Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Д.Уянга: Хятадын тэтгэлэгт  дундын зуучлалгүйгээр хамрагдах боломжтой

Д.Уянга: Хятадын тэтгэлэгт  дундын зуучлалгүйгээр хамрагдах боломжтой
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 23
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг удахгүй зарлагдах гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Гуангси мужийн багшийн их сургуулийн Хуулийн факультетад хууль зүйн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Д.Уянгыг бид зөвлөгөө ярилцлагын зочноор урьж ярилцлаа.
-Та өөрийн зорилгын талаар танилцуулбал...
-Карьер, хувийн амьдралын хувьд маш олон зорилго бий. Миний хувийн зорилго гэхээс илүүтэйгээр Хятадад сурч байх хугацаандаа шинээр тавьсан нэгэн зорилгынхоо талаар энд ярих нь зүйтэй болов уу.
Ихэнх залуус БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийг мөнгө төлж зуучлуулж байж авч болдог гэсэн ойлголттой байдаг. Тиймээс маш олон оюутан залуус янз бүрийн зуучлалын төвүүдэд ханддаг. Тэтгэлэгт зуучлах нь нэг талаар тэтгэлгийн шалгуурт тэнцэхгүй байгаа хүмүүст “тус” болж байгаа ч нөгөө талаар өөрийн хүч хөдөлмөрөөр тэтгэлэг авч суралцах хүсэлтэй залуусын боломжийг хааж байдаг. Үүнийгээ дагаад өөрөө материалаа бүрдүүлээд хөөцөлдөж тэтгэлэгт тэнцэж байгаа залуусын тоо ч буурсан. Тэтгэлгийг зөвхөн зуучлуулж байж авдаг юм байна гэсэн ойлголт ч түгээмэл болсон. Мөн тэтгэлгийн талаар мэдээлэл дутмаг учраас “зуучлал” гэх ганц сонголт дээр буугаад байна уу гэж бодогдсон. Мэдээлэл бол нэг төрлийн хүч. Үнэн бодит мэдээллийг залуустаа хүргэж чадвал тэтгэлгээ өөрөө хөөцөлдөөд авах бүрэн боломжтой. Тиймээс тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа залуустаа мэдээлэл өгөх зорилгоор 2017 оны 11 дүгээр сараас “Хятадын Засгийн газрын тэтгэлэг” гэсэн Фейсбүүк групп нээж ажиллуулж байгаа. Энэ групп дээр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өөрөө материалаа бүрдүүлээд дундын ямар нэг зуучлалгүйгээр тэтгэлэгт хамрагдах талаар мэдээллийг байнга оруулж хоорондоо мэдээллээ солилцдог.
-Та өмнө нь ямар, ямар тэтгэлэгт ямар шалгуураар хамрагдаж байна бэ?
-Яг одоо БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг дотроо олон төрөл байдаг. Ерөнхийд нь тэтгэлгийн материал хүлээж авч буй байгууллагаар нь А, В, С гэж ангилдаг.
  • А төрөл нь (A type) нь БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтарч сонгон шалгаруулалт явуулж тэтгэлэгт хамруулдаг. Сонгон шалгаруулалтыг гол төлөв жил болгоны гуравдугаар сард зохион байгуулдаг бөгөөд энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудсан дээр зарладаг. Мөн А төрөлд ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр багтдаг.
  • В төрөл (В type) нь “Сургуулиудын хөтөлбөр”-т хамрагддаг 279 сургууль руу ямар нэг байгууллагаар дамжуулалгүй шууд материалаа явуулж тэтгэлэгт хамрагдахаар өрсөлддөг хөтөлбөр юм. Би энэ төрлөөр нь өөрөө материалаа бэлдээд шууд сургууль руугаа хандаж тэтгэлэг авсан. “Сургуулиудын хөтөлбөр”-т зөвхөн магистр, докторт суралцах залуус хандаж болно.
  • Гэхдээ В төрлөөр бакалаврын оюутнууд ч бас тэтгэлэг авах боломжтой. “Торгоны зам тэтгэлэг”-т хөтөлбөр нь “Нэг зам, нэг бүс” гэх эдийн засгийн санаачилгын хүрээнд шинээр бий болсон тэтгэлэг юм. Иймд бакалаврын оюутнууд “Сургуулиудын хөтөлбөр”-т бус харин “Торгоны зам тэтгэлэг”-т хөтөлбөрт хандах хэрэгтэй. Энэ тэтгэлэгт магистр, докторт суралцах хүсэлтэй залуус ч бас хандаж болдог.
