Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

Т.Долгор: Улаанбаатар хотын дөрвөн газар болон гурван аймагт гудамжны номын сан байгуулсан

Т.Долгор: Улаанбаатар хотын дөрвөн газар болон гурван аймагт гудамжны номын сан байгуулсан
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 10
Улсын хөгжлийг  өндөр байшин барилга, шинэ зам гүүрээс илүүтэйгээр иргэдийн соёл, ухамсар, сэтгэлгээгээр хэмждэг болсон цаг. Тэгвэл хүүхэд, залуусын оюуныг тэлэн, номтой илүү ойр нөхөрлүүлэх, нийтийн эд зүйлийг өөрийнх юм шиг хайрлах, заавал гэртээ эсвэл номын санд ном уншдаг гэх баригдмал сэтгэлгээг халах зорилготой Монголын гудамжны номын сан /Mongolian street library/-г онцолж байна. Ингээд гудамжны номын санг санаачлан, Монголдоо байгуулсан орчуулагч Т.Долгор /Тара/-тай гудамжны номын сангийн тухай ярилцсанаа хүргэе.
-Гудамжны номын санг анх яагаад байгуулаад хүмүүст ямар соёлыг түгээе гэж бодсон бэ?
-Номыг мөнгөтэй, завтай хүн унших биш, бүх хүн гэрт, гадаа гэлтгүй унших боломжтой болгох, хүүхэд, томчуудыг номд сонирхолтой болгож, номтой ойр нөхөрлүүлэх зорилгоор  анх байгуулсан. Одоогоор гурван  аймаг, Улаанбаатар хотод нийлээд долоон номын сан ажиллаж байгаа. /Байршлыг google map-аас харж болно/ Анх байгуулахад, хүүхэд, томчууд гэлтгүй үнэхээр талархан хүлээн авч, өөрсдийн санаачилгаар аймаг сум, амьдардаг хотхон, ажлын газрынхаа ойролцоо салбарлуулан байгуулж эхэлсэн. Ном зөвхөн номын санд, гэрт эсвэл дэлгүүрт байдаг,  үнэмлэхээр юм уу, мөнгөөр л номыг авдаг гэсэн ойлголттой газар ийм санааг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байлаа. Хулгайд алдагдах, хүмүүс нэмж ном хийхгүй байх, авч зарах  зэрэг асуудал гарах болов уу гэж таамаглаж байсан ч оролдоод үзэхээр шийдсэн. Гэхдээ хүмүүс яг л өөрсдийнх нь бодож явсан зүйл юм шиг хүлээж авсан.
-Гудамжны номын сан байгуулснаар ямар ач холбогдол, үр дүнтэй байна вэ?
-Гудамжны номын сан бий болсноор ном хүүхдийн нүдэнд илүү ойр харагдах, хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх, олон нийтийн өмчийг өөрийн юм шиг хайрлах, аливаа зүйлийг бусадтай хуваалцах, аливаад хариуцлагатай хандах хүмүүжил олоход хувь нэмэр оруулна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 120 мянгатын баримал амьтадтай цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан анхны  номын санг тэр цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалдаг хүүхдүүд ном сонирхсон хүн дээр гүйж ирээд, “Ямар ном авах гэж байгаа юм бэ”, “Оронд нь ном хийх юм уу”, “Уншчихаад  буцааж хийгээрэй” гэх мэтээр өөрсдийн санаачилгаар санаа тавьдаг.
undefined
-Номын сан байгуулах санаагаа хаанаас олсон бэ. Байгуулахад хэр удсан бэ?
-2019 оны нэгдүгээр сард Европт аялж явахдаа Францын нэг хотод анх гудамжны номын сан харсан. Өөрөө хотын төвийн гудамжны номын сангаас ном авч уншаад, ахиж тийшээ очиж чадаагүй учраас Монгол руу буцахдаа нөгөө авсан номоо болон өөрийнхөө уншиж дууссан, авч явах боломжгүй номуудаа гэрийнхээ ойролцоох гудамжны номын санд хийж үлдээсэн. Энэ үед л яагаад нутагтаа энэ санааг хэрэгжүүлж болохгүй гэж хэмээн бодсон. Эхлээд модоор хайрцаг хийж суурилуулах санаатай, төлөвлөгөө гаргатал загвар гаргах, захиалга өгөх, мужаан олох, материалаа авах, зөөх тээх гээд ажиллагаа ихтэй байлаа. Тэгээд гэрт жил орчим эвдэрхий хэвтсэн хөргөгчөөрөө хийхээр шийдсэн дээ. Энэ оны зургадугаар сарын 8-нд Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд анхны номын сангаа нээсэн. Нэлээд ярвигтай асуудлуудыг маш энгийн, бас найдвартай, бараг л хамгийн оновчтой аргаар хийсэн. Уг нь олон номын сан зэрэг нээе гэсэн боловч хөргөгч олдоогүй. Хөргөгчний хэмжээний хувьд ямар ч байж болно. Одоогоор дунд оврын хөргөгчүүд ашигласан. Хөргөгч, хөлдөөгч, хаалга гуравт нь номоо төрөлжүүлээд өрдөг. Номынхоо зузаан нимгэнээс шалтгаалах ч одоогийн номын эргэлтдээ хэмжээ нь хангалттай байгаа. Гудамжны номын санг юугаар ч хийж болно л доо. Заавал хөргөгч байх албагүй. Гарын ур дүйтэй, цаг завтай, будаж чимэглэх авьяастай хүн бол модоор ч өөр юугаар ч хийж болно. Бас зардал багатай. Гэхдээ хөргөгчинд тоос шороо орохгүй, аль хэдийн бэлэн болчихсон хайрцаг тул будаж, чимэглэхэд л болно. Бага зэрэг будаг, арилдаггүй маркерийн л мөнгө орно. Миний маш том нэг зорилго бол номын санг хэн ч, хаана ч, юугаар ч хамаагүй хийж болно гэх сэтгэлгээг хүмүүст суулгаж, боломжийг бодитоор харуулах байлаа. Хүмүүс хэтэрхий хүндээр бодоод, хулгайд алдах, хүн авч зарж борлуулах вий гэх мэт айдсаасаа болоод, номын сан байгуулахаас хаширдаг.
-Үнэгүй ашиглана гэхээр хүмүүс хэрхэн хандаж байна вэ. Номоо авчраад хийх нь их байна уу, аваад явах нь их байна уу?
-Яг тодорхой хараад, хянаад суудаг хүнгүйгээр гудамжинд байж байна гэхээр хүмүүс их гайхаж хүлээж авсан. Шууд л “манайхан хулгай хийгээд аваад явчихна”, “хэн ч ном авчирч хийхгүй” гэж анхны номын санг нээхэд ирсэн хүмүүс хэлж байлаа. Гэхдээ эхний номын сангийн нээлтэд ирсэн хүмүүсийн зарим нь ажлын хамт олон, найз нөхөдтэйгөө ирээд ном бэлэглэсэн. Анх нь номын солилцоо маягаар ажиллуулахыг хүссэн ч энэ нь хүмүүсийн гар дээрх номын тоо бага, ном үнэтэй, хүртээмж муутай манай орны нөхцөлд тохирохгүй байв. Тиймээс гудамжны номын сангаас ном авч явахгүй, дэргэд нь уншаад, буцаагаад хийнэ, эсвэл авчирсан номоороо газар дээр нь солино гэсэн дүрэм гаргасан.  Нэг нь авчраад хийхээр нөгөө нь хуу хамж авч явчихаад байвал номын хүртээмж нэмэгдэхгүй шүү дээ. Авч явсан ном гэрийн номын санд хадгалагддаг уу, эсвэл хуучин номын худалдаагаар зарагддаг уу гэдэг нь тодорхойгүй.  Энэ асуудлыг боломжоороо хязгаарлах үүднээс “Гудамжны номын сангийн ном тул зарж борлуулахыг хориглоно” гэсэн дардас дарж байгаа. Ийм ном зарж байвал авахгүй, эсвэл аваад номын санд нь буцааж байрлуулах хэрэгтэй.
-Номын сан байгуулахад хэдэн төгрөгийн зардал гарсан бэ?
-Гэртээ байсан эвдэрхий хөргөгчөө ашигласан. Будаг, чимэглэл, ус тогтохоос хамгаалсан модон дээврийн мөнгийг өөрөө гаргасан. Өөрт байсан ном болон хүмүүсийн хандивласан номоор анхны номын сангаа дүүргэсэн. Нэг сургалтын төв ном хандивласан. Номын сангийн хайрцагт аливаа сурталчилгааны материал байрлуулахгүй, наахгүй гэсэн дүрэмтэй. Ямар нэг байгууллага, хувь хүн, намын сурталчилгааны зорилгоор гудамжны номын санг ашиглахгүй гэсэн үг. Ялангуяа олон нийтийн талбайд байршуулсан номын сан ямар нэг байдлаар анх санаачилсан миний ч юм уу, эсвэл ивээн тэтгэгчийн өмч биш, нийгмийнх гэж харж ханддаг, хувааж хэрэглэдэг зүйл байгаасай гэж хүсдэг. Эндээс хүмүүс бусадтай хувааж хэрэглэдэг зүйлдээ хариуцлагатай ханддаг соёл суух болов уу. Олон нийтийн талбай дээр байгаа номын санд эзэн, хариуцагч томилох санааг дэмждэггүй. Хэн харж хандах юм бэ гэж хүмүүс асуухаар нь та, би, тэр, бид бүгдээрээ эзэн нь гэж хариулдаг. Танай гэрийн номын сан л гэсэн үг шүү дээ гэдэг. Санаачлагчийн зүгээс аливаа сурталчилгааны зорилгоор ашиглахгүй, тууштай, онцлог байлгахын тулд хар, шар өнгөөр номын санг чимэглэнэ гэсэн хоёр зарчмыг л баримталдаг.
-Монголд энэ төрлийн соёл хэдий хугацаанд тогтоно гэж бодож байна вэ. Эсвэл хүмүүс үйлчлүүлээд сурсан байна уу?
-Доод тал нь 3-5 жилийн дотор тогтох байх. Гэхдээ номын сан байгуулсан хувь хүн, албан байгууллага, хамт олон, нийгэм өөрсдөө тууштай хэрэгжүүлж, үргэлжлүүлэхгүй бол 3-5 жилийн дараа энэ соёл ор мөргүй замхраад алга болохыг ч үгүйсгэхгүй. Энэ үнэхээр манай нийгэмд хэрэгтэй, өгөөжтэй соёл гэж үзэж байгаа бол гол нь хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй.
-Гудамжны номын санг дэлхийн улсуудад хэр зэрэг яаж хөгжсөн байдаг вэ?
-Гудамжны номын сан барууны орнуудад “little free library” буюу үнэгүй бяцхан номын сан нэртэйгээр төрөл бүрийн хэмжээ, шийдэл, загвартайгаар түгсэн. Азийн орнуудад ч байдаг. Манай аялагчид гадаад оронд аялж явахдаа тааралдсан гудамжны номын сангийн зургуудаа авч, “Монголд маань ийм юм байдаг ч болоосой” гээд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байдаг. Би тэр гудамжны үнэгүй номын сан хүсэж мөрөөдөж явсан хүмүүсийн л нэг байсан.
-Цаашдаа хаана, хаана ямар  салбараа нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд хүмүүст хүсэж, мөрөөдөж явдаг зүйлийг нь ингээд хийж болдог гэдгийг бодитоор харуулах, миний байгуулсан гудамжны номын сангаас санаа аваад, өөр өөрсдийн байгаа газраа байгуулахад нь урам зориг, сэдэл өгье гэсэн зорилготой байсан. Би өөрөө шинээр байгуулахаасаа илүү бусад хувь хүн, байгууллага, хамт олон, найз нөхдийн санаачилгыг дэмжиж, туршлагаасаа зөвлөж, хамтран ажиллаж тусална. Ингэснээрээ хүмүүс гудамжны номын санг миний өмч гэж харахаасаа илүү өөрийн байгуулсан, эсвэл хаа нэг байрлуулсан аль ч гудамжны номын санд эзний сэтгэлээр хандах болов уу гэж боддог. Боломжоороо өөр газруудад номын сан байгуулах төлөвлөгөө бий. Хуучин ажлын хамт олон маань надад тусалж, будаж, бэлдсэн хөргөгчүүд хандивлана гэсэн.
-Гудамжны номын санг хэрвээ салбарлуулан байгуулъя гэвэл танд хандаж болох уу?  
-Tara Dolgor гэсэн миний хувийн фэйсбүүк хаягаар юм уу, монголын гудамжны номын сан групп, хуудсаар холбогдоод, зөвлөгөө, мэдээлэл хүсвэл дуртайяа хамтарч ажиллана. Одоогоор байгуулаад  байгаа долоон гудамжны номын сангийн санаачлагч нартаа санаачилгыг минь дэмжсэнд баярлалаа гэхээсээ илүү өөрсдөд нь баяр хүргэе. Тэд нийгмийнхээ сайн сайхны төлөө хөлс, хүч, сэтгэлээ зориулсан нийгмийн түүчээлэгч нар юм.
Ярилцсанд баярлалаа .
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн