Монгол орны ихэнх нутгаар баасан гаригийн оройноос эхлэн хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, байгалийн онц ноцтой үзэгдэл тохиосон.
Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр салхи Монгол Улсын баруун, төв болон өмнөд хэсгийн аймгуудын нутгаар 18-34 метр секунд хүртэл ширүүссэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй шороон шуурганы улмаас ням гаригт Дундговь аймагт 340 гаруй хүн сураггүй алга болсон талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн. Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр шуурганы улмаас Монгол Улсад зургаан иргэн нас барсан харамсалтай явдал тохиосон.
Тэгвэл Хятадын “Shine” хэвлэлийн мэдээлснээр Монголоос эхлэлтэй элсэн шуурга тус улсын нийслэлд хүрээд байгаа аж. Хүчтэй шороон шуурганы улмаас даваа гаригийн өглөө Бээжин хотын тэнгэр шарлаж, үзэгдэх орчин хязгаарлагдан замын хөдөлгөөн саатсан байна. Бээжин хотын Экологи, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр элсэн шуурга Монголоос эхтэй бөгөөд агаарын урсгалаар дамжин аажмаар урд зүгт нүүжээ.
Бээжин хотын агаарын чанарын индекс даваа гарагийн өглөө 500 буюу хамгийн дээд түвшинд хүрч, “PM10” агаарт хөвөгч тоосонцрын хэмжээ куб метр тутамд 2000 микрограмм хүрсэн байна. Мөн “PM2.5”-ын хэмжээ куб метр тутамд ойролцоогоор 300 микрограмм хүрээд байгаа нь БНХАУ-ын стандарт болох 35 микрограмм үзүүлэлтээс бараг 10 дахин өндөр тоо юм.
Элсэн шуурга Өвөр Монголоор дамжин, Бээжин болон нийслэлийг тойрсон Ганьсу Шаньси болон Хэбэй мужид тархаад байгаа юм. Тиймээс Хятадын Цаг уурын алба даваа гарагийн өглөө элсэн шуурганд өртсөн бүс нутгуудад агаарын чанарын сэрэмжлүүлэх шар анхааруулга зарласан байна.
Хятадын хойд нутгаар ой модыг их хэмжээгээр устгасны үр дүнд Бээжин хот жил бүрийн гурав болон дөрөвдүгээр саруудад Монголын Говиос эхлэлтэй элсэн шуурганд жил бүр өртөх болсон талаар “Reuters” агентлаг онцолжээ.
Эх сурвалж: Reuters, Shine.cn