Залуусын дунд А төрөл нь бүтэн буюу 100 хувийн тэтгэлэг, В төрөл нь хагас тэтгэлэг гэсэн ойлголт байгаад байдаг. А, В төрөл аль аль нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг учраас сургалтын төлбөр, байрыг дааж, сар бүрийн амьжиргааны зардал өгдөг. Хамгийн гол нь эдгээр төрлүүдийн алинд нь бакалавр эсхүл магистр, докторын оюутнууд хандаж болохыг л ялгаж ойлгох хэрэгтэй.
Харин Хятадын тэтгэлгийн зөвлөлийн (Chinese scholarship council) тусгай тэтгэлгүүд С төрөлд (С type) багтдаг.
Монгол оюутан, залуусын хувьд А болон В төрөлд хандаж тэтгэлэг авах боломж бий.
-Яагаад энэ тэтгэлгийг сонгосон бэ?
-Тэтгэлгийг нь бус харин тухайн улсыг, хэлийг нь сонгосон. Нэгдүгээрт, хоёр хөрш улсдаа аль алинд нь амьдарч үзэх, аж амьдралыг нь мэдэх хүсэл байсан. Хоёрдугаарт, хятад хэлний мэдлэг ирээдүйн карьерт минь шаардлагатай байсан.
undefined
-Ямар шалгууруудыг хангасан тохиолдолд энэ тэтгэлэгт хамрагдаж болох вэ. Тэтгэлгийн онцлогийг та хэрхэн дүгнэх вэ?
-Тэтгэлгийн хамгийн түрүүнд насны шалгуур тавьдаг. Бакалаврт 25 хүртэл, магистрт 35 хүртэл, докторт 40 хүртэл насны залуус хандах боломжтой. А төрлийн тэтгэлэгт магистр, докторт суралцах залууст 2-оос доошгүй жилийн ажлын туршлага шаарддаг бол В төрлийн тэтгэлэгт тухайн сургуулийн шаардлагаасаа шалтгаалаад ажлын туршлага шаардахгүй байх тохиолдол байдаг. Хэлний шалгуурын хувьд А, В тэтгэлгийн аль нь ч бакалаврын оюутнууд HSK3 ба түүнээс дээш төвшний хятад хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Магистр, докторын оюутнуудын хувьд бол А тэтгэлэг хятад хэлний оноогүй байж болдог бол В тэтгэлэг нь тухайн сургуулийн шаардлагаас шалтгаалаад хэлний оноо шаарддаг. Гэхдээ ямар ч тохиолдолд хятад хэлний HSK оноотой байвал давуу тал болно.
-Та шалгууруудыг хангахын тулд хэрхэн бэлтгэл хийсэн бэ, хэдий хугацаанд зорилгодоо хүрсэн бэ?
-Миний хувьд жилийн өмнөөс сургуулиа судалж, материалаа бэлдэж, сурахыг хүссэн сургуулийн багштайгаа холбогдсон. Гадаадын их дээд сургуульд сурахаар төлөвлөж байгаа л бол аль болох эртхэн бэлдэх хэрэгтэй.
-Энэ тэтгэлэгт хамрагдахад гол нь юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Суралцах төлөвлөгөөгөө эртнээс сайн бичиж бэлдэх хэрэгтэй. Суралцах төлөвлөгөөндөө Хятадын тухайн их дээд сургуульд сурахдаа хийх судалгааны чиглэл, агуулга, цар хүрээг нарийн тусгасан байх шаардлагатай.
Үүнээс гадна хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь чухал. Ер нь ямар ч улсын Засгийн газрын тэтгэлэг улс хоорондын найрсаг харилцааг дэмжих, өөрийн улсын хэл, соёлыг түгээх зорилготой байдаг. Ийм учраас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнууд хятад хэл дээр хичээлээ үздэг. Англи хэл дээрх хөтөлбөрүүд цөөн байдаг. HSK оноо шаардаагүй сургуульд материалаа явуулах байсан ч аль болох эртнээс хэлээ сайжруулах хэрэгтэй. Учир нь хятад хэл бусад гадаад хэлтэй харьцуулахад “хэцүү” хэл. Ихэнх залуус анхан шатны хятад хэлний мэдлэггүй ч очоод хэлний бэлтгэлд суугаад сурчихна гэж тооцоолж явдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хятад хэлийг нэгхэн жилийн дотор академик түвшний лекц сонсоод ойлгох, ном, өгүүллэг уншаад ойлгох хэмжээнд сурна гэдэг бэрх.
-Одоо материалаа илгээх гэж байгаа оюутнуудад захиж өөрийн туршлагаасаа хуваалцвал...?
-Материалаа бэлдэж байгаа залуустаа захихад анхнаасаа сайхан нямбай бэлдээрэй! Тэтгэлгийн шаардлагад тусгасан бүрдүүлэх ёстой бичиг баримтыг яг л шаардлагынх нь дагуу бүрдүүлэх хэрэгтэй. Бүрдэл дутуу баримт бичгээр мэдээж тэтгэлэгт тэнцэнэ гэж байхгүй. Материалаа бэлдээд бэлэн болмогц бүх материалынхаа баруун дээд буланд дугаарлаад тусдаа А4 дээр товьёг хийгээд тэр материал тийм дугаартай, нийт тэдэн хуудас материал гэж бичээд нүүрэн талд нь хавсаргасан ч болно. Материалыг чинь авч байгаа багш бас хүн л юм чинь чиний нямбай байгааг анзаарна. Москвад хамт сурч байсан орос найз маань Германы ДААД-д тэтгэлэг хүсэхдээ ёстой сайхан нямбай бэлдэж байсныг харж байснаа мартдаггүй юм. Найз маань угийн “романтик” хүн болохоор эссэгээ яагаан цаасан дээр хэвлэж байсан. Хэлэхдээ "Бусдаас содон байг" гэж байсан. Бүр үнэртэй ус хүртэл цацаж байсан. Гэхдээ үнэртэй ус, ягаан цаас нь ч арай юу юм. Хэтрүүлээд яахав. Материалаа л зохих ёсны дагуу бүрдүүлээд эмх цэгцтэйгээр илгээгээрэй. 
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын зарууд сургуулийн цахим хуудас, вичат хуудсан дээр тавигддаг. Энэ зар дээрээс хангалттай мэдээлэл авч болно. Манай оюутан залуус өөрийнхөө төлөө сайн эрэл хайгуул хийдэг баймаар санагддаг. Гүүгл, Байду гээд бэлэн хайлтын системүүдийг сайн ашиглаж сурмаар байгаа юм. Ер нь гайгүй хэлний мэдлэг, сэргэлэн овсгоотой байж, өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг байхад л зорилгодоо хүрэх амархан байдаг.
-Таны одоогийн ажиллаж /суралцаж/ буй салбар мөн амьдарч буй улсаас Монголд хэрэгжүүлж болох гурван санаа, шийдлийг нэрлэ гэвэл юуг онцлох вэ?
-Хятад улсаас авч хэрэгжүүлэхүйц санаа маш их. Гэхдээ монгол оюутан залуусын дунд хятад оюутнуудад тогтсон “зөв хандлага”-ыг суулгаж, хэрэгжүүлмээр санагддаг. Хятадад хүн амын тоо их учраас чамтай өрсөлдөх өрсөлдөгч төдий чинээгээрээ их гэдгийг оюутнууд нь ойлгодог учир сурах гэж бүхий л чадлаараа мэрийдэг, тэмцдэг. Ажиглаад байхад “Би л өөрөө хийхгүй бол хэн ч миний өмнөөс хийхгүй” гэсэн ойлголт, хандлагатай. Тухайлбал, номын сангийн суудал авах гэж өглөөний 4 цагаас эхлэн дугаарлан зогсох дүр зургийг хятадын ихэнх их сургуулийн хотхонд харж болно. Их сургуульд сурч байхдаа л хийх ёстойгоо хийж, сурах ёстойгоо сурч амжихгүй бол төгсөөд ажил олдохгүй, ажилгүй бол амьдрахгүй гэдгээ гүнээ ухамсарласан байдаг шиг санагддаг. Манай улсад бол номын санд өглөө үүрээр дугаарлах шаардлага байхгүй, хүссэн мэдээллээ гүүглээс хайгаад олж болно. Мэдээллийг хаанаас ч олж болохоор байна. Иймээс монгол оюутан залуусыгаа өөрт байгаа цаг хугацаагаа ашиглаж үргэлж өөрийгөө хөгжүүлж байгаасай гэж хүсдэг дээ.  
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн