Ховд аймгийн ЕБ-ийн 7-р сургуулийн бага ангийн багш Э.Энхтуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчтайгаа хичээллэж буй арга барил, сурагчийнх ур чадвар хэрхэн дээшилж байгаа талаар бичсэн түүний нийтлэлийг хүргэж байна.
Би өнгөрсөн жил нэгдүгээр анги дааж авсан бөгөөд манай ангид хөгжлийн ялгаатай нэг сурагч элсэн суралцаж эхэлсэн юм. Түүнийг анх сургуульд ороход нь эцэг эх нь их л санаа зовонгуй “Хүү маань сурдаг л байгаа даа, за танд л найдаж байна шүү багш минь” гэж хэлсэн үг өдөр бүр бодогддог байлаа.
Сурагч Доржоо маань ихэр, хэвийн төрсөн боловч төрсний дараах шарлалт гүн явагдсаны улмаас тархинд нь нөлөөлж хөдөлгөөний бэрхшээлтэй, бага зэргийн саажилттай болсон хүүхэд. Анх хичээлд эхлэх үед нь гарааны үнэлгээ хийхэд өөрийгөө илэрхийлж чадахгүй, зарим хэлж байгаа үг нь ойлгогддоггүй, улаан, ногоон өнгөнөөс өөр өнгийг ялгаж мэддэггүй, баруун гарын хөдөлгөөн нь сул хүүхэд байсан. Харин анги дээрээ хэт хөдөлгөөнтэй, анхаарал нь хурдан сарнидаг, гэнэт янз бүрийн юм оролдоод, босоод явчихдаг, эсвэл ойр хавьд нь хамт суудаг хүүхдүүдээ өдөж хатгаад суулгадаггүй байсан.
Доржоогийн эцэг эхтэй ярилцаж тохиролцсоны дагуу ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж эхэлсэн юм. Түүний баруун гарын сарвууны булчинг хөгжүүлэх, мөн цифр ялгах, таних, 1-20 хүртэлх тоог нэмэх, хасах үйлдлийг хийлгэж сургах нь миний нэн тэргүүний зорилго байсан тул түүнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материалаар хийж ашиглаж эхэлсэн нь маш хурдан үр дүнгээ өгч эхэлсэн юм.
Шавийнхаа багахан ахицыг хараад өөрийн эрхгүй баярладаг
Тодруулбал энэхүү хэрэглэгдэхүүнийг сүүний хайрцаг болон бөглөөг нь ашиглан хийсэн бөгөөд аливаа савны бөглөөг онгойлж, таглаж сурахаас гадна энэ үйлдлийг хийх явцдаа баруун гарынх нь сарвууны хөдөлгөөнийг нь дэмжих мөн нэмэх хасах үйлдлийг хийж сургах гэж хичээсэн. Тус хэрэглэгдэхүүнийг Доржоо бид хоёр 3 түвшинд ашигласан.
1-р түвшин: Зургийг тоолоод хариугаа олж бөглөх
2-р түвшин: Зургаар өгөгдсөн өгөгдлийг нэмж хасан хариугаа хайрцагнаас олж бөглөх
3-р түвшин: 10 хүртэлх тоог нэмж хасан хариугаа хайрцагнаас олж бөглөх
Сурагч Доржоо маань саажилттай учир эхлээд энэ сургалтын хэрэглэгдэхүүнээр ажиллахад бөглөөгөө онож барьж эргүүлж чаддаггүй байсан бол 3 сарын хугацаанд савны таглааг сурамгай бөглөж чаддаг болсон.
Харин үргэлжлүүлэн 1-р түвшний даалгавруудыг ажилласнаар 1-10 хүртэлх цифрийг ялгаж, таньдаг 1-10 хүртэл тоолж чаддаг болсон.
Мөн 2, 3-р түвшний даалгаврыг ажилласнаар нэмэх, хасах үйлдлийг ойлгож, одоо 2 түвшний буюу зурган өгөгдөлтэй бодлогыг шууд боддог болсон. Мөн 3-р түвшний буюу арай хүндрүүлсэн даалгавраас 5 хүртэлх тоог нэмж хасах чадвартай болсон. Зөвхөн түүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг хийж, тогтмол баяжуулан, өнгө дүрсийг нь өөрчилж хэрэглэдэг байсан нь үр дүнгээ өгсөөр байна. Түүнийг даалгавраа гүйцэтгэж байхад нь би хэзээ ч яаруулдаггүй бөгөөд удаан тайван дахин дахин харж хийхийг сануулж, дэмжиж өгдөг. Доржоо даалгавраа дуртай нь аргагүй гүйцэтгээд, хариугаа өргөж харуулдаг ба ингэж хийх нь түүнд маш сонирхолтой байгаа нь ажиглагддаг юм.
“Хөгжихгүй хүүхэд гэж байхгүй, харин хөгжлүүлж чадаагүй чадвар бүр нь хөгжлийн бэрхшээл болдог” гэж төслийн зөвлөх багш Б.Норовдоогийн сургалтын үеэр хэлж байсан үг үнэхээр үнэн юм байна гэдгийг түүнтэй ажиллах явцдаа илүү сайн ойлгож авлаа.