Open iToim app
Нээлт | 1 мин уншина

Цусны шинжилгээ хийх шинэ технологийн ачаар 50 гаруй хорт хавдрыг эрт оношлох боломжтой болжээ

Цусны шинжилгээ хийх шинэ технологийн ачаар 50 гаруй хорт хавдрыг эрт оношлох боломжтой болжээ
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 3
АНУ-ын ашгийн бус анагаахын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний “Mayo Clinic” хүрээлэнгийн эрдэмтэд хорт хавдрын эсээс ялгарах ДНХ-г хянаж, илрүүлэх цусны шинжилгээ хийх шинэ технологийг боловсруулсан байна.
Цусны шинжилгээ хийх энэхүү шинэ технологийн ачаар эрт илрүүлэхэд хүндрэлтэйд тооцогддог 50 харуй хорт хавдрыг оношлох боломж бүрджээ. Улмаар эрдэмтэд Галлери буюу “Galleri” гэгдэх уг шинжилгээ нь хэдхэн жилийн дотор хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийг бүрэн орлох болно гэж үзэж байгаа аж.
Одоогоор зөвхөн “Mayo Clinic”-ын судалгааны лабораторид хийх боломжтой уг шинжилгээг 6600 гаруй хүнд туршихад, эрт үеийн хорт хавдрын 29 тохиолдлыг оношилж, илрүүлсэн байна. Харин хяналтын давтан шинжилгээгээр шинэ технологи нь нийт шинжилгээний сорьц дунд ердөө нэгээс бага хувьд нь хуурамч эерэг хариу өгөх магадлалтай болохыг тогтоожээ.
АНУ-ын Хавдрын Нийгэмлэгийн тоо баримтад дурдсанаар тус улсын хэмжээнд хорт хавдраар нас барсан нийт тохиолдлын 71 хувь нь хавдрыг эрт оношлох урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагдаж байгаагүй аж.
АНУ-ын “CBS News” телевизийн мэдээлснээр Галлери шинжилгээ нь тус улсын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн багцад багтаагүй тул оношилгооны өртөг одоогоор 950 ам.доллар орчим байгаа аж. Гэхдээ “Mayo Clinic” шинэ технологийг эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлэхээр Хүнс, эмийн агентлагт холбогдох бичиг баримтуудаа илгээсэн байна. Түүнчлэн Галлери шинжилгээг илүү хямд өртгөөр хийх судалгаанууд хийгдэж байгаа бөгөөд ингэснээр дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээнд нэвтрэх боломжтой болох аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн