Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Агнууш: Хуучин хувцас борлуулах төслөө 'Шарк Танк'-д танилцуулна

Агнууш: Хуучин хувцас борлуулах төслөө 'Шарк Танк'-д танилцуулна
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 15
Тас хар үс, хөмсөгнөөс хоёр хуруу дээш мончок, чөлөөт хувцаслалт. Ийм нэгэн өөрийн дүр төрхтэй эмэгтэй Улаанбаатар хотын хаа нэгтээх гудамжинд камер хүзүүнээсээ дүүжлэн алхаж байж мэднэ. Учир нь, тэр бол Монголын нийгэм дэх бараан үзэгдлүүдэд ч өчүүхэн гэрэл гялбаж байдгийг баримтат гэрэл зургаараа харуулдаг “гудамжны” баримтат гэрэл зурагчин. Бас тэрээр “Social” сувагт “Medium” хөтөлж, зөвхөн өөрийн мэдрэмж, чөлөөт сэтгэлгээ, үзэл, харах өнцгөө уртаас урт бичвэртээ шингээж суудаг нэгэн. Түүнийг Агнууш гэдэг. Сүүлийн үед “Тойрог”, “Retoirog”, “ШкаF” гэх гурван том төслийг эхлүүлж, залуусын дунд хуучин хувцас хэрэглэлийн  давлагааг эхлүүлээд буй. Түүний ярилцлагыг хүргэе.
-Таныг баримтат гэрэл зурагчин гэдгээр нь мэдэх юм байна. Гэрэл зургийн тэр олон төрлүүдээс хамгийн хүнд гэж хэлж болохуйц баримтат жанраар яагаад дагнах болсон бэ?
-Гэрэл зургийн олон төрлөөр зураг дарж, өөрийн сонирхлоо олохоор туршиж үзсэн. Гэхдээ нэг л дурлуулж өгөхгүй байсан. Анхны камераа 2017 онд авснаас хойш хамгийн түрүүнд авсан гэрэл зураг маань гудамжны гэрэл зураг байв. Гудамжны гэрэл зураг авахад модел, гэрэл, студи шаардлагагүй. Би камертайгаа гарахад л хангалттай.
Гудамжинд гарсан эхний өдрөө уйлж байснаа санаж байна. Гунигласандаа бус маш их мэдрэмжийг нэгэн зэрэг мэдэрсэн учраас нулимс гарсан хэрэг. Өмнө нь гудамжинд явж байхдаа анзаарч хардаггүй зүйлсээ анзаарч, “Хөөх, би ийм нийгэм дунд оршдог юм байна” гэж маш их баярласан. Тэр өдрөөс хойш уйгагүй, өдөр бүр зураг авсаар 500 зураг авсан байдаг. Хөдөө орон нутгийг гурав тойрч зураг дарсан. Тэр үедээ янз янзын түүхтэй хүмүүстэй уулзаж байлаа. Улаанбаатар хотод буцаж ирчхээд өөрийгөө олохын тулд нэг жилийн аялалд гарч 24 насны төрсөн өдрөөрөө Бээжин хүрэх галт тэргэнд сэрсэн. Тэр нэг жилийн хугацаанд өдөр бүр 500 зураг авч байсан.
-Гудамжнаас маш их мэдрэмж мэдэрч, ихийг боддог бололтой. Яг юу мэдэрдэг юм бэ?
-Гудамжны гэрэл зураг олон юм бодогдуулдаг. Гудамжинд би өөрийгөө өртэй гэж боддог. Маш их зүйлийг сургаж, маш олон амьдралын өнгийг харуулсан. Хоосон орон зай, амьдралын тухай бодролуудыг өгсөн. Тэр бүрт амьдралын тухай, хүн байх тухай, ертөнцийн тухай, хамтдаа оршиж байгаа хүмүүсийг ойлгоход сургасан.
-Сүүлийн үед гэрэл зурагтаа төвлөрч чадаж байна уу, хийхээр төлөвлөсөн ажил хэр их байна вэ?
-Гудамжны гэрэл зураг бол баримтат гэрэл зургийн төрөл. Баримтат гэрэл зургийн хоёр цуврал хийж дуусгасан. Баримтат цуврал хийхэд маш их төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Ямар нэгэн сэдэв сонговол сэдвийнхээ дагуу тэр газраа очоод зургаа дарах хэрэгтэй болдог.
Дипломын ажлынхаа төлөвлөгөөний дагуу ОХУ-ын улс төрийн гэмт хэрэгтнүүдийн гэр бүлийн тухай  цуврал хийж байсан. Дандаа хэлмэгдүүлэлтээр нөхрүүд нь 25 жилийн ял авсан хүмүүс байв. Энэ хүрээнд найман гэр бүлээр очиж, 18 хөрөг зураг цуглуулсан. Түүнийхээ үзэсгэлэн дээр ажиллах дутуу байгаа. Баримтат гэрэл зураг бол сошиалд зориулдаг, олон нийтэд дэлгэдэг зураг биш. Баримтат гэрэл зургийг олон улсын уралдаанд илгээх үед цахимд дэлгэсэн бол тооцдоггүй. Ном болгон хэвлүүлээд борлуулж л олон нийтэд үзүүлэх боломжтой гэх юм уу даа. Маш сайн хав дарах хэрэгтэй байдаг.
-“Medium” сувгаа хөтлөхөө түр зогсоож ээ?
-Medium сувгаа хөтлөх гэж их хичээж байгаа. Оройдоо завтай суухаараа хэдэн үг холбодог ч тууштай, бодлуудаа тултал нь гаргаж чадахгүй байгаа. Ажлуудаа бүрэн гараасаа гаргаж чадаагүй учраас төвлөрч амжихгүй байна гэх үү дээ. Өмнө нь хийдэг, дурладаг, өөрийгөө бүрэлдүүлдэг байсан зүйлсээ удахгүй хийж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Сүүлийн үед төслийн ажилд ханцуу шамласан учраас түүндээ төвлөрч байгаа.
undefined
-Ярилцлагаа таны хэрэгжүүлж буй төслүүдээр үргэлжлүүлье. Хамгийн анхдагч нь хэрэгжүүлж буй төсөл нь “Toirog” шүү дээ. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон юм бэ?
-Хуучин хувцасны соёл нь өөрөө их залуу соёл. Дан ганц Монголд гэлтгүй дэлхий дахинд хүчтэй түрэн орж ирсэн салбар. Дэлхийн хуучин хувцасны зах зээл жилээс жилд үржигдэн орон зайгаа тэлж байна. Хэрэглээ нь ч иргэдийн дунд энгийн, өдөр тутмын хэрэглээ болох боломжтой. Яагаад энэ салбар ийм хүчтэй давлагаалаад байгаа вэ гэхээр байгаль экологид том брэнд хувцасны дэлгүүрүүд маш их үйлдвэрлэл явуулснаараа хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж бохирдуулж байгаа. Хүлэмжийн хийн ялгарал шууд дэлхийн дулааралд нөлөөлж байна. Энэ нь ч надад мэдрэгддэг. Дэлхийн дулаарал бидний өдөр тутмын уур амьсгалд нөлөөлж байна шүү дээ. Өнөөдрийн өвөл 10 жилийн өмнөх өвлөөс дулаарсан санагдахгүй байна уу?
-Санагдалгүй яах вэ...
-Антарктид хайлж, амьтад нь нэг нэгээрээ үхэж байгаа нь бидний буруу. Бид хэрэглээндээ ухамсартай байж, хог хаягдлыг орлуулах бүтээгдэхүүнийг ухамсартайгаар сонговол байгаль, хүн төрөлхтнийг хайрлах боломжтой.
Яг энэ ухагдахуунаар “Toirog”-ийг анх эхлүүлэх болсон. Монголчууд мухар сүсгээсээ болж дэлхий дахинд дэлгэрсэн энэ соёлд бүрэн дүүрэн орж чадахгүй байгаа. Монгол Улсад 3.3 сая тонн хог хаягдлаас 2.5 хувь нь даавуун хаягдлаас үүдэлтэй. Монголчууд хуучин хувцсынхаа тэн хагас нь шатааж агаарт хүлэмжийн хий ялгаруулдаг бол зарим нь хог хаягдал болгон хөрс агаарын бохирдол үүсгэж байгаа. Цөөн хэсэг нь бусдад дамжуулан өмсүүлдэг. Энэ соёлд нийт залуусыг уриалж, үлгэр дуурайлал болох, эх дэлхийгээ үргэлж боддог, хүн ба амьтдыг хайрладаг байлгах зорилготой. Мөн “Toirog” бусад төслүүдээ санхүүжүүлэх,  хөрөнгө оруулагч болдог төсөл.
-Тойргийг байгуулснаас хоёр жилийн дараа “ШкаF”-ийг байгуулсан шүү дээ. Ер нь таны хэрэгжүүлж буй төслүүд бүгд л уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэдэг юм байна?
-Зөвхөн монгол хүний хайрлаж эдэлсэн хувцсыг Монголчуудад нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй хямдаар санал болгох, алсдаа байгаль эх дэлхийгээ хайрладаг болох том гүүр бүтээж байгаа гэж боддог. “Toirog”-т залуучууд нэгэндээ өгч буй хязгааргүй хайр, өөрсдийнхөөрөө “гажигтаж” болох орчныг бүрдүүлдэг. Тойргийн менежер хийдэг охин дөнгөж 19 настай. Үеийнхнээ маш нэгдмэл үзэл санаатай байхад чиглүүлдэг. Гэхдээ яг өөр өөрсдийнхөөрөө. Хэн нь ч хэнийгээ хүчлэхгүй.
Манайх хүний нөөцийн хувьд тодорхойгүй байдаг. Бид “ШкаF” төслөө цахимаар худалддаг байх гэж үзсэн. Гэвч энэ нь явц муутай, Монголчуудын цахим хэрэглээнээс их хамаарч байсан учраас танхимаар үйл ажиллагаагаа явуулах болсон. Бид маш их хувцас татан төвлөрүүлж байж борлуулалт хийх боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үнэ цэн татан төвлөрүүлэх юм. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалт татаж, татан төлөвлөхийн хувь, борлуулалтаа нэмж, хүний нөөцөө тэлж ажилламаар байгаа учраас "Шарк Танк" нэвтрүүлэгт орж, хөрөнгө татахаар төлөвлөж байна.
Харин “Retoirog”-оо туслах материалаар нь хангалттай хангаад өгчихдөг. Тэнд дандаа залуус өөрсдийн имижээр, өөрсдийн сэтгэмжээр хувцас урладаг. Үүний материалыг бид амралтын өдрүүдэд иргэдийн өмсөхгүй, хайрлаж эдэлсэн хувцсыг жинлэж худалдан авснаар хангадаг. Тэдгээр хувцсыг задлан өөр дүр төрхтэй болгодог. “Retoirog” төслийг “Toirog” төслөөр дэмжиж, борлуулалтаар нь хангачихдаг.
-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй төслүүдийнх нь алсын хараа, зорилго нь юу вэ?
-Миний дотор цаг үргэлж эх орон бодогддог. Тэр ч утгаараа эдгээр төслүүдийн байгальд ээлтэй талаар нь олон түмэнд ойлгуулж, хуучин хувцсыг соёл гэж хардаг нийгмийг бий болгох зорилго, алсын хараатай.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн