гийн илүүдэл нь хүнийг үхэлд хүргэх шалтгаан болдог. Бөөрний дутагдал, тархи дарагдах, бие хүчиллэг болох, зүрхний цохилт өөрчлөгдөх нөлөөтэй. Удаан хугацаагаар болон тунг тааруулаагүй үед цусанд кальци ихэснэ. Кальци ихэссэнээр сэтгэл зүйн хямрал, толгой өвдөх, даралт ихдэх, булчин татах, хүчтэй таталдах, эд эрхтэн кальжих, гэдэс саажиж түгжрэл болох эрсдэлтэй.
-Омега-3 ихэдэнэ гэж байх уу, сөрөг нөлөө ихтэй юү?
-Загасанд их хэмжээгээр байдаг ханаагүй тосны хүчил OMEGA-3 нь псориаз, чихрийн шижин, астмад тустай нь батлагдсан. Хүний тархины 60 хувь өөх тосноос тогтдог. Тархи зөв ажиллахад омега-3 чухал үүрэгтэй. Японууд тархины судасны хатуурлаар өвчилдөггүй нэг шалтгаан хоол хүнсэндээ загас их хэмжээгээр хэрэглэдэгтэй холбоотой гэж үздэг.
Омега-3 нь цусны даралт бууруулах, цус шингэлэхэд нөлөөлөхөөс гадна нөхөн төлжилтийг сайжруулж судасны хатуурлаас сэргийлнэ. Тархи, нүдний үйл ажиллагаанд маш чухал. Импульс дамжуулах энергийн эх үүсвэр учир ой санамжийг дээшлүүлдэг.
Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөө ихтэй. Цусан дахь омега-3-ын концентраци ихсэхэд түрүү булчирхайн хавдраар өвчлөх магадлалыг 43 хувиар ихэсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Үүнд хүнд хэлбэрийн түрүү булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдийн 71 хувь нь хүнсний нэмэлтээр омега-3 хэрэглэж байсан байна. Фред Хатчинсоны хавдар судлалын төвийнхөн судалгаандаа 834 түрүү булчирхайн хорт хавдартай, 1393 эрүүл хүнийг хамруулан харьцуулан судалсан байдаг.
Хүний бие мах бодь омега-7-г нийлэгжүүлэх чадвартай ба тухайлбал элэг, өөхний эдэд нийлэгжинэ. Нэг үгээр хэлбэл эсийн инсулин хүлээн авах чадвар  хоёр дахин нэмдэг.
Өдрийн 200-230 мг/өдөрт уух ба омега-3-ын тунгаас  2.5-3 бага ба эмнэл зүйн үр дүнд хүрэхийн тулд 30 хоног уудаг.  Өвчтөнүүдийн 50 хувьд хоёр долоо хоногийн дараа шинжилгээний үр дүн сайн гардаг. Липидын солилцоо эергээр өөрчлөгдсөн, ерөнхий үрэвслийн с-реактив уургийн хэмжээ буурсан байдаг. Омега3-тай хавсран хэрэглэдэг.
АНУ, Канадад биеийн тамирын хоол тэжээлийн мэргэжилтэн тамирчдын жинг бууруулахад омега-7-г өргөн хэрэглэж байгаа. Омега-7 нь чацарганын тосонд ихээр агуулагддаг. Чихрийн шижингийн үрэвслийн процессыг бууруулдаг учир хөлөө тайруулах эрсдэл буурна. Мөн чихрийн шижинтэй хүмүүс магниг панангин хэлбэртэйгээр ууж болно. Мэдээж өөртөө тааруулж хэрэглэх ёстой. Магни нь 200 гаруй ферментийн кофатор болдог тул дутагдал нь бодсын солилцоог бууруулна. Хүний зүрх кали магнигаар агшиж суларч байдаг юм. Архи уух, гүйлгэх, шээс алдахад хамгийн түрүүнд энэ хоёр бодис биеэс гарч явдаг.  Ийм учраас гэдэс нь гүйлгэж байгаа үед, мөн архи уусан, шээс хөөх эм ууж байгаа хүүхэд болон насанд хүрэгчид панангин уух хэрэгтэй.
-Хүний биед ашигтай нян дутагдсанаас болж зарим төрлийн өвчин үүслээ гэж ярьдаг. Ер нь хүний биед яагаад ашигтай нян хэрэгтэй, ямар үүрэгтэй юм бэ?
-Бидний гэдсэнд маш олон тооны янз бүрийн бактериуд байдаг. Эдгээр нь хоол боловсруулахад оролцохоос гадна, энерги витаминаар хангана. Иймд клизм тавьж гэдсээ цэвэрлэх зэрэг нь гэдэсний микрофлорийг өөрчилдөг, бас маш аюултай. Гэдэсний микрофлор өөрчлөгдсөнөөр таргалах, чихрийн шижин  үүсэх, витамины дутагдал үүсэх, кроны өвчин буюу ходоод гэдэсний үрэвсэл, шархтай болох шалтгаан болдог. Дор хаяж л гэдэсний ашигтай нян нь идэвхгүй витамин Д-ээс идэвхтэй формыг нийлэгжүүлж биднийг витамин Д-ээр хангах үүрэгтэй. Тиймээс ашигтай нянгаа тогтворжуулах нь маш чухал. Австрийн Квинслендийн Их Сургуулийн эрдэмтэд гэдэсний ашигтай нянгаар үүссэн ходоод гэдэсний шархтай хүмүүс чихрийн шижинд  өртөх магадлал маш өндөр болохыг тогтоосон. Мөн гэдэсний ашигтай нянгийн харьцаа алдагдсанаар чихрийн шижин, харшил, ходоод гэдэсний шарх, элэгний хорт хавдар, мухар олгой авахуулсан хүмүүст шулуун гэдэсний хавдар үүсэх зэрэг олон өвчний шалтаг шалтгаан болдог. Иймд  гэдсээ зад цэвэрлэхээсээ өмнө сайн бодоорой. Гүйлгэхэд эхний 2-3 гүйлгэлтээр хортой бодис гараад дараагийн гүйлгэлтээр ашигтай нян гарч эхэлдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн