Манай улсын татварын систем бүрэн цахим хэлбэрт шилжсэн ч татвар хураан явах, тайлагнах үйл явц нь тус тусдаа, нэг “толгойгүй” байгаа нь иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар эцэстээ төрийн сан хэмээх ганцхан дансанд ордог ч төр татвар хураамжаа нэг бус нэлээд хэдэн данс, платформоор дамжуулан авч байна. Тэгвэл татварын үйлчилгээнүүд төрийн үйлчилгээний цахим нэг цонх e-mongolia-д нэгджээ. Иргэд, бизнес эрхлэгчид нэг дороос татварын бүх төрлийг үйлчилгээг авч, тайлагнах боломж бүрдэх гэж байна.
Төрийн үйлчилгээ цахим супермаркет болох E-MONGOLIA хөтөлбөрийн эхний шатанд 44 нэр төрлийн татвар, хураамж төлбөрийг нэг цонхонд төлөх боломжтой. Монгол орныг бүрэн хамрах энэ төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулан иргэд, татвар төлөгчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран татварын үйлчилгээ авах юм. Аж ахуйн нэгжүүд цахим бус, уламжлалт хэлбэрээр НӨАТ-аа мэдүүлэхэд нэг цаг гаруй буюу 68 минут зарцуулдаг бол цахимд шилжсэнээр үүнээс арван дахин хурдан буюу долоон минутад шийдэх аж. Мөн татварын мэдүүлгийг цахим бус уламжлалт хэлбэрээр тайлагнахад 78 минут зарцуулдаг бол цахимаар 10 минут л хангалттай.
Түүнчлэн E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын суурь системийн шинэчлэлийг бусад байгууллагатай мэдээлэл солилцох боломжтой болж буй. Тухайлбал, Монголын татварын алба төрийн байгууллагын мэдээлэл солилцооны ХУР системд холбогдож бүх төрлийн хөрөнгийн мэдээллийг үндсэн бүртгэгч байгууллагуудаас татан авч, татварыг бодитой ногдуулж байгаа. Цаашид иргэдэд зориулсан төрийн нэгдсэн үйлчилгээний системийг үе шаттай нэвтрүүлэх, ингэхдээ тухайн иргэнийг таньж, баталгаажуулах тоон гарын үсэг болон бусад технологийг нэвтрүүлэх аж. Ингэснээр тухайн хүний хувийн мэдээллийг хамгаалж, найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн салбар байгууллагуудын мэдээллийн системийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх загварт шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Улсын хэмжээнд бүртгэл, статистик хариуцсан байгууллагууд тусдаа, бие даасан загвараар мэдээллийн технологио хөгжүүлбэл суурь системүүд хоорондоо мэдээллээ хуваалцаж, мэдээллийн давхардал үүсэхгүй болно. Үндэсний дата төв нь төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны үндсэн үүргийг хариуцан ХУР системийг боловсронгуй болгох замаар Цахим Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд гүүр болж ажиллах боломжтой.
Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг бизнес эрхлэгчдэд нэг цонхоор хүргэх вэб портал болон гар утасны аппликэйшн тун удахгүй бэлэн болох гэж байна. Энэ хөтөлбөрийн эхний шатанд иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болно.
Сангийн яамны тооцоогоор иргэд төрийн нэг төрлийн үйлчилгээг авахад зарцуулж буй цагийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход жилд 1.3 тэрбум төгрөгтэй тэнцдэг байна. Тэгвэл төрийн 181 үйлчилгээг цахимжуулснаар ойролцоогоор иргэдийн халааснаас 200 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэх нь.
Эцэст нь, татвар бол төр оршихуйн үндэс төдийгүй улс орны бизнес, эдийн засгийг дэмжигч хүч. Тэгвэл татвар тайлагнах, хураан авах, буцаан олгох үйл явцыг бүхэлд нь цахимжуулж, иргэд, бизнес эрхлэгчдэд хялбар болгосноор татвар төлөгчдийн хамрах хүрээ тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ. Нөгөө талаас, татварын системийг ил тод, нээлттэй болгосноор бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг дэмжих юм.
Монголчууд мэдээллийн технологийн өөрчлөлт хурдтай шилжиж байгаа ч бидний ашиглалт, хэрэглээ нийгмийн сүлжээнээс хэтрэхгүй байна.
Тэгвэл цахим шилжилт нь Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлж, бизнес эрхлэлтийг дэмжих, шинэ технологийн боломжийг шуурхай ашиглах, чөлөөт зах зээл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм.