Японы эрдэмтэд А витаминаас гаралтай бодис нь элэгний хорт хавдрын эсийг устгаж, хавдар тархахаас сэргийлдэг болохыг тогтоожээ. Японы “Риккэн” шинжлэх ухааны академийн даваа гаригт нийтэлсэн судалгааны үр дүнгээр А витамин нь хавдрын давтамжийг бууруулж, эмчилгээний үйл явцад ч чухал нөлөө үзүүлэх боломжтой хэмээн онцолжээ.
Мөн А витаминд агуулагддаг нүдний хараа сайжруулдаг эрдсүүд нь өвчлөл хамгийн өндөртэй элэг, уушгины хорт хавдрын эсийн тархалтыг бууруулж байсан гэнэ. Судлаачид А витамин буюу Acyclic retinoid-ыг элэгний хавдрын эстэй урвалд оруулж өмнөх энгийн эстэй харьцуулахад хавдрын тархалт буурсан байна. Туршилтын явцад А витамин нь хавдрын эсийн тархах мөчлөг, пролифераци, колони үүсэх явцыг удаашруулж, хорт хавдрын өсөлтийг сааруулдаг болох нь тогтоогджээ.
Судлаачдын багын ахлагч Сойчи Кожима “А витамин буюу хорт хавдрын эсрэг Acyclic retinoid нь хорт хавдрын үүдэл эсийн ангиллыг тодорхойлдог бөгөөд энэ нь хавдрын давтамжийг бууруулж, өвчтөний биеийн байдлыг хянах боломжийг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой” гэв. Одоогоор судалгааг эсийн хэмжээнд гүйцэтгэж буй бөгөөд хавдрын үүдэл эс буюу химийн эмчилгээнд ч тэсэж үлдэх чадвартай болсон эсийг Acyclic retinoid агуулсан эмийн тусламжтай бууруулах боломжийг хайж байгаа гэнэ.