Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” системийг нэвтрүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд “E-Mongolia” нийт хэдэн хүнд хүрч, төрийн үйлчилгээг сайжруулж, цомхон болгоход ямар өөрчлөлтийг авчирсан бэ. Эдийн засгийн хувьд ямар үр өгөөжийг авчирсан талаар тоон мэдээллийг хуваалцахгүй юу?
-“E-Mongolia” систем өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд үйлчилгээнд нэвтрүүлсэн. Анх 25 төрийн байгууллагын 181 үйлчилгээтэй ашиглалтад орж байсан. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” төрийн 56 байгууллагын 569 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.9 сая гаруй хэрэглэгчид 5.3 сая удаа төрийн үйлчилгээг үзүүлсэн. Иргэндээ хуваагаад үзэхээр нэг иргэн дунджаар 2-3 удаа “E-Mongolia”-гаар үйлчилгээ авсан байна.
Эдийн засгийн хувьд “E-Mongolia” дахь төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн. Харин төрийн цахим үйлчилгээний үр дүнд иргэдийн цаг, мөнгийг хэмнэх, төрийн байгууллагын боловсон хүчний тоо, бичиг цаасны зардал зэргээс 52.8 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэх судалгаа хийгдсэн.
Хамгийн гол нь, нэг иргэн нэг төрийн үйлчилгээг авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл өнөөдөр онлайн үйлчилгээ авснаар тухайн хүн 5-10 минутын дотор ажлаа амжуулах боломж бүрдсэн. Үүний цаанаа төрийн олон шатлалт үйлчилгээ буюу тухайн иргэн бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалаа бүрдүүлээд өгөхөд төрийн нэг албан тушаалтан шалгаад, та нэмж ийм материал бүрдүүлэх шаардлагатай гээд олон дахин явуулдаг, чирэгдэл үүсгэдэг асуудал буурсан. Товчхондоо, иргэн нэгхэн цонхноос шаардлагатай бүх материалаа цуглуулаад, өөрт хэрэгтэй үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжийг “E-Mongolia” нээсэн.
-“E-Mongolia” улсын төсөвт орлого оруулаад зогсохгүй, хэмнэлт гаргаснаар эдийн засгийн тодорхой үр өгөөж авчирсан тоо харагдаж байна. Гэхдээ хэдэн төгрөгийн зардлаар уг үр дүнг бий болгосон бэ гэдэг асуулт зайлшгүй тавигдах ёстой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд “E-Mongolia”-г хөгжүүлэхэд нийт хэдэн төгрөгийн зардал гарсан бэ. Эндээс төрийн цахим үйлчилгээний систем хэр үр ашигтай ажиллаж байгааг дүгнэх боломжтой гэж бодож байна?
-Яг иргэдэд харагддаг “E-Mongolia”-гийн вебсайт болон гар утасны аппликейшны хөгжүүлэлт нэг тэрбум гаруй төгрөгийн зардлаар хийгдсэн. Үүнийг дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалттай харьцуулахад 500 метр авто зам барих хэмжээний мөнгө юм.
Харин нийт зардлын хувьд “E-Mongolia” систем нь “ХУР” систем болон иргэдийг таних “ДАН” систем зэрэг өмнө нь хийгдэж байсан бусад олон системүүд дээр суурилж хийгдсэн. Эдгээр өмнөх системүүдийг ч тухайн үед тийм ч өндөр зардлаар хийж байгаагүй. Заримыг нь “Open Source” програм хангамж ашиглаж хийсэн байх жишээтэй. Үндсэндээ нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн зардлаар “E-Mongolia” систем бий болсон.
Хөгжүүлэлтийн багийн хувьд хоёр хуваагддаг. Нэг талд, веб болон гар утасны аппликейшныг нээлттэй тендер шалгаруулсны үр дүнд хувийн хэвшлийн “Аствишн” ХХК гүйцэтгэж, хариуцаж байна. Харин нөгөө талд, Нийтийн мэдээллийн тухай хуулиар зохицуулагддаг нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу ХУР систем аль нэг төрийн байгууллагатай холбогдож, “E-Mongolia”-гийн хэрэглэгчдэд тухайн төрийн байгууллагын үйлчилгээг авах боломжийг олгодог арын системийн хөгжүүлэлтийг Үндэсний дата төвийн хөгжүүлэгчдийн баг хариуцдаг.
-Хур системээр дамжсан мэдээлэл хадгалагддаг уу?
-Үгүй. ХУР систем тухайн агшинд төрийн байгууллагуудын сервер хооронд дамждаг. Тиймээс хадгалах боломжгүй. Өгөгдлүүд тухайн төрийн байгууллага дээрээ хадгалагддаг. Харин аюулгүй байдлын үүднээс хуулбар нь Үндэсний дата төв дээр нөөц байдлаар хадгалагддаг.
-Сүүлд манай улсын 2.3 сая иргэний хувийн мэдээлэл алдагдсан мэдээлэл ил болсон. Магадгүй хакерууд уг мэдээллийг төрийн байгууллагуудын системээс хулгайлсан байж болзошгүй гэх таамаг бий. Энэ боломжтой юу?
-Одоогоор 2.3 сая иргэний мэдээлэл хаанаас алдагдсан нь тодорхойгүй байгаа. Аль нэг төрийн байгууллагаас алдагдсан байх үндэслэл багатай. Үндэсний дата төв тодорхой хэмжээний хамгаалалттай. Үндэсний дата төв маш олон тооны халдлагад өртдөг ч өөрийн системээр хамгаалж, тэр тайлангууд нь ч тогтмол гарч байдаг.
Аюулгүй байдал талаасаа 2.3 сая иргэний мэдээлэл хувийн хэвшлээс ч алдагдсан байх магадлалтай. Жишээ нь, сүүлийн үед койн болон онлайн зээлийн үйлчилгээ, аппликейшн олноор гарч байгаатай холбоотойгоор тухайн байгууллагууд маш олон иргэний цахим бүртгэлийг хийдэг. Улмаар хүн цахим үнэмлэх эсвэл жолоочийн үнэмлэхээ барьж зургаа авахуулж, зайнаас бүртгүүлэх байдлаар нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг Улсын бүртгэлийг ерөнхий газар дээр байдагтай ижил иргэдийн мэдээлэл тэнд давхар үүсэж байгаа юм.
Үүнд хувийн аж ахуй нэгжүүдээ буруутгахгүй. Гэхдээ олон тоогоор шинээр бий болж байгаа крипто биржүүдээс ч иргэний мэдээлэл алдагдсан байх магадлалтай юм.
-Гэхдээ энэ нь иргэний хувийн мэдээлэлтэй холбоотой аюулгүй байдлын асар том эрсдэл бидэнд байгааг харуулж байна. Тиймээс төрийн байгууллагаас иргэний мэдээлэл алдагдах эрсдэлийг хөндөхгүй байх аргагүй юм. “E-Mongolia” системийн хувьд иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах процесс хэрхэн явагддаг вэ?
-Иргэн “E-Mongolia”-д хандахад дөрвөн төрлөөр нэвтрэлт хийх боломжтой. Тухайлбал, нэг удаагийн код ашиглаад өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаар, тоон гарын үсэг, банкны эрх болон “Pin” кодоор нэвтрэх боломжтой. Хандалт хийх бүрдээ тухайн иргэн өөрийгөө системд таниулж байна гэсэн үг.
Магадгүй иргэний мэдээллийг харуулдаг болохоор “E-Mongolia” тухайн хүний мэдээллийг хадгалдаг гэж ойлгож байж болох юм. “E-Mongolia” иргэний мэдээллийг хадгалдаггүй. Нэвтрэлт хийхэд тухайн иргэнийг систем таниад, Улсын бүртгэлийн ерөнхий газраас таны мэдээлэлд хандаж, татахыг зөвшөөрөх үү гэдэг зөвшөөрөл хүсдэг. Хэрэв иргэн зөвшөөрсөн тохиолдолд иргэний мэдээллийг улсын бүртгэлийн сангаас аваад дэлгэцэд харуулдаг. Зөвхөн хүн төрийн үйлчилгээ авах тухайн үед л мэдээллийг дэлгэцэд харуулдаг. Иргэн өөрөө хажуудаа зогсож байгаа хүнд хувийн мэдээллээ харуулахгүй л бол систем нууцлалыг бүрэн хангадаг.

-“E-Mongolia” бол цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хийгдэх том ажлуудын ердөө нэг нь. Бид цаашид бодлогын түвшинд цахим шилжилттэй холбоотой асар олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Энэ сэдвийг хөндөхөөр Эстонийн жишээ хамгийн их яригддаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улс цахим засаглалын үзүүлэлтээрээ дэлхийн хаана явна вэ. Мөн цахим үндэстэн болох гэдэг ойлголтоос хүмүүс юуг хүлээх ёстой вэ гэдэгт дэлгэрэнгүй хариулж өгөхгүй юу?
-Монгол Улс 2020 оны байдлаар НҮБ-д бүртгэлтэй дэлхийн 193 орноос цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтээр 92-т жагсаж байна. Цахим засаглалын индексийг дотор нь дэд бүтэц, онлайн үйлчилгээ, хүний нөөцийн чадавхи гэх гурван шалгуур үзүүлэлтээр хэмждэг.
Цахим үндэстэн болох алсын харааны хувьд хамгийн түрүүнд “G2G” буюу төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, “G2B” буюу төр-бизнесийн харилцааг, “G2C” буюу төр-иргэний бүх харилцааг цахимжуулах зорилготой.
Цахим үндэстэн болох гэдэг нь маш өргөн цар хүрээтэй, том агуулга юм. Үүнд зургаан зорилт багтдаг. Нэгт, улс орныг хамарсан цахим дэд бүтэц хүртээмжийг жигд болгож, захын алслагдсан сум, багаас аялал жуулчлалын бүс хүртэл бүх газарт интернэт сүлжээг хүргэх. Хёорт, цахим засаглалтой холбоотой онлайн үйлчилгээг нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагааг цахимжуулах, бизнес процессыг автоматжуулах. Үүний хүрээнд цахим засаглалыг дэмжих суурь хуулиуд гээд дөрвөн тусдаа хууль яригдаж байна.
Гуравт, цахимжих тусам илүү хурцаар тавигдаж байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Энэ хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хууль УИХ-д өргөн баригдаж, хэлэлцэгдэж байгаа. Уг хуулийн хүрээнд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бүрдэнэ. Дөрөвт, дэд бүтэцтэй болж цахимжлаа ч төрийн үйлчилгээ болон бизнесийн үйлчилгээг ашиглах бүх насны иргэдийн цахим чадварыг сайжруулж, цахим шилжилтээр бий болсон нөөцийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх.
Тавт, иргэд тодорхой хэмжээний цахим боловсролтой болж, бүх цахим орчинд ажиллах боломжтой болсны дараа бусад салбарт инновацийг хийж эхэлдэг гэдэг утгаараа инновацийн эко системийг бүрдүүлэх. Зургаад, бусад хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад цахим технологийг ашиглаад тэдгээр салбаруудын бүтээмж, ур чадварыг нэмэгдүүлэх гэх үндсэн зорилт тодорхойлсон.
Эцэст нь, эдгээрийг бүгдийг нь хийж, хэрэгжүүлж чадсаны эцэст цахим үндэстэн болох зорилт биелнэ.
-Товчхондоо, Монгол Улсын хаана амьдарч байгаагаас үл хамааран дижитал хэрэглээ гэдэг зүйл бүх хүний өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэв маяг болох ёстой гэдэг санаа гэж ойлгож болох уу?
Тийм. Одоо бол төрийн 569 үйлчилгээгээр хязгаарлагдаж байгаа тоон дээр орон нутгийн үйлчилгээнүүд нэмэгдээд 5000-д хүрэх ёстой. Бид цахим шилжилтийг харьцангуй хурдтай хэрэгжүүлж яваа. Гэхдээ цаашид илүү их ажиллах шаардлага тулгарч байгаа.
-Хэд хэдэн аймагт “E-Mongolia” төвийг нээсэн. Үүний ач холбогдлын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид аймгуудын үйлчилгээг нэмж эхэлсэн. Ингэснээр аймгууд “E-Darkhan”, “E-Orkhon” гэдэг ч юм уу тус тусдаа систем хийгээд, хөрөнгө оруулалт хийж давхардаж явахын оронд нэгэнт үндэсний систем юм чинь “E-Mongolia”-д нэгтгээд тухайн аймгийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэж байгаа. Жишээ нь, нэг иргэн Орхон аймагт газар авахаар хөөцөлдөж байлаа гэхэд кадастрын зураг, холбогдох баримт бичиг, зөвшөөрөл зэрэг бүх шаардлагатай зүйлсээ “E-Mongolia”-гаас авах боломж бүрдэх юм. Одоогоор Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ болон Булган гэх таван аймаг “E-Mongolia”-д ороод байна.
-“E-Mongolia”-гаас иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнүүд юу байна вэ?
-“E-Mongolia 2.0”-д вакцины тун шалгах зэрэг ковидтой холбоотой үйлчилгээнүүд нэмэгдсэн. Цаг үетэй холбоотойгоор иргэд ковидын гэрчилгээ, лист буюу эмнэлгийн магадалгаа авах зэрэг үйлчилгээг хүмүүс хамгийн түгээмэл авч байна.
-Миний ойлгосноор “E-Mongolia 2.0” шинэчлэлээр хиймэл оюуны тусламжтай иргэнд хэрэгтэй үйлчилгээг урьтаж санал болгох хамгийн том шинэчлэл хийгдсэн гэж ойлгосон. “E-Mongolia 2.0”-д туссан хүмүүсийн мэдээгүй гол өөрчлөлтүүд юу вэ?
-“E-Mongolia”-г ашиглалтад оруулснаас яг нэг жилийн дараа “2.0” хувилбарыг нэвтрүүлсэн. Хамгийн гол давуу тал нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдээс ирсэн санал, сэтгэгдлээс харахад системд нэвтрэлт хийх байдал нэлээд төвөгтэй байна гэдэг асуудал хамгийн их ирсэн. Нэг талдаа анх хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс гурван төрлийн нэвтрэх сонголтыг бий болгосон. Гэвч нөгөө талдаа нэвтрэлт амархан байх тусмаа мэдээлэл алдагдах байдал хялбар болно. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ нэвтрэлтийг илүү хялбар болгох үүднээс хэрэглэгч өмнө нь нэвтэрсэн гар утаснаараа веб дээрх “QR” кодыг уншуулаад нэвтрэх боломжийг үүсгэсэн. Харин гар утаснаасаа дахин нэвтрэх бол дөрвөн оронтой "PIN" кодоо оруулахад хангалттай.
Иргэдэд хэрэгтэй байж болох төрийн үйлчилгээг санал болгох өөрчлөлтийн хувьд тухайн хүний амьдралын үйл явц дээр нь тулгуурлаад хэрэгтэй төрийн үйлчилгээг нь санал болгох мэдэгдэл/notification/ илгээдэг болсон. Жишээ нь шинэ хүүхэдтэй болсон эцэг, эхэд хүүхдийн төрсний гэрчилгээ авах үйлчилгээг санал болгоно гэсэн үг. Эсвэл автомашин худалдаж авлаа гэхэд улсын дугаар авах, даатгал хийлгэх зэрэг дараагийн үйлчилгээнүүдийг санал болгох үйлчилгээ нэмэгдсэн.
Өөр нэг чухал үйлчилгээ бол “Digital ID” буюу “E-Mongolia” системд нэвтрэхэд тухайн иргэний “Profile” харагддаг болсон. Улмаар “Profile” нь иргэний цахим үнэмлэх, жолоочийн үнэмлэх нь биет хувьтай ижил байдлаар хэрэглэгдэх, бүрэн орлох боломжтой байдлаар орсон. Өөрөөр хэлбэл замын цагдаа зогсооход “E-Mongolia”-гаас жолоочийн үнэмлэхээ шалгуулна гэсэн үг. Цаашид хүний өдөрт тутамд ашигладаг банкны карт болон бусад бичиг баримтуудыг нэмж байршуулах боломжийг бий болгоно. Мөн хэрэгцээт үйлдлүүд хэсэгт нийгмийн даатгал, үнэт цаас, зээлийн мэдээлэл, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүд, тээврийн хэрэгсэл гэх мэт олон цэсүүд “Profile” цэсэнд нэмэгдсэн байгаа. Ингэснээр иргэн өөрийн мэдээлээ олон газраас хайхын оронд нэг газраас шууд харах боломжтой болсон.
Дээр нь өмнө нь 569 төрийн үйлчилгээг нийгмийн даатгалын үйлчилгээ, барилга, газрын үйлчилгээ гэж бүлэглэдэг байсан. Тэгвэл “E-Mongolia 2.0”-д “Ажил бүтээхэд тань тусална” цэс нэмж хүмүүст түгээмэл тулгардаг асуудлуудыг “Бичиг баримтаа гээсэн”, “Жолооч танд”, “Гэр бүл зохион”, “Хүүхэдтэй боллоо”, “Хуулийн этгээд байгуулах”, “Орон сууцтай болох” зэргээр хайж олоход амархан байдлаар бүлэглэсэн. Улмаар шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх, хуулийн этгээд бүртгүүлэх цэсээр дамжиж Монгол Улсын анхны цахим хүүхдүүд болон хэдхэн хормын дотор хуулийн этгээдийн нэрээ хайж олоод, зайнаас бүртгүүлсэн цахим компаниудыг бүртгээд байна.