Open iToim app
Анализ | 3 мин уншина

‘ОНДО’-ийн ондоо нөхцөл байдал

‘ОНДО’-ийн ондоо нөхцөл байдал
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 6
Ондоо сүлжээ, ондоо дугаар, ондоо дата, ондоо хурд, ондоо асуудал. Энэ бол үүрэн телефоны тав дахь оператор гэгдэх “ОНДО”. 15 жилийн дараа шинээр мэндэлсэн ондооших ОНДО “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авснаас хойш жилийн хугацаа өнгөрчээ. Дуулиан болсон “Digital nation-2021”-оор авсан тусгай зөвшөөрлийн “маапаан” өдийг хүртэл намжсангүй. Тэд асуудлаа шийдэв үү, шийдүүлэв үү. Нөхцөл байдал хаа хүрэв.   
НЭГ. Асуудал гэвэл “ОНДО”-ийн тусгай зөвшөөрөл нь хууль дээгүүр “гишгэлсэн” гэх үндэслэлээр нэр бүхий үүрэн холбооны операторууд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-т хандсан явдал юм. Тодруулбал, тусгай зөвшөөрөл олгох журамд тусгаагүй үйлчилгээний төрлөөр сонгон шалгаруулалтыг алгасаж, арван жилийн хугацаатай зөвшөөрлийг олгосон нь гол асуудал аж. Угтаа ОНДО/Ай Эн Мобайл Нэтворк/ ХХК-тай Харилцаа холбооны зохицуулах хорооноос байгуулсан гэрээнд суурин телефон ярианы үйлчилгээ эрхэлнэ хэмээн заасан. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд баталсан журмын дагуу суурин холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тав, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг арван жилээр олгоно хэмээн заажээ. Энэхүү таван жилийг арав болгон давуу байдал олгосон нь бусад операторуудыг ШӨХТГ болон шүүхэд хандах үндэслэл болж, өдийг хүртэл шүүхийн процесс үргэлжилсээр буй. Бусад операторууд илтэд давуу байдал олголоо гэж гомдолсон хэрэг.
ХОЁР. Үүний дараагаар эхний ээлжийн буюу журам зөрчсөн асуудал арилаагүй байхад дараагийнх нь гараад ирэв. Тухайлбал, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь “ОНДО”-г 2300-2340МГц-ийн радио давтамж, 60хххххх,66хххххх гэх дугаарлалыг тус тус хууль бусаар авсантай холбоотой маргаан шүүхийн шатанд байгаа тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл борлуулалт хийх, ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж өгөөч гэх утга бүхий гомдлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригт ирүүлсэн байдаг. Гэсэн ч “ОНДО”-г ондоо нөхцөл л угтах аж. Тэд гомдол болон шүүхийг ажрахгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр өөрийн хэрэглэгчдийг бий болгож, дугаарын борлуулалтаа хийсэн.  
ГУРАВ. Ийн хэд хэдэн асуудлыг дагуулсан “ОНДО”-оос өнгөрөгч мягмар гаригт албан ёсны хариултуудыг Улаанбал ярилцлагын нэвтрүүлэгт үүсгэн байгуулагчдын нэг Ч.Анар оролцохдоо өгсөн юм. Эхнийх нь тусгай зөвшөөрлийн асуудал. Тэрээр, Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгодог гэх хуулийн заалт байхгүй. Хүмүүсийн ойлгож байгаагаар дөрвөн компани сонгон шалгаруулалтаар явсан учраас заавал сонгон шалгаруулалтаар явах ёстой гэж ойлгоод байгаа юм. Манайх бол үүрэн холбоо. Гэхдээ үүрэн, суурин гэж байхгүй. Телефон ярианы үйлчилгээ гэж байгаа. Үүрэн холбооны тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно гэх журам манайхыг тусгай зөвшөөрөл авах үед хүчингүй болж шинэчлэгдсэн. Энэ журмаар өөр компаниуд ч гэсэн авч болно. Том эрх ашиг хөндөгдөж байгаа учраас манай дээр онцгойлон эсрэг акцуудыг үйлдээд байгаа гэсэн үг. Үйлдэж байгаа компани нь ганц л компани/ЮНИТЕЛ/ байгаа л даа. Тэд сонгон шалгаруулалт хийгдээгүй байна гэх шалтгаанаар гомдол гаргаж байна. Журам шинэчлэгдсэн гэдгийг мэдэж байгаа ч гомдол гаргаж байгаа нь цаг хожих л зорилготой гэлээ. Харин шүүхийн үйл явцын хувьд “ОНДО” шат шатанд ялалт байгуулж байгааг хэлэв. ДӨРӨВ. Гэхдээ “ОНДО” тусгай зөвшөөрлөө авахад журам нь шинэчлэгдсэн явдал хардлага төрүүлж байгаа. Тухайлбал, ОНДО-д тусгай зөвшөөрөл олгохоос дөрвөн сарын өмнө хүчин төгөлдөр байсан хуучин тусгай зөвшөөрөл олгох журмыг хэн нэгний нөлөөгөөр шинэчилж, тэдэнд ондоо нөхцөл байдал, давуу эрх өгсөн үү гэдгээс үүдэлтэй байж болох.
Түүнчлэн, бусад үүрэн телефоны операторуудтай холболт хийгээгүй гэх асуудал бий. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал аж. Угтаа тусгай зөвшөөрөл авснаас хойш 45 хоногийн дотор холбох ёстой ч салбарын бизнес эрхлэгчид зах зээлээ хамгаалахын тулд сунжруулах тохиолдол байдаг. Ингэхдээ тодорхой шалтгаануудыг үүсгэх нь бий. Жишээлбэл, G-Mobile үндэсний операторыг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн холболт хийхгүйгээр жил явсан. Энэ өнцгөөс харвал, "ОНДО"-г гацаах өөр нэг шалтгаан нь зах зээлд монополь байдалтай ажилладаг үүрэн холбооны компаниуд хэрэглэгчээ хуваахгүй, ноёрхлоо хадгалах эрх ашигтай нь холбоотой харагдаж байгаа юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн