HBO кино сувгийн хит цуврал “Хаадын тоглоом”-ын хамгийн сонирхолтой, онцгой ангийг Скаймедиа корпораци симфони найрал хөгжмийн амьд тоглолт, монгол дуу орчуулгатайгаар УДБЭТ-ийн тайзнаас толилууллаа. МҮОНРТ-ийн уран бүтээлчид орчуулж дуу оруулсан киноны 6-р бүлгийн төгсгөлийн ангийн 17 хөгжмийг Улсын филармоний удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар, гоцлол хөгжимчин морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч С.Номин нар симфони найрал хөгжимчид, найрал дуучдын хамт амьдаар тоглон үзүүлсэн юм. Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр “Хаадын тоглоом” цувралыг “Скаймедиа корпорац кино сонирхогч, хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэнтэй холбогдуулан тус арга хэмжээг зохион байгуулсан байна.
Хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэгдлээс...
-Монгол Улсын Их Хурлын Гишүүн асан Г.Батхүү: Ойрын хугацаанд кино театрт зорин ирж кино үзээгүй юм байна. Дэлхийн хэмжээний хит цуврал ”Хаадын тоглоом”-ыг Дуурийн театрт, амьд хөгжимтэйгөөр нийтэд хүргэнэ гэдэг надад маш шинэ содон санагдлаа. Маш өвөрмөц сайхан санаачилга байна. Цаашид ингэж гаргаж байвал их сайхан юм. Би энэ цувралд их дуртай. Бараг анги алгасалгүй үзсэн. Дээр нь хөгжим нь амьд учраас зорин ирлээ.
-Продюссер Б.Наранзун:Эхлээгүй байхад дүгнэлт хийх нь буруу байх. Шинэлгийн хувьд шинэлэг. Дэлгэцийн бүтээлийг хөгжмийн найруулгатай нь хамт үзүүлнэ гэдэг гайхалтай. Арга хэмжээг зохион байгуулж байгаа баг хамт олон нь мэргэжлийн хүмүүс учир сайхан тоглолт болно гэсэн хүлээлттэйгээр ирлээ.
-“Guys”-ийн дуучин, жүжигчин Д.Лхагва: Сүүлийн үед HBO-д орохыг нь хүлээж байгаад үздэг болсон. Бусад сайтуудаас ч өөрийнхөө эрэл хайгуулаар олж үзсэн. Энэ киноны хөгжим нь их чухал, хүчтэй учраас амьдаар тоглогдоно гэхээр их гайхалтай байна. Мэдээж энэ бол шинэ содон зүйл. Өмнө нь киног нь дэлгэцээр үзүүлж, хөгжмийг нь симфони найрал хөгжимчид, найрал дуучдын хамт амьдаар тоглон үзүүлсэн ийм тоглолт үзэж байгаагүй. Урилга хүлээн авсандаа их баяртай байна.

Маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмон, “Скаймедиа корпорац үүсгэн байгуулагдсан цагаасаа HBO-тэй хамтран ажилласан. Энэ хүрээнд HBO-ийн бүх сувгийг хэрэглэгчдэдээ хүргэдэг. Бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж дэлхийн хэмжээний шилдэг цувралыг албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж байна. Өнөөдрийн арга хэмжээ олон нийтийн дунд эрэлттэй, уригдсан зочид сэтгэл хангалуун байгаа учир цаашид ийм төрлийн тоглолтыг зохион байгуулах боломжтой гэж харж байна. Дараа, дараагийн ийм арга хэмжээг олон удаа зохион байгуулж хэрэглэгчдэдээ бэлэг барих болно” хэмээлээ.