Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

О.Тэнгис: Хатгийг буруу шахсанаас болж олон удаа давтан гардаг

О.Тэнгис: Хатгийг буруу шахсанаас болж олон удаа давтан гардаг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 4
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч О.Тэнгистэй ярилцлаа.
-Юун түрүүнд хатиг гэж ямар шинж тэмдгээр илэрдэг өвчин болохыг уншигчдад тайлбарлаж өгнө үү. Мөн хатиг хэчнээн төрөлтэй вэ?  
-Хатиг гэдэг нь арьсны идээт өвчин бөгөөд хүний биеийн үсний уут болон тосны булчирхайд бактери орсноор үсний уут үрэвсэж, идээлэх процессыг хэлнэ. Хатиг нь төрлөөр илэрдэггүй. Ялгаатай зүйл бол үүсгэгч нь л өөр, өөр байдаг. Өвдөг, тэмээ гэх зэрэг нүд, хамар дээр гардаг арьсыг түрэн товойж гарсан зүйлийг ч  хатиг гэж нэрлэдэг.  Харин бие дээр гарах хатиг үүсгэгчийн 90 хувь нь алтлаг стапхлаги хэмээх бактери үүсгэгчээс  шалтгаалсан байдаг. Тэрхүү үүсгэгч бактери агаар, хүний арьс, эд зүйлс дээр ч байдаг юм. 
-Хатгийг ямар тохиолдолд мэс ажилбарын аргаар хагалдаг юм вэ?
-Ерөнхийдөө хатиг үүсэхдээ үсний уутанд үүсгэгч бактери болох алтлаг стапхлаги орж  бактери үржиж, бөглөрөн, үрэвсэл үүсгэж, идээлдэг. Тэрхүү буглаа том буюу арьсны цаана их хэмжээний хэсэгт үрэвссэн  байх юм бол мэс ажилбар хийнэ. Мэс ажилбараар буглаа үүсэх гол шалтгаан болсон үсний уутыг авдаг юм.
-Хүмүүс ямар шатанд нь эмнэлэгт ханддаг вэ?
-Иргэд дөнгөж үрэвсэл үүсч, бөглөрсөн үед гэрээрээ арга хэмжээ авахыг хичээж, өмхий тос түрхэж, лент наах нь элбэг. Харин хатиг олон удаа гарч, үрэвсэл томорсон үед буюу шууд мэс ажилбар хийх шаардлагатай болсон үед ирдэг. Мэс ажилбар хийхээс өмнө эмчилгээний журмаар эдгээж болдог гэдгийг мэддэггүй.
-Ер нь хатгийн эдгэрэх хугацаа хэр удаан байдаг бол? 
-Янз бүр бий. Зөв эмчилгээ авч эхэлсэн үед 3-5 хоногт эдгэх тохиолдол байна. Харин  буруу эмчилгээ хийж, удаан хугацаанд буглаа үүсгэсэн бол мэс ажилбар хийсэн ч удаан эдгэрэх тохиолдол байдаг. 
-Хатиг олон гарах шалтгаан юу вэ?
-Манайхны дунд хатиг долоо эсвэл ес гарч байж эдгэрдэг гэх буруу ойлголт байдаг. Хатиг хэзээ ч олон гарах ёсгүй гэдгийг олон нийтэд тодотгон хэлж, сануулъя. Тэгвэл яагаад олон гардаг вэ гэвэл, үсний уутанд алтлаг стапхлаги  буюу буглаа үүсгэгч бактерийг гэртээ гараараа шахчихдаг. Арьсны гүнд тогтсон үсний уутыг дээрээс нь шахахаар арьснаас товойн гарч ирсэн хэсгийн идээ, бээр шахагдан гарах ч, арьсны гүнд орших хэсэг буюу үсний уут задарч биед тардаг. Тиймээс хатгийг буруу шахсанаас болж буглаа үүсгэгч бактери тугалгын системээр дамжин биеэр тархаж олон удаа  гардаг юм. Мөн хатиг шахсан гараараа биеийн бусад эрүүл хэсэгт хүрсэн бол үрэвсэл үүснэ. Тиймээс л улаах, өвдөх, арьснаас товгор идээт зүйл байгаа мэт хатигийн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шууд хандах хэрэгтэй.
-Та эмчилгээ хийх шаардлагатай гэж хэллээ. Энэ нь антибиотик болон бусад эмэн бүтээгдэхүүнийг уух шаардлагатай гэсэн үг үү?
-Хамгийн эхлээд буглаа үүсгэгч бактериас бактериологийн шинжилгээ авах хэрэгтэй байдаг. Шинжилгээний дүнгээр хатиг ямар үүсгэгчээр илэрсэн байна, түүнд ямар антибиотикт тэсвэртэй вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр эмчилгээ эхэлдэг. Хатиг гарсан үед дураараа антибиотик хэрэглэх нь үүсгэсэн бактерид дасал болчихдог.
-Хүнээс хүнд халдварлах боломжтой юу?
-Хатиг халдварлахгүй. Харин хатиг гарах шалтгаан болсон үүсгэгч буюу алтлаг стапхлоги агаар, эд хэрэгсэл, бие, хамрын хөндийд байдаг зүйл учир халдварладаг. Хүний дархлаа сулрах, ядрах, арьсанд шарх сорив үүсэх гэх мэт хамгаалах тогтолцоо алдагдсан  үед хатиг үүсгэгч бактери орж үрэвсэл үүсдэг.  Сүүлийн үед хүүхдүүд хатиг тусах нь их болсон. Энэ нь хүүхдүүд арьсаараа бие биедээ хүрэлцэх үед үүсгэгч халдаж байгаа юм. Жишээ нь, хүүхэд хэд хоног усанд ороогүй бол биед хатиг үүсгэгч бактери тогтсон байдаг. Гэтэл бохир биетэй байгаа хүүхдэд өөр хүүхэд хүрвэл хатиг үүсгэгч эрүүл хүүхдийн биед тогтон хатиг гарах шалтгаан үүсдэг юм.
-Урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Гараа тогтмол угаах, усанд орох, антибиотикийн зохисгүй хэрэглээг халж, дархлаагаа сайжруулах, бүтэн нойртой хонох хэрэгтэй. Агаар, хөрсний бохирдол ихтэй манай оронд ариун цэврээ сайн сахихгүй бол хатиг олон гарна. 
-Сүүлийн үед хатигтай төстэй өөр төрлийн өвчин гарах болж. Тэрхүү өвчний тухай тайлбарлаач?
-Тэр өвчний нэрийг MRSA буюу Methrecilla vesrstaut гэдэг. MRSA бол хатиг.  Энэхүү хатигийн үүсгэгч олон төрлийн антибиотикт тэсвэртэй. Яагаад MRSA дэлгэрэх болсон бэ гэвэл антибоитикийн зохисгүй хэрэглээ нэмэгдсэнтэй  холбоотой. Манай иргэд ханиад хүрэх, гэдэс өвдөхөд заавал антибиотик ууж, эмчлэх шаардлагагүй байхад хэрэглэж байгаа нь хүний бие антибиотикт тэсвэртэй болчихдог юм.  
-Тэрхүү өвчнийг энгийн хатигаас ялгаж харах шинж тэмдэг байгаа болов уу?
-Ер нь бол хатигтай яг адилхан. Тиймээс шинжилгээ өгч тодруулах шаардлагатай.
-Танай эмнэлэгт мэс заслын аргаар хатигаа эмчлүүлж буй хүмүүс хэр их байна вэ?
-Амбулаториор үйлчлүүлж байгаа 60-70 хүний 40 гаруй нь арьсны идээт өвчтэй гэсэн шалтгаанаар ирж байна. Түүнээс 15-20 хүн хатгаа мэс ажилбараар авахуулах  гэж ирдэг.
-Ямар улиралд хатиг их гардаг вэ?
-Дулааны улиралд халууцаж, хөлөрч, тоос шороо хүний биед маш их тогтдог юм. Тэрхүү арьсан дээр суусан бохирыг цэвэрлэхгүй явснаар хатиг гардаг.  
-Хатгаас болж амь эрсдэх эсвэл хөл, гараа тайруулах гэх мэт хүнд нөхцөл байдал үүсэх боломжтой юу? 
-Ер нь бол арьсны идээт үрэвслийг зөв эмчлэхгүй бол цусанд идээ орж, үржиж, булчингийн хальс, булчин үрэвсэж, хөл, гарт том хэмжээний буглаа үүсэх, тугалгын систем рүү орсноор элэг, цөс, бөөрөнд хүрч буглаа үүсгэдэг. Тэгэхээр хатиг шахсанаас болж биед орсон үрэвсэл хаа сайгүй тардаг учир эд эрхтэнд нөлөөлж,  цаашлаад амь насанд аюултай хэмжээнд хүрэх магадлалтай учир эмнэлэгт шинж тэмдэг илрэх үед  үзүүлж хэвших шаардлагатай.  
Сэтгүүлч Ц.Дуламсүрэн
 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн